Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компанийн роботууд хоорондоо хүн ойлгохгүй хэлээр ярилцаж эхэлсэн тул зогсоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани өөрсдийн бүтээсэн хоёр роботоо ярилцуулах туршилт хийтэл тэд удалгүй хүний ойлгохгүй хэлээр харилцаж эхэлсэн тул туршилтыг зогсооход хүрсэн тохиолдол гарчээ.

Роботууд өөрсдөд нь сургасан Англи хэлийг ярилцах үедээ ашиглахад хялбар хэл болгон өөрчилж эхэлснээр эцэстээ хүнд огт ойлгогдохгүй хэлээр харилцаж эхэлсэн гэнэ. Уг нь Фэйсбүүк тэднийг өөртөө байгаа малгай, бөмбөг, ном зэргийг харилцан солилцохдоо өөр өөртөө ашигтай байх нөхцлөөр наймаалцах яриа өрнүүлэх туршилт хийж байсан ажээ.

Хэдийгээр хэл нь ойлгогдохгүй байсан ч эцсийн үр дүнд роботууд өөрт ашигтай хэлэлцээр хийж чадаж байсан гэнэ. Судлаачид энэ үзэгдлийг дүгнэхдээ роботуудын хэл цаанаа текст хэлбэрээр боловсрогдож байгаа бол хүмүүс зөвхөн дуу хоолойгоор харилцдагаас хөрвөх үед гажуудал үүссэн нь шинэ хэл үүсэх нөхцөл болсон гэжээ.

Гэсэн хэдий ч Фэйсбүүкийн зорилго нь амьд хүнтэй харилцах чадвартай робот бүтээх тул роботуудыг унтрааж, туршилтыг зогсоосон хэмээн тус компанийн судлаач Майк Люис ярьсан байна.

Гэхдээ роботуудын хэлэлцээр хийх арга барил хүмүүсийн тактиктай тун ойролцоо явагдаж байсныг Фэйсбүүк компанийн Хиймэл Оюуны судалгааны хэсгийн тайланд өгүүлжээ. Тухайлбал тэд тодорхой нэг зүйлийг маш их сонирхож байгаа дүр үзүүлэх, хэлэлцээрт буулт хийхдээ том алдагдал хүлээж буй мэт дүр эсгэх зэргийг өөрсдөө суралцаж байсан байна.

Судалгааны тайлан сарын өмнө бичигдсэн боловч энэ долоо хоногт бусад мэргэжилтнүүдэд ил болсон юм. Фэйсбүүкийн туршилт нь роботууд шинэ хэл зохиосон анхны тохиолдол биш.

Энэ оны эхээр Google компани Translate буюу орчуулгын үйлчилгээндээ хиймэл оюунт машиныг туршихад тэд өөрийн хэлийг бий болгож, хэл хооронд орчуулга хийхдээ өөрсдийн хэл рүүгээ хөрвүүлэн ажиллагааг хялбаршуулж байсан гэнэ.

Харин Фэйсбүүкээс ялгаатай нь Google компани туршилтын үр дүнг таатай хүлээн авч, роботын үүсгэсэн хэлийг цаашид ашиглахаар болжээ.

 

Эх сурвалж: Independent