Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайд туслах "Сэтгэлийн эгшиг" хандивын аян өрнөж байна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай ходоодны хорт хавдрын улмаас Бээжин хотод эмчлүүлж байгаа талаар мэдээлэл гарсан юм. Мөн түүний эмчилгээнд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хандив цуглуулах аян эхлүүлээд байгаа нь анхаарал татаж тус аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичиг Г.Алтанцэцэгээс тодруулж асуулаа.

Тэрбээр “Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай одоогоор Бээжин хотын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ходоодны хорт хавдар нь хүндэрч, үсэрхийлснээс болж долоодугаар сарын эхээр хоёр хагалгаанд орсон.

Анх эмчлүүлэхээр явахдаа 40 сая төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан. Хорт хавдар хүндэрсэн учраас цөсөө авхуулаад, ходоод, шулуун гэдсээ тайруулаад байна.

Б.Шарав гуай өөрөө ихэнх зардлаа гаргаж, Эм Си Эс компаниас бага зэрэг тусламж авсан юм билээ. 

Бээжин хотод эхнэр болон хүү нь сахиж байна. Хүнд хагалгаандаа ороод гарсан боловч арав гаруй сарын турш нөхөн сэргээлтийн эмчилгээ хийх ёстой гэж эмч нар хэлсэн.

 

Хагалгааны дараах эмчилгээ 100 гаруй сая төгрөг болох юм. Тиймээс бид туслахаар өчигдрөөс эхлэн "Сэтгэлийн эгшиг" хандивын аяныг өрнүүлж эхлээд байна.

Одоогоор Б.Шарав гуай ухаан орсон. Гэхдээ биеийн байдал нь тийм ч сайнгүй, гуурсаар хооллож байгаа” хэмээн тайлбарлалаа.

Монголын хөгжмийн урлагийн сор бүтээл болох “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон сайхан уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай туурвисан билээ.

Бид бүхэнд хоногшсон түүний зарим уран бүтээлээс хүргэж байна.