Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй багачууд "айлын" цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хоргодсоор л ...

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Өдрийн сурвалжилга-

Монголдоо ганц гэх тодотголтой “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор” хэмээх байгууллага өнөөдөр өөрийн гэсэн байргүй,  “Өнөр бүл” гэх асрамжийн 24 цагийн цэцэрлэгийн ард талын дөрөвхөн өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа талаар iKon.mn өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг гэдгээрээ манайдаа ганц цэцэрлэг юм.

Хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 хүүхэд энд хүмүүжиж, эмчлүүлдэг. Бага, дунд, ахлах насны тус бүр хоёр бүлэг буюу нийт зургаан ангитай.  

Байр, савны хүрэлцээгүйн улмаас багын хоёр, дундын хоёр, ахлахын хоёр бүлэг нэгдэн гурван ангид хүмүүжиж байна. 

Тус цогцолбор нь 1964 онд Эрүүл Мэндийн Яамны харьяа 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1996 онд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Нийслэлийн Боловсролын Газрын харьяанд шилжин тулгуур эрхтний согогтой хүүхдийн сувиллын ангитай Сувиллын Цэцэрлэг Яслийн 10-р цогцолбор нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

Гэтэл энэ цэцэрлэгийн байрыг одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сард акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон юм. Өөрөөр хэлбэл, шинэ цэцэрлэг барих хүртэл тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхдүүдийг өөр цэцэрлэг рүү нүүлгэсэн билээ. Цаг тутам асаргаа, сувилгаа, эмчилгээ шаардаж байдаг эдгээр хүүхдүүд өнөөдөр өөрийн гэсэн байргүй, айлын цэцэрлэгийн дөрвөн өрөөнд хүмүүжиж байна.

Төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулаач

Өнөөдөр энэхүү цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн эцэг, эхчүүд нурсан сувиллын 10-р цэцэрлэгийн гадаа хүүхдүүдийн хамт жагсаал зохион байгууллаа. Тэд сүүлийн таван жилд олон Засгийн Газрын нүүр үзсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд огт хайхрахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж буй юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл М.Бямбадорж "Бид 2013 оноос хойш зохих ёсны төрийн байгууллага, удирдлагуудад албан тоот бичиг хүргүүлсээр одоо бараг хавтаст материал болсон байгаа.

Энэ асуудлыг заавал дэлхий нийтэд мэдэгдэхээсээ өмнө улсынхаа нэр хүндийг хайрласны үндсэн дээрээс ХМХ-үүдээр эхний арга хэмжээг авч энэхүү цуглааныг зохион байгуулж байна. Хэрэв энэ арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол бид албан бичгүүдээ англи хэл дээр хувиргаад НҮБ болон Хүний эрхийн конвенцид хандаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж өгөхийг хүснэ" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл Б.Баясгалан "Манай хүүхэд энэ цэцэрлэгт 2 дахь жилдээ явж байна. Одоо 4 настай. Анх манай хүүхэд баруун тал нь саажилттай байсан, харин одоо 4 мөч нь дөрвүүлээ хөдөлдөг болсон. Үүнд цэцэрлэгийн хамт олон нөлөөлсөн, хүүхэдтэй маш сайн тулж харьцдаг.

Гэвч өнөөдөр улсдаа ганц байдаг энэхүү цэцэрлэгийн байрыг нурааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүжих боломжгүй болчихоод байгаа. Нэг ангид л гэхэд 20-35 хүүхэдтэй 6 мкв байранд байрлаж байна. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс төр засаг энэ асуудлыг анхааралдаа авч энэхүү нураасан байрыг яаралтай барихыг мөн бид хүүхдүүддээ цогц үйлчилгээг үзүүлэхийг хүсч байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл Б.Үржинханд "Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин маш ихээр зөрчигдөж байгаа. Тиймээс төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхааралдаа аваачээ гэж хэлмээр байна. Манай хүүхэд хөнгөн хэлбэрийн саажилттай, одоохондоо явж чаддаггүй. Гэвч энэ цэцэрлэгт орсоноор маш их сайжирч байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдэд маань цэцэрлэгийн байр бариад өгчихвөл л болох юм. Байрыг нь нурааснаас хойш Өнөр бүл асрамжийн төвийн хажууд жижигхээн өрөөнд маш олуулаа байдаг" хэмээн ярилаа.

Д.Энхмөнх: 2018 он хүртэл барилгын төсөл зогсоод байгаа

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд цэцэрлэгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй ганц байгууллагын барилгын асуудлыг шийдэж чадалгүй 4 жил өнгөрч байна. Энэ нь дараах шалтгаантай.

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборын таван давхар барилгыг барьж ашиглалтанд оруулахаар шийдвэрлэж 2013 онд зураг төслийн ажлыг гүйцэтгэх тендер зарлагдан “Гоби-Трэвел” ХХК  улсын төсвийн 97 сая төгрөгийн хөрөнгөөр  хийж гүйцэтгэн, барилга баригдах болон буулгах төсөв хөрөнгийн хэмжээ тодорхой болсон.

Явцын дунд цогцолборын  барилгын ажил Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах байсан төлөвлөгөө өөрчлөгдөж, шууд Концессын гэрээгээр баригдахаар шийдвэрлэгдэн уг асуудал Эдийн Засгийн хөгжлийн яамны мэдэлд шилжсэн байна. Концессын гэрээний шалгаруулалтаар “Ремикон” ХХК гэрээ хийж гүйцэтгэхээр сонгогдон ажиллаж байсан боловч барилгын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэх боломжгүй болсоноо албан ёсоор мэдэгдэж барилгын асуудал мөн тодорхой шийдвэрт хүрээгүй байна.

 

Харин өнөөгийн байдлаар барилгын асуудал ямар шатанд явж байгааг 10-р цэцэрлэгийн арга зүйч Д.Энхмөнхөөс тодрууллаа.

Тэрбээр "Одоогоор "Монкон Констракшн" ХХК манай байрыг барьж өгнө гэж өөрсдөө хөөцөлдөөд маш их явж байгаа. Гэтэл 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжих төслүүдийг УИХ тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар батлах болсонтой холдогдуулан 2018 оны Төсвийн тухай хууль батлагдах хүртэл "10-р цэцэрлэгийн төсөл"-ийн нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байхыг мэдэгдсэн. Ингэснээр 2018 он хүртэл манай цэцэрлэгийн барилгын төсөл зогсоод байгаа юм" гэлээ.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны 2 мянган хүүхэд байна

Үндэсний Статистикийн Хорооны тооцооллоор Улсын хэмжээнд нийтдээ 102,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны (2-5) 2 мянган хүүхэд байдаг байна. Тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 орчим хувь буюу 780 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Гэтэл энэ насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт явдаг гэж бүртгэгдсэнтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт бусад хүүхдээс 1.5 дахин бага байна.

Онцгой халамж, анхаарал шаарддаг эдгээр хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт ийм бага байгаа нь өөрсдийн гэсэн тусгай байргүй байгаатай ч холбоотой юм. Тиймээс энэхүү асуудлыг яаралтай шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарал хандуулахыг 10-р цэцэрлэгийн багш ажилчид, хүүхдүүдийн эцэг эхчүүд хүсэж буй юм.

 
 
Жагсаалын фото

Гэрэл зургийг mpa.mn

(Зураг дээр дарж томруулж үзнэ үү)

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг