Москва хотоос Бангкокийг чиглэн ниссэн Аэрофлот компанийн онгоц гэнэтийн хүчтэй агаарын урсгалд орж, доргисноос 27 зорчигч хүнд гэмтэж бэртсэн байна.
Даваа гарагийн шөнө онгоц Бангкокт буухаас 40 минутын өмнө энэ явдал болжээ. Зорчигчид онгоцны таазанд шидэгдсэн бөгөөд зарим зорчигчийн яс хугарсан байна.
Аэрофлотын мэдээлснээр тус компанийн Боинг 777 онгоц урьдчилж мэдэх боломжгүй агаарын хүчтэй урсгалд орсон тул зорчигчиддоо бүсээ зүүхийг анхааруулж амжаагүй гэнэ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 24 нь орос, 3 нь тайланд үндэстэн байжээ.
Тэдгээрээс 15 орос, 2 тайланд хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоцыг туршлагатай баг жолоодож байсныг Аэрофлот компани мэдээлжээ.
Зөвлөлтийн үед Аэрофлот компани ослоор дэлхийд тэргүүлдэг байсан ба зөвхөн 1973 онд 27 осол тохиолдож, 780 зорчигч амь үрэгдэж байсан гэдэг. Харин ЗХУ задарснаас хойш ослын хэмжээ буурсан ч 2008 онд ОХУ-ын Перм хотод газардах гэж байсан Аэрофлотын онгоц осолдож 88 зорчигч амиа алдаж байв.
Jet Airliner Crash Data Evaluation Center байгууллагын 2017 оны судалгаагаар Аэрофлот нь 60 авиакомпаниас 37-д жагсжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|