Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Басандорж: Ямар ч бохирдолтой усыг цэвэршүүлж ашиглавал Улаанбаатар усны гачигдалд орохгүй

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр дэлхий даяар усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий усны өдрийг энэ жил НҮБ-аас "Хаягдал ус" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Уг өдрийг манай улс "Хаягдал ус-нөөц баялаг" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

"Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ, БХБЯ, МБОИЗ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 20-нд "Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал" хэлэлцүүлэгийг зохион байгуулах юм байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж "Усны бохирдол бол агаар болон хөрсний бохирдол шиг өндөр байгаа. Усны бохирдол нь хүний эрүүл мэнд, улс орны эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавар авчирна. Тиймээс бид "Ус ба бохир ус" гэдэг сэдвийг тэмдэглэж байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр 2020 онд дэлхийн хүн ам 8 тэрбум болно, дэлхийн цэвэр усны нөөц дуусна гэсэн тооцоо судалгаа байдаг. Түүнчлэн, хотжилт, үйлдвэржилт маш хүчтэй явагдаж байна. Үүнээс болж усны нөөцийн хомсдол, гачигдал бий болох хандлага Ази, Африк тивд маш түгээмэл хандлагатай байгаа. 

Бидний тооцоогоор, манай хотоос өдөр болгон 150-180мянган м3 бохир ус гарч байгаа. Бид үүнийгээ эргүүлээд цэвэршүүлээд буцаагаад ашиглах боломжтой. Ашиглахдаа ундны ус хэлбэрээр биш, бусад зүлэг ногоо услах гэх мэтээр ашиглах боломжтой юм. Ингэвэл Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот усны гачигдалд орохгүй.

Өнөөдөр дэлхий дээр бохир ус цэвэрлэгээний техник, технологи маш өндөр хөгжсөн байгаа. Ямар ч бохирдолтой усыг бид ундны ус болгоод цэвэрлээд уух боломжтой" хэмээн хэллээ.

"Хаягдал ус" нь усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам

Энэ жилийн усны өдрийн гол онцлог нь хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлан таниулахад оршиж буй юм.

Дэлхий нийтийн чиг хандлага нь "Хаягдал ус"-ыг алдагдсан боломж гэж үзэн усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам гэж тодорхойлох болсон.

Бохир ус бол ашиглагдаагүй нөөц, ямар ч бохирдолтой усыг бүрэн цэвэршүүлж ундны усны төвшинд эргүүлэн ашиглаж болохыг дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас харж болно.

Дэлхий дээр 5,5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргаж байна. Бохир усыг механик биологийн, биотехнологийн, нанотехнологийн, мембран технологийн аргаар бохирдлоос салгаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй болтол цэвэрлэх өндөр нано технологиудыг дэлхий нийтээр нэвтрүүлж байгаа. Энэхүү шинэ технологийг Монгол орны нөхцөлд туршин нэвтрүүлж, нутагшуулах ажлыг 2012 оноос эхлэн тасралтгүй хийж байгаа билээ.

Тухайлбал, Хөвсгөл нуурын ус шиг цэвэр тунгалаг болгон цэвэршүүлэх "Хөвсгөл" нэртэй бохир ус цэвэршүүлэх технологийг манай нөхцөлд тохируулан нутагшуулж чадсан. Мөн 2016 онд Гацуурт тосгонд хоногт 25 шоометр бохир усыг бүрэн цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна.

Гуравдугаар сарын 22 буюу дэлхийн усны өдөр МҮХАҮТ-д "Хаягдал ус-нөөц баялаг" сэдэвт форум болон "Ус хөгжлийн түлхүүр" сэдэвт оюуны эрдэм шинжилгээний, онол практикийн XII бага хурал, сэтгүүлчдийн дунд "Хаягдал ус-Түүний үнэ цэнэ" сэдэвт шилдэг нийтлэл, сурвалжлага шалгаруулах уралдааныг зарлажээ. Мөн усыг хэмнэлттэй ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллуудын технологийн үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.