Олон улсын хэмжээнд аюулгүй байдлын яаралтай асуудал гарахад АНУ-ын ерөнхийлөгч хаалттай орчинд ажиллаж, ямар хариу өгөхөө шийддэг.
Өнгөрсөн Бямба гарагт хувийн Мар-а-Лаго клубд оройн зоог барьж байсан Дональд Трамп, Шинзо Абэ нарт Хойд Солонгос Японыг чиглүүлэн пуужин харвасан тухай шуурхай мэдээлэл ирсэн байна.
Гэтэл хоёр удирдагч олон тооны гадны хүмүүсээр хүрээлүүлсэн хоолны ширээний ард энэ чухал асуудалд ямар хариулт өгөхөө ярилцаж шийдсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг болжээ. Тус клубт элсэх элсэлтийн хураамж нь Трампыг ерөнхийлөгч болсны дараа даруй $200,000 болж өссөн гэдэг. Өөрөөр хэлбэл ийм мөнгө төлөх боломжтой хэн ч клубын гишүүн болдог.
Тэгвэл удирдагч нарыг тойроод олон тооны клубын гишүүд, рестораны ажилтнууд, зөөгч нар байсан байна. Тэд гар утасны камераараа энэ түүхэн агшныг буулгаж байсан юм.
Тухайлбал Бостон Капитал компанийн гүйцэтгэх захирал Ричард Де Агазио өөрөө авсан хэд хэдэн гэрэл зургийг Фэйсбүүк хуудсандаа оруулсан байснаа сүүлд устгасан байна.
Ухаалаг гар утсыг тагнуулын төхөөрөмж болгох боломжтой болсон энэ үед Трампыг хэтэрхий хөнгөн алхам хийлээ гэж ажиглагчид шүүмжилж байгаа юм. Хойд Солонгос л гэхэд 6,000 орчим сайтар бэлтгэгдсэн хакертай гэдэг.
Трампын туслахууд ерөнхийлөгч асан Жорж Бушийг Техас дахь эдлэндээ гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээж авч уулздаг байсныг жишээ болгон өөрсдийгөө өмөөрч байгаа. Гэвч энэ тохиолдолд Бушийн эдлэнд гадны хүн огт байдаггүй байсан юм.
Тэгвэл дээр дурдсан Де Агазио нь ерөнхийлөгчийн цөмийн зэвсгийн товчлууртай тусгай цүнхийг барьж явдаг цэргийн туслахтай нь хамт авхуулсан зургаа нийтэлсэн байсан нь бүр санаа зовоосон хэрэг болжээ.
Трамп, Абэ нар Хойд Солонгосын пуужингийн туршилтын эсрэг хамтарсан мэдэгдэл хийсний дараа тус клубт болж байсан хуримын арга хэмжээнд Трамп зочилсон байна. Хэвлэлд гарсан мэдээллээр Трамп хурим хийж байгаа хосуудад баяр хүргэжээ. Тэгээд зогсохгүй хурим болж байгааг мэдсэн Трамп Японы ерөнхий сайдад хандан “Нааш ир Шинзо! Хурим болж байна, ороод баяр хүргээд гаръя” гэж хэлснээ сайрхан ярьсан нь мөн хэн нэгний гар утсанд бичигдэж интернэт ертөнцөд таржээ.
Эх сурвалж: Quartz
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!