Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

180 жилийн дараа: Пушкиний сүүлчийн ирүүл тулаантай холбоотой 5 баримт

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Пушкиний Дантетай хийсэн ирүүл тулаан. А.А.Наумовын бүтээл

Одоогоос 180 жилийн өмнө буюу 1837 оны хоёрдугаар сарын 10-нд Оросын агуу яруу найрагч Александр Сергеевич Пушкин ирүүл тулаанд шархдсаны улмаас амь үрэгдсэн юм. Пушкин олон удаа нэр төрөө аврах ирүүл тулаанд орж байсан нь бүгд бүсгүй хүнтэй холбоотой байжээ.

Ингээд Оросын түүхийн нэгэн сонирхолтой үйл явдалтай холбоотой таван баримтыг танилцуулж байна.

 

Хоёр дахь оролдлого

Пушкин маш их түргэн зантай хүн байсан тул олон ч удаа ирүүл тулаанд орж байжээ. Харин тэр Оросын армид алба хааж байсан франц офицер Жорж Дантег хоёр дахь удаагаа тулаанд дуудсан нь түүнийг үхэлд хүргэсэн юм.

1836 оны арваннэгдүгээр сард Пушкинд нэгэн нэргүй захидал ирсэн нь түүний эхнэр Наталья Гончаровагийн үнэнч бус явдлын тухай байлаа. Тухайн үед Санкт Петрбург хотод эзэн хаан I Николайг ийм явууллага хийсэн гэх яриа гарч байсан ч улс орны тэргүүнийг тулаанд дуудах боломжгүй тул Пушкин хоёр дахь сэжигтэн болох Дантег сонгожээ.

 
Франц офицер Жорж Данте

Гэвч франц эр үүний дараахан Пушкиний эхнэрийн эгч Екатерина Гончаровад гэрлэх санал тавьснаар яруу найрагч ирүүл тулааны урилгаа цуцалсан байна.

Удалгүй цуу яриа дахин дэгдэж, энэ удаа Пушкин Данте болон түүнийг өргөж авсан эцэг Голландын элчин сайд Барон ван Хикерен нарыг уг цуурхалд буруутгаж байгаагаа зарлаад ирүүлд дахин дуудсан юм.

 

Хэт ойрхон зай

Тулаан Санкт Петрбургийн ойролцоох Черная Речка хэмээх газар тун хатуу нөхцөлтэй зохион байгуулагджээ. Европын ихэнх оронд ирүүлийг хийхдээ 25-30 алхмын зайнаас буудалцдаг байсан бол энэ удаа 10 алхамаар тохирсон байна. Данте түрүүлж буудахдаа Пушкиний гэдсэн тус газар шархдуулсан юм. Газарт унасан яруу найрагч амжиж хариу буудахдаа Дантегийн гарыг шархдуулсан байна. Үүнээс хоёр хоногийн дараа Пушкин нас баржээ.

 

Эзэн хааны авсан арга хэмжээ

Ирүүл хийхийг Их Петр хааны үеэс хориглосон байсан тул Орост нууцаар зохион байгуулдаг байв. Ирүүл тулаан хийсэн хүмүүсийг хатуу шийтгэдэг, заримдаа үхлийн шийтгэл оноох тохиолдол ч байлаа. Гэвч үхлүүт хэвтэж байхдаа Пушкин өөрийн гэрч болсон найз Константин Данзаст эзэн хааны өршөөлийг эмчээр нь дамжуулан авч чадсан юм.

Офицер Данзас дүүжлүүлэх ялын оронд хоёр сар шоронд хоригдоод суллагджээ.

Эзэн хаан яруу найрагчийн гэр бүлд өгөөмөр зан гаргасан юм. Тэрээр Пушкиний бүх өрийг дарж, гэр бүлд нь 10,000 рублийн хишиг хайрлан, эхнэр, охидод нь тэтгэмж тогтоож, яруу найрагчийн хөвгүүдийг ордны хиа болгосон байна.

Харин Дантегийн цолыг хураан Оросоос албадан гаргасан юм. Пушкиний эхнэрийн эгч түүнтэй цуг Оросоос явсан ба тэд дөрвөн хүүхэдтэй болсон гэдэг. Данте Оросоос явсан нь түүний Франц дахь улс төрийн амжилттай карьерийн эхлэл болсон тухай сүүлд дурссан байдаг юм.

 

Оросын “Трой хотын Элен”

Наталья Гончарова өөрийгөө Дантетай холбоотой гэх цуурхлыг зогсоохыг хүсээгүй нь яруу найрагчийн үхлийн гол шалтгаан болсон гэж зарим хүмүүс үздэг. Яруу найрагч Анна Ахматова түүнийг ирүүл тулаанд Пушкинийг турхирахад оролцсон хамсаатан гэж дүгнэдэг бол Марина Цветаева “Зүрхгүй, тархигүй, сэтгэлгүй, авьяасгүй хоосон гоо үзэсгэлэн. Хоосон гоо үзэсгэлэн яг илд шиг үхлийн цохилт өгсөн юм” гэж бичиж байжээ.

 
Наталья Гончарова

Дэлхийн II дайны дараа 1836 оны Дантегийн хоёр захидал Парист хэвлэгдэж байв. Тэр хатагтай Гончароваг “Санкт Петрбургийн хамгийн сайхан бүтээл” хэмээн шагшиж, түүнийг өөртөө таатай ханддагийг бичин, мөн нөхрийг нь галзуу мэт хартай гэж тодорхойлсон байжээ. Гэхдээ Гончароваг нөхрийгөө хуурахад бэлэн биш байгаа тухай мөн бичсэн байв.

Эдгээр захидлын тухай нэгдсэн дүгнэлт байдаггүй. Зарим судлаачид Данте Гончароваг биш, өөр эмэгтэйн тухай бичсэн гэдэг бол нөгөө хэсэг нь өргөсөн эцэг Барон ван Хикерентэй бэлгийн харилцаатай гэх яриаг дарахын тулд Данте өөрөө зохиож бичсэн гэдэг байна.

 

Ирүүл тулаанч Пушкин

Пушкин нийтдээ 20 гаруй удаа ирүүл тулаанд холбогдож байснаас долоог нь өөрөө санаачилж байжээ. Азаар эдгээрээс дөрөв нь л хэрэгжиж, бусдыг нь түүний найз нар болиулж чадсан байна. Пушкиний анхны ирүүл 17 настайд нь тохиолдож, тэр хамт бүжиглэж байсан охиныг нь булаасан нагац Павел Ганнибалыг тулаанд дуудаж байв. Гэвч эрчүүд хэл амаа ололцсон тул хэрэгжээгүй өнгөрсөн байна.

 
Тэнгистэй салах ёс гүйцэтгэж буй Пушкин. Иван Айвазовский, Илья Репин нарын бүтээл

Пушкин хэдийгээр мэргэн бууддагаараа алдартай нэгэн байсан ч ирүүл тулааны үеэр түрүүлж буудаж байгаагүй гэдэг. Цорын ганц удаа өрсөлдөгчийнхөө цусыг гаргасан нь түүний сүүлчийн ирүүлд буудалцсан Данте байсан гэдэг юм.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines