Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд давхардсан тоогоор 672.8 мянган ХҮН онгоцоор зорчжээ

Б.Ану
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын 2016 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг илэрхийлэх статистикийг танилцуулаад буй. Үүнээс бид бүх төрлийн тээврийн салбарын гүйцэтгэлийг танилцуулж байна. 


Бүх төрлийн тээвэр буюу онгоц, галт тэрэг, машинаар 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 40.3 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. 

Мөн давхардсан тоогоор 264.0 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 4.5 (12.6%) сая тонн, зорчигчид 4.0 (1.5%) сая хүнээр өсчээ.

1. Төмөр замаар зорчигчид буурчээ

Төмөр замын тээврээр 2016 онд 19927.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 2640.0 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 776.4 (4.1%) мянган тонноор өсч, харин зорчигчид 154.7 (5.5%) мянгаар буурчээ.

Төмөр замаар 2016 онд тээсэн нийт ачаанд дотоодын ачаа (42.4%) хувийг эзэлж байна.

Дотоодын ачаа тээврийн эзлэх хувь өмнөх оноос 5.8 пунктээр буурахад барилгын материалын тээвэрлэлт 806.5 (44.6%) мянган тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. 

Нийт тээсэн ачаанд экспортын ачаа 35.6 хувь, импортынх 10.1 хувь, дамжин өнгөрсөн ачааных 11.9 хувийг эзэлж, өмнөх оноос экспортын ачааных 6.1 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.9 пунктээр нэмэгдэж, харин импортынх 1.3 пунктээр буурсан байна.

Хэдийгээр импортын болоод дотоодын ачаа тээврийн эзлэх хувь буурсан ч бусад төрлийн тээвэрлэлт өссөн учир төмөр замын тээврийн салбарын орлого 2016 онд 441.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 53.9 (13.9%) тэрбум төгрөгөөр өсчээ.

2.  Агаарын тээврээр зорчигчид Есөн хувиар нэмэгджээ

Агаарын тээврээр 2016 онд 3082.6 тонн ачаа тээвэрлэсэн байна. 

Давхардсан тоогоор 672.8 мянган хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 243.2 (8.6%) тонн, зорчигчид 56.1 (9.1%) мянгаар өсчээ.

Агаарын тээврээр 2016 онд дотоодод зорчигчид 236.7 (35.2%) мянган хүн болж, өмнөх оноос 45.9 (24.0%) мянга, олон улсад зорчигчид 436.2 (64.8%) мянга болж, 10.3 (2.4%) мянгаар өсчээ.

Агаарын тээврийн салбарын орлого 2016 онд 279.4 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 25.0 (9.8%) тэрбум төгрөгөөр өсчээ.

3. Хамгийн их орлоготой нь АВТО ТЭЭВЭР

Авто тээврээр 2016 онд 20.4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. 

Давхардсан тоогоор 260.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 3.7 (22.3%) сая тонн, зорчигчид 4.2 (1.6%) сая хүнээр өсчээ. Авто тээврийн орлого 497.1 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 52.7 (11.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.


График 1, 2016 оны нийт ачаа, тээвэр, төрлөөр

Үүнээс үзвэл авто тээврийн төрөл тус бүрийн орлого нэмэгдсэн байна. Хамгийн их ачаа тээвэр болоод зорчигчид зорчсон тээвэр нь авто машин байгаа юм.