Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрлэхээсээ өмнө мэдэх ёстой ДОЛООН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүмүүс гэрлэх нь буурч байгаа ч гэрлэлт нь хүний амьдралд олон талаар сайн нөлөөтэй гэж үздэг.

Нью Йорк Таймс сонины саяхны нийтлэлд “ганц бие хүмүүсээс илүү гэрлэсэн хүмүүс аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг” гэж дүгнэжээ.

Судлаачдын гаргасан гэрлэлттэй холбоотой баримтуудыг хүргэж байна.

 

23 нас хүрч байж гэрлэвэл салах магадлал багасдаг

2014 онд Пеннсилваний Их сургуулиас гаргасан дүгнэлтээр 18 насандаа гэр бүл болсон Америкчуудын 60 хувь нь бүтэлгүйтсэн байна.

Харин 23 нас хүрсний дараа гэрлэгсэдийн салалтын хэмжээ 30 хувьтай байжээ. Үзэл бодол төлөвшөөгүй нас залуудаа гэр бүл болох нь ханиа зөв сонгож чадахгүйд хүргэдэг гэсэн дүгнэлтийг эндээс хийсэн байна.

 

Хайр дурлал нэг жил орчим үргэлжилдэг

Бал сарын үе шат буюу хосууд дурлалдаа умбах хугацаа тийм ч удаан үргэлжилдэггүй. Италийн Павиа Их сургуулийнхны 2005 онд гаргасан судалгаанд энэ хугацааг нэг жил орчим гэжээ.

 

Хосууд өөр өөр хүмүүс гэдгээ эцэст нь ойлгодог

Хамт амьдарч эхэлснээр өмнө нь өөрсдийгөө нэг хүн боллоо гэж бодож байсан хосууд үнэндээ тэс өөр хүмүүс болохоо ойлгодог. Өөр үзэл бодол, өөр мэдрэмж, өөр сонирхол, өөр хүмүүс.

Үүнийг мэдсэний дараа стресстэй нүүр тулдаг ба хэн хэн нь хувьсан өөрчлөгдөх, дасан зохицох хэрэгтэй болдог гэнэ.

 

Нэгнийхээ ололт амжилтад хамтдаа баярладаг хосуудын харилцаа бат бэх байдаг

Судалгаагаар нэг нэгнийхээ ололт, амжилтыг хамтдаа баярлан хүлээж авдаг байх нь тухайн хосуудын амьдрал бат бэх байх нэг үндэс болохыг баталжээ.

 

Хамгийн аз жаргалтай гэрлэлт сайн найзуудын дундаас бий болдог

Гэрлэхээсээ өмнө найз нөхөр байсан хүмүүсийн хамтын амьдрал хамгийн аз жаргалтай байдаг. 2014 онд хийгдсэн АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Товчооны судалгаанд, ерөнхийдөө гэрлэлт хүмүүсийн амьдралд аз жаргал авчирдаг ч өмнө нь дотно найз нөхөд байсан хосуудын амьдралд илүү сайнаар нөлөөлдөг гэжээ.

 

Насны хувьд ойролцоо хосуудын салах магадлал бага

Америкийн саяхан гэрлэсэн болон салаад удаагүй байгаа 3,000 хүний мэдээлэл дээр үндэслэн гаргасан дүгнэлтээр хосуудын насны зөрүү бага байх тусам салах магадлал буурч байжээ. Судалгааг хийсэн Меган Гарбер The Atlantic сонинд ярихдаа “нас чацуу хостой харьцуулбал нэг насны зөрүүтэй хосын салах магадлал 3 хувиар өсдөг, 5 насны зөрүүтэй бол 18 хувиар өсдөг. Харин 10 насны зөрүүтэй бол 39 хувь өсдөг нь харагдлаа” гэсэн байна.

 

Гэрийн ажлаа хуваалцаж хийдэггүй хосууд зөрчилд амархан хүрдэг

Судалгаанд хамрагдсан Америк гэр бүлүүдийн 60 гаруй хувь нь гэрийн ажлаа эн тэнцүү хуваалцах нь аз жаргалтай амьдралын нэг чухал үндэс гэжээ.

“It’s not You, It’s the Dishes” номын зохиолч Паула Шукман хосууд өөр өөрийн сайн хийдэг гэрийн ажлаа хувааж авах нь зөв болохыг зөвлөж байна.

Нэг ажлыг хамт хийхээсээ илүү илүү сайн хийдэг ажлуудаа зэрэг хийвэл цаганд хэмнэлттэй, гэр бүлд таатай мэдрэмж авчирдаг ажээ.

 

Эх сурвалж: Business Insider