Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн “Mein Kampf” зохиол 2016 онд Германы бэстселлэр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Адольф Гитлерийн “Mein Kampf” буюу “Миний тэмцэл” зохиолын дахин хэвлэлт 2016 онд Германд хамгийн их зарагдсан ном болсон тухай хэвлэлийн Der Tagesspiegel компани мэдээлжээ.

3,500 орчим нэмэлт тайлбартайгаар хэвлэгдсэн Гитлерийн зохиолын эхний хэсэг өнгөрсөн оны нэгдүгээр сард худалдаанд гарсан нь тэр дороо дууссан юм.

Эхний хэвлэлтээрээ 4,000 ширхэгийг худалдаанд гаргаж, энэ нь хангалттай гэж тооцоолж байсан бол 2016 онд дахин дахин хэвлэгдсээр нийтдээ 85,000 ширхэг зарагдсан гайхмаар амжилт үзүүлжээ.

Зах зээлийн эрэлт өндөр хэвээр байгаа тул энэ сарын сүүлээр зургаа дахь удаагаа хэвлэхээр болсон байна.

Хэвлэлийн компани нь ийм үр дүн гарна гэж огт таамаглаагүй гэнэ.

Германы хууль ёсоор зохиолч нь нас барснаас хойш 70 жилийн дараа “Mein Kampf”-ийн зохиогчийн эрх Бавар мужийн захиргаанд шилжжээ.

Зохиогчийнх нь эзэмших хугацаа дуусаагүй байхад дахин хэвлэх хориотой байдаг аж. Адольф Гитлерийн энэ зохиол Нацизмийн үзэл суртлын суурь болдог юм.

Тэгвэл өнгөрсөн жилээс дахин хэвлэгдсэн “Mein Kampf”-ийг Италичууд дунд сургуулийнхаа унших номын жагсаалтад оруулж, зарим сурагчид түүнийг унших дуртай 10 номынхоо нэгээр нэрлэснийг засгийн газрын судалгаа харуулсан байна.

Удахгүй мөн Франц хэл дээр нэмэлт тайлбартай хэвлэгдэхээр болжээ.

 

Эх сурвалж: Russia Today