Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч гурван хүн алснаа BBC-д ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ

Сүүлийн долоо хоногийн турш Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэгийн өөрийн гараар хүн алж байсан гэх мэдээлэл шуугиан тариад байгаа билээ.

Өнгөрсөн Даваа гарагт тэр бизнесмэнүүдтэй хийсэн уулзалтан дээр үг хэлэхдээ өөрийгөө хүний амь хөнөөж байснаа ярьж байв. Тэр Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр дууриал үзүүлэхийн тулд мотоцикль унаж гудамжаар эргүүл хийн, гэмт этгээдүүдийг хөөж буудан алж байснаа ярьсан юм. Тэрээр Давао хотын даргыг 20 жил гаруй хугацаанд хийхдээ гэмт хэрэгтэй хатуу тэмцэж байснаараа алдаршсан аж.

Тэгвэл Баасан гарагт буюу өчигдөр тэр BBC сувгийн сэтгүүлчид үүнийгээ баталж ярьжээ. Дутертэ “Би нийтдээ гурван хүн алсан. Миний буунаас хэдэн сум гарч тэдний биед нэвтэрснийг би мэдэхгүй. Ийм явдал болсон, би худлаа хэлж чадахгүй” гэсэн байна. Харин тэр гартаа гавтай, өвдөглөж суусан гэмт этгээдүүдийг буудаж байсан гэх яриаг няцаажээ. Түүний алсан этгээдүүд нь хүн барьцаалах, хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.

Үүнээс ердөө хэдхэн цагийн өмнө ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Дутертэгийн хүн алсан тухай баримтыг няцааж байсан юм.

“Энэ бол манай ерөнхийлөгчийн ярих хэв маяг. Давао хотын дарга байхаасаа л ингэж ярьдаг байсан хүн” гэж хэвлэлийн төлөөлөгч Мартин Анданар ярьж байв.

Тэрээр “бид түүний хэлсэн үг бүрийг шууд хүлээж авах хэрэггүй” гэж нэмж хэлжээ.

Гэвч үүний дараахан Дутертэ ийнхүү хүн алж байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тэр мөн BBC-д ярихдаа өөрийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн өдөр хүртэл хар тамхичидтай хийх дайнаа үргэлжүүлнэ гэжээ.

Дутертэ ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тавдугаар сараас хойш түүний Филиппинд эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнд нийт 6,000 гаруй хүн алагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: BBC