Өмнөд Солонгос нутаг дэвсгэртээ АНУ-ын пуужингаас хамгаалах систем THAAD-ийг байрлуулах болсон нь Хятад-Өмнөд Солонгосын харилцаанд хүндрэл учруулаад байгаа. Өмнөд Солонгос үүнийгээ Хойд Солонгосын цөмийн цохилтоос хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа бол Хятад улс өөрийнх нь аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаа. Энэ зөрчлөөс болоод Хятадад Өмнөд Солонгосын урлаг соёлын бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх болсон. Өмнөд Солонгосын К-поп, кино урлагт нь дуртай Хятадын зах зээлд хоосон орон зай гараад байгаа юм.
Тэгвэл энэ сарын 2-нд Хятадад нээлтээ хийсэн Японы “Your Name” анимэйшн кино төсөөлж байгаагүй амжилт гаргаж, долоо хоногийн турш борлуулалтаараа тэргүүлээд байна.
Эхний 10 хоногийн дүнгээр уг кино нь 494 сая юаний ($71.4 сая) борлуулалт хийсэн нь өнгөрсөн онд Япон киноны Хятад дахь борлуулалтын дээд амжилт тогтоосон “Stand by Me Doraemon” анимэйшний 530 сая юаний амжилтыг гүйцэхэд ойрхон болжээ.
2016 онд Хятадын зах зээлд Японы нийтдээ 10 кино гарч байгаагийн сүүлчийнх нь “Your Name” юм. Өмнөд Солонгостой соёлын харилцаа тасарснаас хойш Хятадын эрх баригчид Японы контентод урьд өмнө байгаагүйгээр нээлттэй болсон байна.
Хятад улс жилдээ 64 шинэ кино дэлгэцэнд гаргах норм тогтоодог. Үүний 34 нь гадаад кино байдаг бол 30 нь дотоодын кино бүтээл байдаг гэнэ. Гадаадын киноны ихэнх эрхийг Холливүүдийн бүтээлүүд авдаг. Тэгвэл энэ жил 10 кино гаргах эрх авсан нь Японы киночдын хувьд үсрэнгүй үзүүлэлт болж байна. Гэхдээ эдгээр 10-ын хоёр нь л анимэйшн төрлийн зөвшөөрөл байжээ.
Эх сурвалж: Nikkei
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!