Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Нэмээд хольчих уу?

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 9
Cardoctor
Зураг зураг

Хөдөлгүүрийн тос руу нэмэлт хольц хийх шаардлагатай юу? Урт удаан хугацаанд хийсэн туршилтын үр дүнд дараах нийтлэлийг бэлтгэлээ. Нийтлэлч Александр Шабанов, Михаил Колодочкин Германы Liqui Moly Ceratec-ийг “дээд зэргийн уян хатан микро керамик хамгаалалттай” гэдэг.

Металлын шууд нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй Бельгийн Bardahl Full Metal нь фуллерен C60 (нийт 60 нүүрстөрөгч, наносфер атомын холбоос) агуулдаг. Үрэлт багасгагч хольцын үүргийг Оросын Suprotec Active Plus биелүүлдэг. Украины XADO 1 Stage Atomic Metal Conditioner-ийг “хамгаалагч бүрхүүлтэй ангижруулагч” гэж нэрийддэг бол Америкийн SMT Oil Treatment-ийг металл ангижруулагч гэнэ.

Автохимийн хамгийн маргаантай бүлэг болох тосны нэмэлт хольц нь хүчин чадал ихэсгэж, үрэлт, шатахуун зарцуулалт болон хорт хийн ялгарлыг бууруулахаас гадна “өвчтэй” хөдөлгүүрийг эмчлэх увдистай юм. Онолын хувьд үнэн байж болох ч хэрэг дээр ямар байдгийг шалгаж, тосонд яаж нөлөөлөхийг сонирхоцгооё.

Анхаар! Мотор!

Туршилтад ижил гүйлттэй таван хөдөлгүүр сонгож хэмжилтийг зүй ёсны дагуу гүйцэтгэсэн. Дөрвөн бүтээгдэхүүнийг тосны цорго руу харин Suprotec-ийн зааврын дагуу хоёр удаа (гүйлт эхлэхээс өмнө, 1,000 км дараа) хийлээ.

120 цаг буюу 10,000 км дараагаар хөдөлгүүр задалж эд ангийн байдал, моторын тосыг тус тус шинжилсэн.

Туршилтаар хөдөлгүүр “эмчлэх” эсэхийг шалгахын тулд хурд хэмжигч дээр дахиад 60 цаг гүйлгэсэн. Хөдөлгүүрийг анхнаас нь зориуд “өвтгөхийн” тулд шинээр тавьсан жийрэг болон поршенгийн бүсийн гадаргууг зурж гэмтээснээр “өвчтөний” биеийн байдал дордож тослох нөхцөл буурснаас болж жийргийн битүүмж барилт муудаж шатах хөндийгөөс ажлын холимог алдаж эхэлсэн. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн энэ асуудлыг шийдэх эсэхийг давхар шалгалаа.

 

Хүчин чадал

Эвдрэл гэмтэлтэй хөдөлгүүрийг байдгаар нь ачаалуулах аюултай болохоор хүчин чадал ихэсгэх төлөвийг “эрүүл” хөдөлгүүр дээр сорьсон.

Эдгээр бүтээгдэхүүн хөдөлгүүрийн хүчин чадлыг өсгөх ч SMT 1,3% харин Suprotec 4,0% гээд бүгд өөр байлаа. Уулга алдмаар үр өгөөж өгөөгүй боловч зарим сайн нь хөдөлгүүрийн тюнингээс дутахааргүй байсан юм.

Гэхдээ зөвхөн хөдөлгүүрийн хүчин чадал гэхээсээ илүүтэй эргүүлэх хүчийг бага ба дундаж эргэлтийн үед тогтмол ихэсгэж байх нь автомашины динамик хурд авалтад нөлөөлдөг.

 

Механик алдагдал

Хүчин чадал ихэсгэхийн тулд юуны түрүүнд механик (үрэлтийн) алдагдлыг багасгах хэрэгтэй. Үүнийг гулсалт хэмжигчээр хэмжсэн. Хөдөлгүүрийг ажлын хэм хүртэл нь халаагаад түлш өгөхийг зогсоон хэрэгцээт эргэлтийг хурд хэмжигчийн цахилгаан хөдөлгүүрээр хангасан юм. Үүнд, цахилгаан хөдөлгүүрт хэрэгцээт хүчин чадал нь хөдөлгүүрийн механик алдагдалтай дүйцдэг.

Үр дүн өөр байлаа. Suprotec болон Bardahl үрэлтийн алдагдлыг их эргэлтээр 8-9 хувь, сул ажиллагаагаар 13-15 хувь бууруулж хамгийн сайн нь.

 

Шахалт

Хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэх хоёр дахь хүчин зүйл бол шахалтын зэргийг ихэсгэх явдал юм.

“Эрүүл” хөдөлгүүрийн шахалт ихсээд зогсохгүй цилиндрийн дагуу тэгширдэг. Дунджаар 0.2-0.3 бар дээш. Шатах хөндийн шохойжсон бохирдол их байх тусам энэ үзүүлэлт ихэсдэг тул эвдрэлгүй хөдөлгүүрт энэ үзүүлэлт ихээр илэрч болзошгүй.

Шатахуун зарцуулалт

Ихэнх бүтээгдэхүүн шатахуун зарцуулалтыг 20-30 хувь багасгана гэсэн боловч үнэн хэрэгтээ 7-8 хувь байсан юм. Гэхдээ энэ бас ч гэж бодит хэмнэлт шүү. Хэмнэлтийг ажиллах горимтой нягт холбоотой байдгийг ямагт санах хэрэгтэй.

Хөдөлгүүр сул ажиллаж, ачаалал бага байх үед хамгийн ихдээ 10 хувь хэмнэсэн. Энэ тоон үзүүлэлт нь ачааллыг бага зэрэг нэмж дундаж хурдтай явахад алга болно.

Тийм болохоор хотын түгжрэлд шатахуун зарцуулалт бага, харин хөдөө замд шатахуун хэмнэлт 2-3 хувь хэтрэхгүй.

Хорт хий

Хэмжилтийн доголдлоос болоод үр дүн нарийн байгаагүй ч тос зарцуулалт 15-45 хувь буурсан юм.

Элэгдэл

Бид туршилтын эцэст тосны элэгдлийн зэргийг тогтоохоос гадна поршенгийн бүс болон тулгуур холхивчийг харьцуулж үзсэн юм.
Бүтээгдэхүүн бүрийн үр дүн харилцан адилгүй байв. Хэрвээ Bardahl болон Liqui Moly нар тахир голын холхивчийг илүү хамгаалдаг бол Suprotec болон XADO нь поршенгийн бүс, цилиндр эвдрэхээс сэргийлдэг.

Иймд, хөдөлгүүрийн элэгдлийг 12-60 хувь бууруулснаар хүчин чадал нэмнэ гэсэн үг.

 

 

Лагшин тунгалаг уу?

Эдгээр бүтээгдэхүүн “өвчтэй” хөдөлгүүрийг хэр эмчлэх бол? Сануулахад, бид урьдаас тулгуур холхивч болон поршенгийн бүсийн ажлын гадаргуу дээр тодорхой хэмжээний нүх, ховил гаргаснаар маслоны даралт огцом унаж, хүчин чадал буурахаас гадна шатахуун зарцуулалт, хорт хийн ялгарал ихэссэн юм. Ингээд эдгээр бүтээгдэхүүн хэр ач тустай бол?

Юутай ч дахиад 60 цаг туршихад хөдөлгүүрийн ажиллагаа хавьгүй дээрдсэн. Мэдээж үр дүн өөр. Хэрвээ SMT-ийг ашиглахад шалихгүй өөрчлөлт гарч байсан бол Bardahl, Liqui Moly, Suprotec-ийн үр дүн хамаагүй дээр байж таарсан.

 

Тосны даралт ихэсч, механик алдагдал буурах ч “эрүүл” хөдөлгүүр шиг болсонгүй. Хөдөлгүүрийн эвдрэл харилцан өөр байсан болохоор (яг адилхан болгох боломжгүй) дундаж үзүүлэлтийг бөөрөнхийлсэн юм.

Эмчилгээний үр дүнд бүтээгдэхүүн тус бүрийн ажиллах зарчим болон ажиллах горим нөлөөлнө. Үрэлт багасгагч хольц нь сул ажиллагаа болон бага ачаалалтай үед илүү үр дүнтэй юм. Харин их эргэлт, хүч шаардсан үед Bardahl бусдаасаа дээр байсан.

Мөн цилиндр дахь шахалтын зэрэг ихэссэн. Үүнд, хэрвээ эвдрэлгүй хөдөлгүүрийн үзүүлэлт ердөө 0.2-0.3 бар дээшилдэг бол эдгээр бүтээгдэхүүн 1.0-1.5 бар өсгөсөн. Мэдээж энэ бүхэн шатахуун зарцуулалт, хорт хийн ялгаралд нөлөөлнө.

Микроскопоор

Эдгээр бүтээгдэхүүний учрыг улам нарийн ойлгохын тулд бид нэмэлт судалгаа хийлээ. Нэгт, туршилт эхлэхийн өмнө ба дараа тахир голын хүзүүг тогшиж гадаргуун хатуу бат бөх чанарын өөрчлөлтийг ажигласан юм. Бат бөх байх тусам элэгдэлд тэсвэртэй гэсэн үг.

Тахир голын хүзүүний бат бөхийг 4-6 хувь өсгөсөн цор ганц бүтээгдэхүүн бол Suprotec юм. Бусад нь өөрчлөлт үзүүлээгүй.

 

Мөн бид хэд хэдэн жийргээр үрэлтийн сорьц хийж жийргэвч-гол хоёрын үрэлтийн коэффициентыг багасгасан. Үрэлт бууруулагч хольц нь үрэлтийн коэффициент бараг хоёр дахин бууруулна. Suprotec үрэлтийн коэффициентыг хамгийн доод түвшинд хүргэсэн. XADO-ийн үрэлтийн коэффициент эхний туршилтаар хэвээр үлдсэн ч цаашид мэдэгдэхүйц унасан.

Bardahl, Liqui Moly-ийн үрэлтийн коэффициент эсрэгээрээ эхлээд унаж байснаа сүүлдээ буцаад өссөн.

Түүнээс гадна бид “өвчтэй” хөдөлгүүрийн жийргийн гадаргууг нарийвчлан судалсан юм.

 

Suprotec зэргийн триботехник найрлага нь ажлын гадаргууг тэгшилж бидний гэмтээсэн хэсгийг мөлийлгөсөн. Зарим нь ажлын явцад үүссэн жижиг хэмжээний гэмтэл бүр ор тас ч алга болгоно. Энэ талаараа Bardahl бусдыгаа манлайллаа.

Үрэлт багасгагч хольц ялгаагүй эмчлэх увдистай хэдий ч өнгөлөгчийн адил үр дүн арай бага байсан. Хэр удаж байж “эдгээхийг” хэлэх хэцүү.

 

ҮР ДҮН

Ингээд бүх бүтээгдэхүүн үрэлтийн гадаргууд ялгаагүй сайн нөлөөлж холхивч ажиллах хэсгийг улам сайжруулдаг нь үнэн зөв болж таарлаа. Гадаргуун гэмтэл нэг бол багасна, эсвэл бүр мөсөн алга болно.

Үрэлтийн хүчийг багасгах хамгаалагч бүрхүүл үүсдэг. Зарим үрэлт өөрчлөгч хольц нь гадаргуун хатуу бат бөх чанарыг ихэсгэнэ. Эцэст нь механик алдагдал багасч элэгдэл буурснаар шатахуун хэмнэж хөдөлгүүрийн ажиллагаа сайжирч бүрэн чадлаар ажиллана гэсэн үг.

Тэгвэл эдгээр нэмэлт хольц тосны найрлагад муугаар нөлөөлөхгүй юу? Санаа зоволтгүй, ямар ч муу нөлөө байхгүй. Туршилтын үр дүнд эдгээр бүтээгдэхүүн хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулдаг нь нотлогдлоо. Хөдөлгүүрийн нөхцөл байдлаас хамаараад аль бүтээгдэхүүн хэрэглэхийг шийднэ. Шинэ эсвэл хэт мараалийн элэгдэлд ороогүй хөдөлгүүрийн ажиллагаа, нөөцийг ихэсгэхийн тулд үрэлт багасгагч хольц хэрэглэнэ.

Тэгээд ч энэ бүлгийн нэмэлт хольцыг “хийлээ - мартлаа” зарчмаар ашигладаг тул хийсэн хойноо заавал шалгаад байх шаардлагагүй.

Харин “өвчинд баригдсан” хөдөлгүүрт Liqui Moly эсвэл Bardahl гэх хүчтэй эм тан хэрэгтэй. Мэдээж хэрэг хөдөлгүүрийг бүрэн эмчлэхгүй ч хөдөлгүүрийн эдэлгээг уртасгаж, тос зарцуулалтыг багасгана.

 

 

Зураг