ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монгол залуу дөрвөн Хятад иргэний амийг хороожээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Үнэнчийг баривчлаад байгаа зураг

Өнгөрсөн сарын 25-нд Өвөр Монголын Хорчин зүүн гарын дунд хошууны иргэн Үнэнч хэмээх монгол үндэстэн залууг цагдаа нар аллагын хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Тэрээр Зүүн Үзэмчин хошуунд нэгэн хятад фермерийн малыг хариулдаг байгаад эзэдтэйгээ маргалдсаны улмаас дөрвөн хүнийг алсны дараа төрөлх хошуу руугаа зугтсан байна. Хэргийг үйлдсэнээс хойш есөн цагийн дараа цагдаа нар Үнэнчийг баривчилжээ.

Тэрээр Вэй овогт хятад иргэний хонийг хариулдаг байсан гэнэ. Нью-Йоркод төвтэй Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв байгууллагын мэдээлснээр Үнэнчийг эзэд нь байнга хэл амаар болон биед нь халдан дарамталж, хонио таргалуулахгүй бол цалинг нь хасна гэж сүрдүүлдэг байжээ.

Эцэстээ зөрчил туйлдаа хүрснээр Үнэнч Вэй овогтын гэр бүлийн Вэй Жянчи, Вэй Жянчен, Вэй Жянгуо, Ан Шяопин гэсэн дөрвөн хүний амийг хороосон байна.

Энэ жил Зүүн Үзэмчин хошуунд хур багатай, их хуурай байсан тул хонь нь таргалаагүйгээс болоод Үнэнч болон Вэй овогтынхны хооронд байнга зөрчил гарч байсныг гэрчүүд мэдээлжээ.

Энэхүү аллагын дуулиан Өвөр Монгол даяар тарж, бэлчээрийг нь бохирдуулж, булаах, үндэс угсаагаар ялгаварлан ханддаг бодлогыг эсэргүүцсээр ирсэн 5.8 сая монгол үндэстнийг бухимдлыг дэврээгээд байна.

Гарсан аллагын хэрэг нь монгол үндэстнүүдийн нүүдлийн ахуй амьдралыг сүйтгэж байгаа засаг захиргааны бодлогын үр дүн гэж Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаа ярьжээ.

Хадаа “би жилийн өмнө энэ тухай бичиж байсан, монгол үндэстний уламжлалт ахуй амьдралыг сүйтгэхээ зогсоохгүй бол иймэрхүү явдал цаашдаа улам ихээр гарах болно” гэсэн байна.

Одоогоор сошиал сүлжээнд Өвөр Монголчууд Үнэнчийг дэмжсэн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь түүнийг Хорчин зүүн гарын дунд хошууны тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Гаадаа мээрэнтэй зүйрлэн ардын баатарт өргөмжилж байгаа гэнэ. Гаадаа мээрэн нь 1931 онд газар нутгаа Хятадын түрэмгийллээс хамгаалж яваад амиа алдсан түүхэн хүн юм.

 

Эх сурвалж: Radio Free Asia