Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг гарцаагүй огцруулах аудио бичлэгүүд олджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулиан хамгийн сүүлд түүний экс нарийн бичгийн дарга Жүн Хо Сунаас илэрсэн хоёр смарт утсанд агуулагдах 50 аудио бичлэг рүү чиглээд байна.

Ерөнхийлөгчийн нууц мэдээллийг түүний найз Чой Сүүн Силд дамжуулсан хэмээн буруутгагдаад байгаа Жүн саяхан баривчлагдсан юм.

Ерөнхийлөгч болон Жүн, Чой хатагтай болон Жүн нарын хоорондын ярианы бичлэг гэгдэх энэхүү баримттай танилцсан прокурорынхон хүртэл гайхаж балмагдсанаа илэрхийлсэн нь хэвлэлийн дуулиан болоод байна.

Нэгэн прокурор “бичлэгийн эхний 10 секундыг сонсоход л хүмүүс гудамжинд гарч лаа биш, бамбар асааж жагсахаар” байгааг дурджээ.

Прокурорууд үүнээс илүү мэдээлэл ил болгохоос татгалзсан нь шүүх хурлаас өмнө ийм ноцтой баримтыг дэлгэвэл гурав хүртэл жил хоригдох ялтай байдагтай холбоотой гэнэ.

Гэсэн хэдий ч саяхнаас хэвлэлүүдээр уг бичлэгийн текст хувилбар хэмээх файл тарсан нь сошиал сүлжээний хамгийн эрэлттэй мэдээлэл болоод байна. Хэн бичиж тараасан нь тодорхойгүй уг файлд ерөнхийлөгч Пак, түүний найз Чой, нарийн бичгийн дарга Жүн нарын харилцан яриаг үзүүлжээ.

Нэгэн бичвэрт Жүн ерөнхийлөгчид хандан “Чой хатагтай таниас энэ ажлыг хэзээ дуусахыг асуугаад, яагаад удаад байгааг сонирхож байна” гэж асууж байжээ. Тэр “Чой хатагтай аль болох хурдан дуусгахыг хүсэж байна” гэвэл Пак ерөнхийлөгч “Энэ долоо хоногт багтаж дуусгана гэж Чой хатагтайд хэл” гэсэн байна.

Өөр нэг бичлэгт Чой хатагтай Жүн нарийн бичгээс ууртайгаар ажил ямар шатанд явааг асуухад Жүн “Би асуудлыг ерөнхийлөгчид танилцуулсан” гэхэд Чой “Тэр яагаад үүнийг хийхгүй байна? Нөгөөдөр гэхэд бэлэн болго гэж түүнийг шах” хэмээн чангаар загнаж байгаа нь бичигджээ.

Чой хатагтайн дууны өнгөнөөс харвал тэр ерөнхийлөгч Пакыг нарийн бичгийн даргаар нь дамжуулж захирдаг болохыг мэдэж болохоор байгааг хэвлэлүүд бичсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times