Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Томск мужид минжний тоо толгой хэт нэмэгдсэн тул Монгол руу гаргах тухай ярьж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Томск мужид минжний тоо толгой хэт нэмэгдэж 6,000 гаруй болсон нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.

Минжнүүд моддыг унагаж, тариалангийн газрыг намагжуулах нь нэмэгдэж байгаа гэнэ. Томск мужийн Ан агнуур, Загасчлалын газрын дарга Виктор Сиротин “чоно ховордсоноос минжний тоо толгой эрс нэмэгдсэн” хэмээн тайлбарлажээ. Тэрээр хавар цагт анчид усны шувуу агнах үеэр минж агнах зөвшөөрөл өгөх талаар бодож байгаагаа ярьсан байна.

Харин эрдэмтэд үүний оронд минжнүүдийг Монгол, Казахстан зэрэг хуурай уур амьсгалтай оронд “экспортлож” чадвал байгаль орчинд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Минж нь хатан ширгэж байгаа жижиг голд далан байгуулж усны түвшинг нэмэгдүүлдэг юм.

Энэ талаар Бүх Оросын Ан агнуур, Үслэг амьтдыг Үржүүлэх Хүрээлэнгийн судлаач Александр Савельев “Далан усыг тогтооно. Минж усны гадагшаа урсгалыг ингэж саатуулдаг тул хөрсний усны түвшинг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Siberian Times