Хэрвээ бүсгүй та удахгүй ээж болох гэж байгаа бол дараах зүйлийг анхаараарай.
Жирэмсэн байх хугацаанд бүрэн боловсруулаагүй мах болон далайн бүтээгдэхүүн, түүхий өндөг, ариутгаагүй сүүнээс татгалзахыг зөвлөж байна. Харин эдгээрийн оронд уураг, эрүүл тос, ус, ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглээрэй.
Будагч бодисын нөлөөнд орох нь маш хор нөлөөтэй. Тиймээс хэрэв танайх өрөө тасалгаандаа бага ч болов засал чимэглэл хийх гэж байгаа бол будагны муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалаарай.
Сэргээх үйлчилгээтэй зүйлсийг тухайлбал, өдөрт нэг аяга кофе уугж хэвшсэн бол энэ нь жирэмсэн үед цусны даралтыг ихэсгэж, зүрхний хэмийг нэмэгдүүлдэг байна. Мөн хүүхдийн тань бодисын солилцоо дөнгөж хөгжиж эхэлж байгаа гэдгийг үргэлж сана. Харин кофений оронд шоколад байж болно шүү дээ.
Зарим эмийн бодис таны хэвлийд бойжиж буй хүүхдэд сөргөөр нөлөөлөх учраас ямар нэг эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөөг заавал авч, хэрэглээний зааварчилгааг сайн мөрдөж байгаарай.
Гэдэс томрохын хэрээр тэнцвэрийн төв өөрчлөгддөг. Мөн жирэмсний үед өсгийтэй гутал өмсөх нь эх, ураг хоёрт сөрөг нөлөө үзүүлдэг учраас өсгийтэй гутлаас аль болох татгалзаарай.
Жирэмсний үед зовуурьтай байхад халуун устай ванн, саунд орохыг маш ихээр хүсч магадгүй. Гэхдээ жирэмсний эхний гурван сард биеийн температур хэт халуун байх нь төрөхийн гажиг үүсгэж болзошгүй. Тиймээс 40°C-ээс хэтрэхгүй температуртай усанд орохыг зөвлөж байна.
Гэрийн тэжээвэр амьтантай харьцахдаа бээлий өмсөж, гараа тогтмол угааж байгаарай. Учир нь муур нохойн ялгадас нь өвчин үүсгэх токсоплазм гэх шимэгч агуулсан байдаг бөгөөд үүнээс болж үр зулбах ч аюул тохиолдох эрсдэлтэй байдаг аж.
Тамхи татах нь эх, ураг хоёрт туйлын сөрөг нөлөөтэй. Хоёрдогч тамхидалт буюу тамхи татаж байгаа хүний тамхины утаагаар амьсгалах нь аюул багатай гэж бодож байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм шүү. Жирэмсний үед хоёрдогч тамхидалт нь үр зулбах, цагаасаа өмнө төрөх, дутуу төрөх зэрэг олон сөрөг нөлөөтэй байдаг байна.
Дарс, шар айраг, согтууруулах ундааг жирэмсний үед бодох ч хэрэггүй. Согтууруулах бодис нь судсаар дамжин ихэст хүрч, хүйн судлаар урагт хүрэх бөгөөд хүүхдийн тархины болон бусад эрхтний хөгжилд маш муу нөлөө үзүүлдэг байна. Мөн, цагаасаа өмнө төрөх, тархины гэмтэл, төрөхийн хүндрэл, үр зулбах, амьгүй хүүхэд төрөх зэрэг эрсдлийг дагуулдаг ажээ.
Жирэмсэн байх хугацаандаа нэг байрлалаар хэт удаан сууж, хэвтсэнээс болоод хавагнах, хүүхдийн жин нэмэгдэх зэрэг асуудал үүсдэг. Тиймээс тодорхой хэмжээний хөдөлгөөнтэй байх нь чухал юм шүү.
Цахим ертөнц, ном, сонин сэтгүүл зэрэгт төрөл бүрийн сөрөг мэдээлэл бичигдсэн байж болно. Харин жирэмсэн ээж та бүгдэд нь итгэх албагүй. Сэрэмжлүүлэг, зөвлөгөө бол баталгаатай тийм зүйл тохиолдоно гэсэн үг биш шүү дээ. Үнэхээр сэжигтэй санагдвал эмчид хандаарай.
Эх сурвалж: HealthLine
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!