Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Брэнд логогүй цүнх шинэ чиг хандлага болж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Америкийн зах зээлийн судалгааны NPD Group байгууллагын гаргасан тайланд үйлдвэрлэгчийн брэнд логогүй гар цүнхний эрэлт анх удаа нэмэгдсэн үзүүлэлт ажиглагджээ.

2016 он зургаадугаар сар хүртэл сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын зах зээлд зарагдсан гар цүнхний гуравны нэг нь логогүй буюу лого нь ил харагдахгүй загвартай байсан байна.

Бүх насныхны хувьд энэ шинэ чиг хандлага нэмэгдэж эхэлснийг судалгаа харуулжээ.

Мэдээж үнэтэй, чамин цүнхний гол зах зээл болох 50-аас дээш насныхны дунд энэ хандлага хамгийн өндөр байсан бол хамгийн залуу буюу 17 хүртэл насныхны дунд 8 хувиар өссөн байна.

Харин 25-49 насны хэрэглэгчдийн дунд ил логогүй цүнхний эрэлт нэмэгдэж, 18-24 насныхны дунд өмнөх жилээс ялгаагүй, хадгалагдсан үр дүн гарсан гэнэ.

NPD Group-ын ахлах шинжээч Маршал Коэн “Хэрэглэгчид имижийг анхаарахаа больж, илүүтэй давтагдашгүй хэв маягийг хүсэх болсон байна, ялангуяа залуу үеийнхэн” гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл хүмүүс нэг брэнд, дизайнерын логон дор нэгдэх сонирхол буурч, зөвхөн хувийн онцлог хэв маяг, загварыг сонирхох болсон байна.

Ингэхдээ лого нь илт тод томруун харагдахгүй байх, харин зарим тоноглол, хийц хэлбэрээрээ ямар брэндийнх гэдэг нь танигдаж байх цүнхийг илүүд үздэг болжээ.

Үүнийг анзаарсан АНУ-ын цүнхний үйлдвэрлэгчид болох Michael Kors, Coach компаниуд тод логогүй, өөр онцлог ялгаатай загвар тоноглолтой цүнх үйлдвэрлэх болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian