Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгон өөрчилжээ.
Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа аж.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах, амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах, донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!