Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Төгрөгийн ханшийн сулралд УЛИРЛЫН ХЭЛБЭЛЗЭЛ, ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН зөрүү нөлөөлж байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн үед төгрөгийн ханш эрчимтэй суларч байгаатай холбогдуулан Монголбанкнаас шалтгааныг нь тодрууллаа. Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа бидэнд дараах тайлбарыг өгөв.


-Ам.долларын ханш 2,300 төгрөг давчихсан явж байна. Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөж 15 болгосон. Тухайн үедээ валютын ханшийн өсөлт саарсан боловч сүүлийн үед нэмэгдээд л байгаа нь ямар учиртай вэ?

-Тухайн үед өндөр өсөлттэй байсан төгрөгийн ханшийн сулрал бодлогын хүүг чангалахад даруй зогссон. Тэр үед гаргаж байсан шийдвэр үр дүнгээ сайн өгсөн гэж бид харж байгаа. Сүүлийн үед зах зээл дээр үүсээд буй төгрөгийн ханшийн сулралыг Монголбанк анхааралтай ажиглаж байна.

Үүний цаана хэд хэдэн суурь шалтгаан бий. Юун түрүүнд улирлын хэлбэлзэл нөлөөлнө. Өвөл эхэлж хүйтрэх нь шатахууны худалдан авалтууд, импортын бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлнэ. Жил бүрийн гуравдугаар улиралд валютын эрэлт хамгийн өндөр байдаг хандлага бий. Мөн сүүлийн үед зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн зөрүү ажиглагдаж байна. Хугацааны хувьд мөнгө орж ирэх болоогүй байтал импортын бүтээгдэхүүний эрэлт хэвээр үргэлжилж байдаг. Энэ хооронд валютын урсгал түр хугацаагаар саатаж, төгрөгийн ханшийн сулрал үүсэх хандлага байна.

-Монголбанк төгрөгийн сулралыг хэр удаан ажиглах вэ. Шийдвэртэй алхмаа хэзээ хийж эхлэх юм?

-Шийдвэр нь эцэслэн гараагүй байна. Дараагийн алхам юу байхыг ярилцаж байна. Удахгүй шийдвэр нь гарах байх.

-Ханшийн өсөлттэй холбоотой валютын хадгаламж өсөх, төгрөгийн хадгаламжийн нийт дүн буурах хандлага ажиглагдаж байна уу?

-Валютын хадгаламж төдийлөн өсөөгүй. Хүмүүс валютын хадгаламж руу тийм ч их мөнгөө оруулахгүй байгаа гэсэн дүн мэдээ байна.

-Арилжааны банкууд ам.долларын ханшид хэр их нөлөөлж байгаа вэ. Ашиг олохын тулд ханшид нөлөөлөөд байна гэсэн шүүмжлэл их байдаг?

-Арилжааны банкууд ашгийн төлөө байгууллага. Мөн ханшаа өөрөө тогтоох бүрэн эрхтэй. Монголбанкны зүгээс банкуудыг хуйвалдуулахгүй байлгах үүргээ хангаж ажиллаж байна.

Арилжааны банкууд хуйвалдахгүй байвал зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаар ханшаа тогтоогоод явна гэсэн үг.

-Арилжааны банкууд ханш өсөхөөр ам.доллар зарахаа байчихдаг. Энэ нь байх ёстой үзэгдэл үү?

-Арилжааны банкууд тийм шийдвэр гаргах эрхтэй. Тэд нэг талдаа иргэд, ААН-үүдэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Харин нөгөө талдаа арилжааны банкууд өөрсдийнхөө эрсдлийг харж, гадаад валютынхаа актив, пассиваа удирдана.

Тэгэхээр зах зээлд ханшийн хүлээлт ихэвчлэн нэг талдаа гарах тохиолдол элбэг байдаг тул банкинд ч тэр, иргэдэд ч тэр доллар авах хэрэгцээ байдаг. Нөгөө талдаа хүлээлтээс шалтгаалсан их хэмжээний эрэлт бий болоход нийлүүлэлт нь тэр хэрээр өсөөгүй л бол банкууд зарах валютын хэмжээгээ хязгаарлах тохиолдол гардаг.

-Нийт чанаргүй зээлийн хэмжээ хэр их өсөж байна.  Сүүлийн үеийг статистикаас харахад 1.3 их наядад хүрчээ. Энэ нь хэр их эрсдэлтэй тоо вэ?

-Банкны систем ерөнхийдөө хэвийн байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд олон зүйл нөлөөлж байна. Жишээ нь уул уурхайн салбар  уналтад орсноор тухайн салбарын компаниудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Мөн эдийн засгийн идэвхжил суларч байгаа учраас зээлээр санхүүжсэн компаниуд зээлээ төлөхөд хүндрэлтэй байна.

-Монголбанк бодлогын хүүгээ бууруулах уу. Цаашид ямар бодлого баримтлах бол?

-Бодлогын хүүний шийдвэр одоогоор тодорхой болоогүй. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд тогтсон хуваарийн дагуу шат дараатай хуралддаг. Тиймээс энэ талаар хэлэхэд эрт байна.