Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд тулгардаг нийтлэг асуултуудад хариулт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Мэдээллийг бэлтгэхдээ, 2016 онд Барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргасан “Барилгын салбарын түгээмэл асуулт, хариулт” номыг эх сурвалж болгон ашиглалаа.
- Орон сууц барьж байгаа барилгын компани нь явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайг хааж, барилгын ажлаа явуулж байна. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг вэ?
- Барилгын тухай хуулийн дагуу Нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглахад харьяа нутаг дэвсгэрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр сервитут /бусдын газрыг хязгаартайгаар ашиглах/ тогтоосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, харьяа ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр тодорхой хязгаартайгаар зөвшөөрсөн тохиолдолд болно гэсэн үг.
- Манайх шинэ байр худалдаж аваад саяхан нүүж орсон. Гэтэл орон сууцны дотор вакуум цонхны дотор тал цантаад байна. Хаана хандах ёстой вэ?
- Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж тусгасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна” гэж хуульчилсан.
Тиймээс та тухайн барилгын талаар гүйцэтгэгч байгууллага буюу барилгын компанид хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
- Сургууль, цэцэрлэг барих зорилгоор иргэдийн хувийн өмчийн гражийг хүчээр буулгах боллоо. Иргэдийн хувийн өмчид ингэж халдах нь зөв үү?
- Та ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр гарааш барьсан тохиолдолд эрх бүхий Засаг дарга захирамж гарган, төрийн өмчийн газрыг чөлөөлөх эрхийг Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д заасны дагуу эдэлдэг.
- Манай орон сууцны контор нь сар бүр айл өрхөөс усны үйлчилгээний суурь хураамж гэж 2500 төгрөгийг авдаг. Энэ усны үйлчилгээний суурь хураамжийг хаанаас тогтоодог юм бэ? Төлөх ёстой юу?
- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор орон сууцны айл өрхийн усны үйлчилгээний суурь хураамж Улаанбаатар хотод 2,500 төгрөг гэж тогтоосон байдаг. Энэ нь хууль бус үйлдэл биш учир та тухай бүрт нь төлөөд явах хэрэгтэй.
- Би өөрийн өмчлөлийн газар дээрээ барилга барих гэтэл хажуу айлуудаасаа зөвшөөрөл ав гэх юм. Хажуу айлуудтайгаа ярилцахаар мөнгө нэхээд байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
- Барилга байгууламжийг төлөвлөн барихдаа Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, холбогдох норм, дүрмийг баримтлах ёстой. Та өөрийн газар дээр барилга байгууламж барих тохиолдолд барилга хоорондын зай, барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай, нарны тусгалын, хангамжийн зөвшөөрөгдөх хэмжээний норм дүрмийг хангах шаардлагатай.
Барилга байгууламж төлөвлөж барихдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчилж, эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг харгалзан, тухайн иргэдийн саналыг авч, тэдгээрийг газар дээрээ барилга байгууламж барих бололцоог нь хангах нь зүйтэй.
- Ямар объектод тухайлсан барилгын тусгай зөвшөөрөл шаарддаг вэ?
- Энэ онд шинэчлэн баталсан Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхар барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгохоор хуульчилсан байдаг.
- Барилга барих инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл бүрдүүлэхэд холбогдох газрууд тодорхой хэмжээний ажил үйлчилгээний төлбөр нэхэмжилдэг. Энэ зардлыг хэн төлөх ёстой вэ?
- Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар барилга барих техникийн нөхцөлийг захиалагч байгууллага бүрдүүлэх ёстой бөгөөд нэхэмжилсэн зардлыг захиалагч байгууллага төлж, барилга байгууламжийн нэгдсэн төсвийн талбай бэлдэх зардалд баримтыг үндэслэн тусгана.
- Одоо байгаа 75 ортой цэцэрлэгийн нэг давхар барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагаар 2 давхар болгож, өөрчлөлтийн зураг төслийг боловсруулан батлуулсан. Иймд барилгын ажлын зөвшөөрөл авах шаардлагатай юу?
- Тухайн барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээ, хүчин чадалд өөрчлөлт нэгэнт орж байгаа тул ажлын зураг төслийг дахин боловсруулж, магадлалаар оруулан баталгаажуулж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг дахин шинээр авна.
- Үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд зориулж ус ашиглахад хаанаас ямар зөвшөөрөл авах вэ?
- Ус ашиглах хэмжээнээс хамаарч зөвшөөрөл олгоно. Тухайлбал, 100 шоо метрээс их ус ашиглах тохиолдолд Сав газрын захиргаа, хоногт 50-100 шоо метр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоо метрээс бага ус ашиглахад сум, дүүргийн засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. Хоногт 100 шоо метрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг БОНХАЖЯ, хоногт 50-100 шоо метр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг Сав газрын захиргаа, хоногт 500 шоо метр хүртэлх ус ашиглах дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны алба тус тус гаргана.
- Манай байгууллагын гүйцэтгэсэн сургуулийн барилгын ажлын санхүүжилтыг өгөхгүй байгаагаас олон сараар ажил зогсох тохиолдолд хамгаалалтын горимд шилжих үү?
- Барилгын тухай хуульд хамгаалалтын горимыг 7 сараас дээш хугацаагаар түр зогсоосон барилга байгууламжид тогтооно гэж заасан. Танай барилгын хувьд хуульд заасан хугацаагаар зогссон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулна.
Бэлтгэсэн: Хуулийн зөвлөх Г.Төмөрсүх
Барилга.МН сэтгүүлийн 10 сарын дугаарт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!