Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Та аялахаар төлөвлөж байна уу, хаашаа аялахаа шийдсэн үү?

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Та аялахаар төлөвлөж байна уу, Аялах гэж буй газар тань таны аялалын зорилгод нийцэж байгаа юу?

Аялахаар төлөвлөж байгаа ч хаашаа явахаа тогтоогүй, зардлаа тооцоогүй байгаа бол танд манайхны түгээмэл аяладаг улс, хотуудыг танилцуулж байна.

"Манайхны аяллын гол зорилго нь амрах, шинэ зүйл үзэх байдаг. Гэхдээ ямар ч аялалд хаашаа ч явсан дэлгүүр хэсэхгүйгээр ирдэггүй. Тиймээс аяллын хөтөлбөрт заавал дэлгүүр, худалдааны төвүүдээр явах цагийг багтаадаг" хэмээн "Нью жуулчин турс" компанийн Монгол жуулчны хэлтсийн дарга Б.Оюунсайхан хэлж байлаа.

Ингээд манайхны хамгийн их аяладаг бүс нутгийн аялал жуулчлалын хотуудын талаарх мэдээллийг хүргэе.

Итгэлт хамба, Байгал нуурын аялал
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: 160,000-250,000 төгрөг.

Аялалын хугацаа: Ихэнх тохиолдолд 2-5 хоног үргэлжилдэг. Хугацаа уртсах тусам зардал нэмэгдэнэ. Мөн аялалд явах иргэдийн тоо олон байхын хэрээр аялалын зардал багасдаг байна.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

1927 онд насан эцэслэсэн Итгэлт хамбын шарилыг 2002 онд гэрээслэлийнх нь дагуу анагаахын шинжээчид, эрдэмтдийг байлцуулан нээжээ. Хамбын бие ямарч өөрчлөлтгүй, анх оршуулсан байдлаар буюу очир завилж суусан хэвээр байсан олны анхаарлыг татсан тул Оросын Буддын шашинтнууд сүсэгтэн олонд мөргөх боломж олгох үүднээс Иволгины хийдэд байрлуулсан байна.

Уг ариун шүтээнд мөргөх гэсэн сүсэгтэн олны тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд сүсэгтэнүүд Итгэлт хамбад очиж мөргөөд эмгэг өвчнөөсөө салсан тухайгаа ярьдаг. Итгэлт хамбын биеийг сард нэг удаа гадаалуулах ёслол болдог. Энэ үеэр сүсэгтнүүдийн тоо эрс нэмэгддэг аж. 

Итгэлт хамбад мөргөсний дараа Улан-Үд хоттой танилцах аялал хийнэ. Тэндээсээ Байгал нуур руу явах бөгөөд нуурын эрэгт амралтын газарт амраад Улан-Үд хотод эргэн ирнэ. Ингээд дэлгүүр, худалдааны төвүүдээр яваад Улаанбаатар руу хөдөлнө.

Манжуурын аялал
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: Газраар явбал 290,000, Нисвэл 550,000 /доод үнэ/

Аялалын хугацаа: 2-оос дээш хоногоор аялахад тохиромжтой.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

Хүйтний улирал эхэлж буй энэ үед Манжуурыг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Учир нь Манжуураас загварлаг булган шубануудыг хямд үнээр авах боломжтой. Манжуур хот ерөнхийдөө Орос соёлтой, Оросууд их очдог учраас шуба нь загварлаг бөгөөд Бээжинд зарагддаг үнээс хямд байдаг байна.

Манжуурт аялаж байгаа танд зөвлөлтийн улаан армийн Эрэлхэг баатруудын цэцэрлэгт хүрээлэн, ИнБин буюу Зочин угтах төв талбайг сонирхуулна. Мөн Далай нуурын бүсэд байрлах Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Далай нуурын дэлгүүрээр зочилж болно.

Мэдээж хэрэг Гиннесийн номонд Дэлхийн хамгийн том талбай хэмээн бүртгэгдсэн Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг сонирхоно.

Манжуурт очсон манайхан дээрх газруудыг шуурхайхан үзээд дэлгүүр, худалдааны төвүүдээр явахыг илүүд үздэг аж.

Бээжингийн аялал 
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: Газраар явбал 700,000, Нисвэл 1,300,000 /доод үнэ/

Аялалын хугацаа: 4-өөс дээш хоногоор аялахад тохиромжтой.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

Зуны XXIX Опимпийн Наадмын Нээлт Хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан Шувууны үүр болон усан спортын төрлүүд зохион байгуулагдаж байсан Усан Шоо цэнгэлдэх, Дэлхийн долоон гайхамшигийн нэгт зүй ёсоор ордог Хятадын алдарт Цагаан Хэрэмээр аялаж Бээжингийн аялал эхэлнэ.

Мөн 100 гаруй жилийн түүхтэй, 490 гаруй зүйлийн 5,000 гаруй толгой ан амьтантай Хятаддаа төдийгүй Дэлхийд алдартай зоо парк, Бээжин хотын Далайн Паркаар зугаалах боломжтой.

Дэлгүүр хэсэхгүйгээр нутаг буцдаггүй манайхан жуулчид ихээр үйлчлүүлдэг ШиүШуй худалдааны төв, ВанФүЖин худалдааны гудамжаар заавал ороод гардаг байна. Сүүлийн үед  Бээжинг зорих манай аялагчид заавал аялалын компани гэлгүй өөрсдөө явчихдаг болоод байгаа аж.


Дээрх гурван аялал нь бага зардалтай, үзэх харах юм ихтэй бөгөөд манайхны аялалынхаа хажуугаар заавал амжуулахыг боддог дэлгүүр хэсэх, худалдан авалт хийх боломжийг хангасан байдаг. 

Харин та арай өндөр зардалтай аялалд явах боломжтой бол манайхан сүүлийн үед түгээмэл аялах болсон Хонг Конг, Тайланд, Япон, Герман, Франц улсууд руу аялж болох юм. Эдгээр аялалуудын өртөг, үзэх харах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе. 


Хонг Конг, Тайландын аялал
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: Доод тал нь 3 сая төгрөг 

Аялалын хугацаа: 7-оос дээш хоногоор аялахад тохиромжтой.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

Хонг Конг нь БНХАУлсын муж улсуудын нэг бөгөөд ойролцоогоор 7 сая гаруй хүн амтай, хүмүүс нь хятад хэлнээс гадна англи хэлээр маш сайн ярьдаг.  Аялал жуулчлалын газрууд нь Дисней Лэнд Далайн Парк, Викториа Харбоур боомт болон Викториа Пийк уул зэрэг болно. 

Дэлгүүр хэсэж, худалдан авалт хийх зорилгоор аялах гэж байгаа бол Хонг Конгийг зориход буруудахгүй. Голлох худалдааны гудамж нь МонгКок Сой гудамж/Mongkok soy street/, Сай юун чой гудалж/Sai Yeung Choi street/, Цим Ша Цуй кэнтон рөүд/Tsim sha tsui canton road/, Цим Ша Цуй пэкин рөүд/Tsim sha tsui peking road/ гэх мэт.

Тайланд нь халуун уур амьсгалтай, далайн эргийн орон. Ойролцоогор 63 сая хүн амтай, хүмүүс нь Тай болон Англи хэлээр ярьдаг. Тайландад аялах хугацаанд түүхийн дурсгалт газрууд хааны ордон, музейгээс эхлээд зааны тоглолт,  "Lady boy" шоу хүртэл олон арга хэмжээг үзэх боломжтой.

Манайхаас шууд нислэг байхгүй учраас аялалын зардал дээр тийзний мөнгийг оруулж тооцох нь элбэг байдаг. 

Голлох худалдааны гудамж нь МВКД Сиам Парагон /Siam Paragon/, Чатучак Маркет/Chatuchak Market/. Аялалын зардал, нислэгийн тийз нь өндөр үнэтэй ч бараа бүтээгдэхүүний үнэ хямд учраас худалдан авалт хийхэд тохиромжтой. Торго, арьсан, үнэт эдлэлийн төрөлжсөн томоохон дэлгүүрүүдтэй.

Токиогийн аялал
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: 2.9-3 сая төгрөг

Аялалын хугацаа: 4-5 хоногт аялаад ирэх боломжтой.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

Токиогийн аялал Асакуса дүүрэгт оршдог Японы хамгийн эртний Буддын Сэнсожи сүм, Шинтогийн шашны Асакуса сүм болон бэлэг дурсгал, худалдааны гудамжийг үзэж эхэлдэг. 

Мөн Токио хотын захиргааны байрны 45 дугаар давхарт гарч шөнийн Токио хотыг 200 метрийн өндрөөс харах боломжтой. 

Манайхны зорьж очдог газар нь цахилгаан барааны Акихабара төв бөгөөд энд цахилгаан барааны том жижиг 250 гаруй дэлгүүрт гадаадын худалдан авагчдад зориулсан төрөл бүрийн цахилгаан бараа худалдаалдаг байна. 

Берлин, Парисын аялал
 

Аялалын зардал дунджаар /Аялал зохион байгуулагч компаниар үйлчлүүлсэн тохиолдолд/: 4 сая+нислэгийн тийз

Аялалын хугацаа: 7 хоногийн хугацаатай аялахад тохиромжтой.

Аялалын хугацаанд юу юу үзэх вэ?

Берлин нь 3.4 сая хүн амтай, Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг.

Берлин жуулчдынхаа тоогоор Европын холбоонд гуравт жагсдаг. Дэлхийд алдартай олон их сургууль, судалгааны институт спортын үйл явдал, найрал хөгжим, музейнүүдтэй. 

Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр Иль-де-Франс бүсийн төвд оршино. Хоёр мянган жилийн турш маш чухал суурин газар байсан энэ хот өдгөө дэлхийн бизнес, соёл урлагийн томоохон төвүүдийн нэг болжээ. 

Парис дэлхийн хамгийн олон жуулчдыг татдаг газар бөгөөд жилд 30 гаруй сая жуулчин ирдэг байна. Хот дотор нь олон алдартай газруудтайгаас гадна дэлхийд алдартай институцууд паркууд байдаг. 

Парис хот нь төвдөө худалдаа хийхэд таатай Шателет, Галерей Лафаяат Монтпарнасс зэрэг томоохон худалдааны төвүүд олонтой. Манайхны хувьд томоохон дэлгүүрүүдийн улирлын болон баярын өмнөх хямдралын үеэр Берлин, Парисыг зорих нь нэмэгддэг байна.