Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатархүү: Хотын дарга 100 хоногт ЗОГСООХ, НЭР ХАЯГ ӨӨРЧЛӨХ үйл ажиллагаа л явууллаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 100 хоног болж буйг тохиолдуулан НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

НИТХ-ын гишүүн Ц. Баатархүү "100 хоног гэдэг бол тухайн хүний ажлын гарааг дүгнэх хугацаа гэж үзэж байна. Энэхүү хугацаанд хийсэн ажилдаа Засаг дарга өөрөө болон НИТХ-д суудалтай намын бүлэг түүний ажилд үнэлэлт дүгнэлт өгч, иргэд тунгаан шүүдэг уламжлал тогтсон билээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг Засаг даргын 100 хоногт хийсэн үйл ажиллагаанд дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

Нийслэлд 330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна

Засаг дарга энэ 100 хоногт нийслэлийн иргэдийг ажил орлоготой болгож амьжиргааг нь дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэл, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулсангүй, шинийг санаачлалгүй хойрго ажиллаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад том өрөөнд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулснаас эхлэн, харьяа Агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч, 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийн судлах даалгавар өгсөн. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна. Цаашид маш олон албан хаагчдыг хална гэсэн баттай мэдээлэл байна. Иймд энэ үйл ажиллагаа зогсоохыг Засаг даргаас манай бүлэг шаардаж байна. 

Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэлээ.

Яагаад Засаг дарга С.Батболдын үйл ажиллагааг яагаад хойрго гэж дүгнэж байна гэхээр Өмнөх Нийслэлийн Засаг дарга томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдаг. 

Э.Бат-Үүл 100 хоногт 219 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 119 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж л гаргажээ.
 

 

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч сонсдог 1200, 1234 утаснуудыг хаалаа

Нийслэлийн өмнөх Засаг дарга ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд нийслэлийг нээлттэй, иргэдээ сонсдог болгосон. Тэд “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг байгуулж, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдпыг 1200, 1234 тусгай дугаарын утсаар авч, шуурхай шийдвэрлэж, нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод үйл ажиллагааны зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд тогтмол байршуулж, нийтэд мэдээлдэг байсан. 

Нийслэлийн шинэ удирдлагууд хотыг хаалттай байсан үерүү нь шилжүүлж байна.

Харин нийслэлийн шинэ удирдлагууд хотыг хаалттай байсан үерүү нь шилжүүлж байна. Хот өмнө нь иргэдээ сонсдог байсан бол хотын шинэ Засаг дарга иргэддээ сурталчилгаа хийдэг “Нийслэлийн мэдээллийн төв”-ийг байгуулж, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч сонсдог 1200, 1234 утаснуудыг хаасан.

Нийслэлийн ЗДТГ төсөв, хөрөнгө зарцуулалтын талаарх мэдээллээ Шилэн дансанд оруулах нь багасч, оруулсан зарим шийдвэрүүдээ буцаан авч, хөрөнгө, санхүү болон хууль бус томилгоонуудынхаа захирамжуудыг www.ulaanbaatar.mn сайтад байршуулахгүй байна. 

Тухайлбал: Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 137 ширхэг "Б" захирамж буюу ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж гаргаснаас 42-г нь www.ulaanbaatar.mn сайтад байршуулсан үүнээсээ 2016.10.11-ний өдөр 27-г нь буцаан авч одоогоор 15-хан захирамж сайтад үлдсэн байна. Одоогоор 122 захирамжаар хэдэн хүнийг ажлаас чөлөөлж, хэдэн хууль бус албан тушаалын томилгоо хийсэн нь нууц байна.

 

 

Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна

Эрх баригчид НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаараа “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨТҮГ, Эдийн засгийн хөгжлийн газар, Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь албадыг татан буулгаж, Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг эзэнгүй болголоо.

Түүнчлэн Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчилж байгаа нь АН-ын үед хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэсэн явдал юм. 

Нийслэлчүүдэд өнөөдөр нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна. Мөн нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор”, түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Ийнхүү төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачилгагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна" хэмээн ярилаа.