Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баттөгөл: Байт харвааг дунд сургуулийн хөтөлбөрт оруулвал дэлхийн аварга ч ойрхон байна даа

Өглөөний сонин
2016 оны 9 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

-Бяцхан үндэс байхад нь л бордож, чанаржуулж бэлтгэх шаардлагатай-

Байт харвааны спортыг бүх нийтээрээ хичээллэдэг болгохыг зорьж байгаагаараа анхдагч болж буй “Алтан сум” байт харвааны сургалтын клубын гүйцэтгэх захирал С.Баттөгөлийг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.

-“Галт сум” байт харвааны сургалтын төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаач? 

-Бид үйл ажиллагаагаа байт харвааг сонирхож байгаа хүн бүрийн сонирхлыг багшаар чиглүүлэн хөгжүүлэх замаар явуулдаг.

-Байт харвааны клуб олон бий. Танайх бусдаас ялгарах ямар онцлогтой вэ? 

-Байт харвааны бусад клубийн хувьд зөвхөн тамирчдаа л бэлтгэдэг. Харин манайхыг тамирчин, анхлан сонирхогч гээд бүгд зорин ирэх боломжтой. Нэг ёсондоо хэн бүхэнд манай үүд нээлттэй. Учир нь бидний зорилго байт харваа гэх спортыг монголчууддаа нээлттэй болгож, нийтэд хүргэхэд оршиж байгаа юм. 

-Танай сургалтын төв байт харвааг бүх нийтэд хүргэх гэдгээрээ анхдагч болж байгаа нь сайшаалтай. Энэ спортоор хичээллэхэд өртөг харьцангуй багатай гэж байсан л даа? 

-Мэдээж биеийн хөгжлийн спорт шиг хөрөнгө мөнгө шаардахгүй. Танд нум, сум байхад л хангалттай. Хаана ч, хэзээ ч байсан бэлтгэл сургуулилтаа хийгээд алжаалаа тайлах боломжтой. Илүү хөрөнгө, мөнгө огт шаардагдахгүй.

Гэхдээ манай сургалтын төв танаас нум, сум шаардахгүй. Бэлтгэл хийх техник, хэрэгсэл нь бүгд бий. Ажил, хичээлийнхээ хажуугаар хөрөнгө мөнгөө урсгахгүйгээр хичээллэх боломжтой цөөн тооны спортын нэг юм шүү дээ.

-Нас харгалзах уу? 

-Үгүй, бүх насныханд нээлттэй.

-Хүссэн цагтаа ирээд суралцах боломжтой юу? 

-Тэгэлгүй яах вэ. Ажлын ачаалалтай байдаг хүмүүс ажлаа тараад биеэ амраангаа сонирхолоо болгоод хөгжүүлж болно. Хүүхэд багачууд сонирхолоо хөгжүүлэнгээ мэргэжлийн тамирчин болох бүрэн боломжтой. 

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа гэж ярьж байсан. Одоогийн байдлаар хэдэн гишүүнтэй вэ? 

-Үндсэн 11 тамирчинтай. Манай дасгалжуулагчдын шавь нар нь юм л даа. Нэг үеийг бодвол байт харвааг хүмүүс мэддэг болсон. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээллүүлэх гэж их хандаж байгаа. Тиймээс гишүүнчлэлийн тоог нарийн гаргаагүй. 

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? 

-Одоогоор мэргэшсэн хоёр багштай. Спортын мастер Ө.Цэрэннадмид 20 гаруй жил байт харваагаар хичээллэснээс есөн жил дасгалжуулагч, багшаар ажиллаж байна. Харин спортын I зэрэгтэй Н.Долгор багшийн хувьд энэ спортоор есөн жил хичээллэсэн. 

-Багш нар албан ёсны дасгалжуулах эрхтэй юу? 

-Тийм ээ. Их сургуулиа төгсөөд дасгалжуулах эрх авсан багш нар байгаа. 

-“Монголчууд эрт дээр үеэс сур харваж ирсэн уламжлалтай. Монгол хүний генд харвах чадвар бий. Дэлхий дахинд энэ спортоор амжилт гаргах өндөр боломжтой” гэж судлаачид ярьдаг. Санал нийлж байна уу? 

-Үнэхээр санал нийлж байна. Манай багш нар дасгалжуулагч хийх хугацаандаа олон шавьтай болсон. Шавь нар нь улсын болоод олон улсад чамлахааргүй амжилтыг гаргасан. Өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргын VIII байрын шагналт Э.Бодь-Эрдэнэ гэх тэргүүнтэй олон амжилт гаргасан хүүхэд бий. Цаашлаад материаллаг баазаар хангачихвал илүү амжилт гаргах төлөвлөгөөтэй байна. 

-Байт харваагаар хичээллэсэн хүнд ямар давуу тал бий болох вэ? 

-Олон давуу тал бий. Хамгийн чухал нь хүүхдийн хөгжил, хүмүүжилд эерэг өөрчлөлт авч ирдэг. Хүүхэд нумаа татахдаа бие, сэтгэл санаагаа тайван байлгаж хүлээцтэй, тэвчээртэй болж төлөвшдөг. Мөн биеийн хөгжил тэгш явдаг. Бие дааж, анхаарал сайжирч, хүний үг сонсдог болно. Энэ мэтчилэн олон давуу талтай. 

-Байт харвааны холбооноос энэ спортыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулах хүсэлт гаргаж байсныг санаж байна. Энэ юу болсон бэ? 

-Хичээлийн хөтөлбөрт оруулах нь зөв юм байна гэж судлаад 2013 оноос хойш хөөцөлдөж байгаа. Гэвч хүлээж авсан зүйл байхгүй л байх шиг. 

-Солонгос улс сүүлийн найман жил дараалан байт харвааны аваргаа алдаагүй. Харин аварга нь жил болгон өөр тамирчин байдаг. Энэ нь магадгүй ЕБС-ийн хичээлийн хөтөлбөртөө байт харваа спортыг оруулж өгсөнтэй холбоотой юм болов уу? 

-Мэдээж шүү дээ. Ази тивийнхэн сайн харвадагт тооцогддог. Тэр дундаа монголчуудад харвах чадвар генд нь байдаг. Бид хэдхэн давтаад амархан сурдаг техникийг европчууд долоон сар давтаж байж сурдаг. Анхлан суралцахаар ирж байгаа хүмүүс, хүүхдүүд их эв дүйтэй, техникийг долоо хоногийн дотор л амархан сурчихдаг. 

-Яагаад заавал бага наснаас нь гэж? 

-Яах вэ хэдэн ч наснаасаа энэ спортоор хичээллэж болно л доо. Гэхдээ манай улсын тив дэлхийн тэмцээнд оролцдог шигшээ багийн тамирчид дандаа л 30 гаруй настай хүмүүс байдаг. Бага балчир наснаасаа хичээллэвэл дэлхийн олон аваргатай болно шүү дээ.

Бидэнд найман жил дараалан аваргаа алдаагүй Солонгос улсаас дутах зүйл байхгүй шүү дээ. Харин ч тэднээс илүү чадвар манайханд бий. Хэрвээ хичээлийн хөтөлбөрт байт харвааг оруулаад мянга мянган хүүхдийг багаас нь энэ спортоор хичээллүүлбэл дэлхийн аварга ч ойрхон байна даа. 

-Их сайхан сонсогдож байна шүү. Жаахан л дэмжээд өгчихвөл байт харвааны дэлхийн аварга тийм ч хол биш юм шиг ээ. Манай улсад байт харвааны спортын хөгжлийг та аль шатанд явж байгаа гэж бодож байна вэ? 

-Аливаа спортод хөгжлийн үе шат байдаг л даа. 1990 оны үеэр хэрэглэлтэй спорт /буудлага, байт харваа/-ын хөгжил уналтад орж эхэлсэн. Тэр үеийг бодвол одоо сэргэж байгаа. 

-Байт харвааны тамирчинд нум, сум чухал байх. Гаднын зарим улсад сумаа ихдээ л зургаан сар харваж хэрэглэдэг гэж уншиж байсан юм байна. Манай тамирчид хэдэн сар хэрэглэдэг бол? 

-Спортын мастер Ө.Цэрэннадмид багшийн шавь нар гадаад, дотоодод тэмцээн уралдаанд их оролцдог л доо. Гурваас дөрвөн жил хэрэглэдэг байх шүү. 

-Тийм удаан уу? 

-Тийм ээ. Тэмцээн уралдаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байж өөрсдөө зардлаа гаргадаг. Тиймээс сум нь хугарчихгүй л бол хэрэглээд л байдаг даа.

-Зарим спортыг төр, засгаас сайн дэмжиж өгөхгүй байгаа нь харагддаг. Энэ спортыг төрөөс хэр дэмждэг юм бэ? 

-Шигшээ багийнхныгаа дэмжинэ шүү. Бэлтгэл хийх нөхцөл бололцоог нь сайн хангаж өгдөг. Гэвч өсвөр үеийнхнийгээ огт дэмжихгүй байгаад л асуудал байгаа шүү дээ. Өсвөр үе, залуучуудаа хайхардаггүй.

Байт харваагаар ч зогсохгүй. Бусад спортод залуучууд, өсвөр үеийнхнийг төр засгаас дэмжиж олигтой том хөдөлж байгааг би лав хараагүй. Модоо услахгүй байж цэцэг хэзээ дэлгэрэх вэ гээд хараад сууж байгаатай л адил зүйл болоод байдаг юм. Бяцхан үндэс байхад нь л бордож чанаржуулж бэлтгэх шаардлагатай. 

-Чадвартай тамирчин болгохын тулд юугаар дэмжиж туслах шаардлагатай вэ? 

-Мэдээж хөрөнгө санхүү. Ядаж л тэмцээн уралдаанд явахад төлбөр мөнгөний асуудал чинь жирийн нэгэн дундаж орлоготой айлд хэрхэн хүнд тусах билээ. Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон Э.Бодь-Эрдэнэ хүүгийн аав нь аргаа барсандаа микро автобусаа зараад төлбөрийг нь олж байж явуулсан байх жишээтэй.

Зураг