“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол өнөөдөр болж байна.
Иргэн Т.Хүрэлбаатар "Миний дүү Т.Чимгээ С.Зоригийн гэх хэрэгт холбогдоод таван жил есөн сарын ял эдэлсэн. Энэ хүн одоо энд сууж байгаа ч ярьж хэлж байгаагаа мартдаг, будилдаг, яаруулбал сандардаг, унадаг, татдаг болсон учраас би дүүгийнхээ өмнөөс ярьж байна.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хоёр хүн С.Зоригийн хэрэгт яллуулаад тухайн үеийн буюу 2015 оны тагнуулын байгууллагын зохион байгуулалтаар, прокурорын зөвшөөрлөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудын оролцоотойгоор яргалал, тамлал дундуур таван жил есөн сар яваад гарсан.
Одоо ч энэ эрүүдэн шүүлт нь үргэлжилж байна. Монгол Улсын дээд шүүх, прокуророос энэ хэрэг нотлох баримтгүй гээд хэрэгсэхгүй болгоод тогтоол шийдвэрүүд нь гарчихсан байхад саяхан аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны хөшөөн дээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ хэрэг илэрсэн шүү дээ" гээд ард түмэнд яриад байж байна. Их хурлын гишүүн болоод л хэн нэгний нэр төрд халдаад явж болдог юм уу?
Энэ эрүүдэн шүүлт Монгол Улсын шүүхээр ч үргэлжилсээр байна. Тодруулбал бид нөхөн төлбөрийн асуудлаар БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад есөн удаа буцаачхаад байж байна.
Т.Чимгээ "Улаанбаатар хотод өглөө 09:00 цаг гэхэд байхгүй бол чамайг шоронд хийнэ" гэсэн дарамтад гэр орноо тэр чигт нь орхиод 90 настай хөгшин, гурван хүүхдээ аваад хотод ирсэн. Хоригдож байх таван жилийн хугацаанд Т.Чимгээ зөвхөн амьд байх гэсэн асуудал дээр л тэмцсэн. Энэ хойгуур гэр орон нь тэнэмэл хүмүүс, золбин нохойн үүр болоод нурах нь нурчихсан байсан.
Үүнийгээ нэхэхээр энэ чинь ойлгомжгүй байна гэнэ. Мөн хуулиараа тэмдэгтийн хураамж төлөхгүй гэсэн хууль байхад төлөөгүй байна гэсэн үндэслэлээр буцааж байна. Энэ чинь өөрөө эрүүдэн шүүлт. Шүүх нь хуультай юмыг хуульгүй гээд өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж байна гээд байж байна.
Ямар ч сайхан хэлэлцүүлэг явуулаад шүүх дээр очоод бараг энэ зураас чинь жоохон далий байна гэдэг л хариу өгдөг. Ийм болохоор л шүүхэд итгэхгүй байна. Иймд хэлмэгдсэн хүмүүст тусад нь хууль гаргаж өгөөч ээ л гэж хүсмээр байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!