Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Тэгвэл үүнтэй холбоотой иргэдийн эсэргүүцлийн талаарх сэтгүүлчийн асуултад Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүү дараах хариултыг өглөө.
Сэтгүүлч: Нэг эмэгтэй өөрийнхөө фэйсбүүк хуудсаар “ХПВ-ийн дархлаажуулалтын вакцин хүүхдийг үхэлд хүргэдэг. Үр хөндөлт хийлгэсэн хүүхдийн эсээс гаргаж авдаг" зэргээр мэдээлэл дамжуулж байна. Олон нийтийн дургүйцлийг хүргэсэн нөхцөл байдал үүсээд байгаад тайлбар хэлнэ үү?
Н.Эрдэнэхүү: Энэ хүмүүс яагаад юм ойлгодоггүй юм бэ. Уучлаарай, хүн ардаа элдвээр хэлж байгаа юм биш.
Хүүхэд эхээс төрөнгүүтээ гепатитын B вакцин хийлгэдэг шүү дээ. Хүн болгон баярлаад энэ вакцинаа хийлгэе гэдэг. Яагаад гэвэл ирээдүйд шарлах, элэгний хавдраар өвчлөх зэрэг эрсдэлээс сэргийлж вакцинаа хийлгэдэг.
Өнөөдөр гепатитын B-гээ хийлгэсэн хүмүүс энх тунх явж байна. Гэтэл яагаад Хүний Папиллома Вирусийн вакциныг гараад ирэхээр эсэргүүцэж байна вэ.
Вакцин гэдэг ганцхан л механизмтай. Өвчнийг үүсгэхгүйн тулд "Гаднаас өвчин үүсгэгч биед ороод ирвэл барьж устгаарай" гээд дархлааны эсүүдийг бэлдэж байгаа хэрэг.
Таны дархлааны эс байнгын "харуулд" зогсож байгаа гэсэн үг. Ингэж харуулд зогсож байхдаа ХПВ эсвэл бусад ямар нэгэн вирус биед орвол тухайн вирусийг таниад барьж устгах үүргийг бий болгож, хүний эсийг эрчимжүүлж байгаа явдал.
Дархлаа сайтай хүн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх хүнд ийм дархлаа бий юу? Үгүй.
Ийм ч учраас дэлхийд вакциныг бүтээсний үндсэнд салхин цэцэг, сахуу зэрэг маш олон өвчнийг эдгээж чадсан.
Хар тахал, цагаан тахалд 300-500 саяараа нас барсан тохиолдол бий. Тэр бүхнийг дэлхий яаж даван гарсан бэ?, Европ яаж тэмцсэн юм бэ? гэхээр ВАКЦИНЫ ХҮЧ-ээр л гарсан.
2012 онд яг ийм мунхаглалаас болж ЭМЯ ялагдаад 10 жилийн хугацаанд олон эмэгтэйчүүдээ умайн хүзүүний хавдар, умайн хүзүүний урьтал өвчин, шархлаанаас болж алдсан.
Ингэж нас барахгүй байх боломж байсан уу? гэвэл ТИЙМ. Бид вакцинаа 10 жилийн өмнө хийсэн бол энэ өвчнөөс иргэдийнхээ амийг аварч болох байлаа.
Одоо шинжлэх ухаанч үндэслэлтэй ярих цаг нь болсон. Урьд нь бид мунхаглалын өмнө бууж өгч байсан бол одоо бууж өгөх боломжгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!