Уншиж байна ...

"Зөрчил гаргасан дарга нарыг дэвшүүлэн зайлуулдгаас болж энд тэнд очиж хүний эрх зөрчиж эрүүдэн шүүгээд явдаг"

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 34 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол өнөөдөр болж байна.   

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын дур зоргоор гаргасан журмуудаас болж хорих анги, цагдан хорих, баривчлах байранд хүмүүсийн эрх маш их зөрчигддөг"

Энэ үеэр уг асуудалтай холбогдуулан Иргэн н.Болормаа дараах байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Би эмэгтэйчүүдийн хорих ангид байж байгаад гарч ирсэн хүн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үе үеийн дарга нарын дур зоргоор гаргасан журмуудаас болж хорих анги, цагдан хорих, баривчлах байранд байгаа хүмүүсийн эрх маш их зөрчигддөг. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа яаралтай шинэчлэн батлах хэрэгтэй байна. 

Тус хууль болон журмуудад маш их хүний эрхийн зөрчил, хүний эрхэд шууд халдсан, хязгаарласан зүйл, заалтууд байдаг учраас шинэчлэх шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулахдаа зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хоёр сууж байгаад шинэчилдэг байдлыг одоо болих хэрэгтэй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Өмгөөлөгч, хуульчдын холбоо, иргэний нийгмийн байгууллагуудыг ажлын хэсэгт нь эхнээс нь дуусах хүртэл оролцуулж өгөөч ээ. 

"Хяналтын камер дуу бичихгүйгээс болж сэтгэл санаа шаналгах эрүүдэн шүүлтийг чөлөөтэй хийдэг" 

Мөн хорих анги, цагдан хорих ангиудад байгаа хяналтын камеруудыг дуу давхар бичдэг, өдөр шөнө ч бичдэг болгож өгөх хэрэгтэй байна. Хяналтын камер дуу бичихгүй учир сэтгэл санаа шаналгах эрүүдэн шүүлтийг чөлөөтэй хийдэг. Прокурорууд нь ирээд шалгахаар зөвхөн дүрс л байдаг. Амаараа юу гэж доромжилж байгаа нь сонсогддоггүй" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр шүүхийн шийдвэрт ажиллаж байгаа хүмүүс хүний эрхийн зөрчил гаргадаг гэдгийг онцлоод дараах зүйлсийг хэлэв. "Хорих ангийн удирдлагаасаа эхлээд дэд ахлагч нь хүртэл хүний эрхийг зөрчдөг асуудалтай би хорих ангид байхаасаа тэмцэж прокурорын байгууллагад хандсан. Бүгд төрийн албан хаагчаа өмөөрсөн.

Гомдол гаргахаар дэвшүүлэн зайлуулах гэдэг аргыг хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга асуудал гаргалаа гээд ажлаас нь чөлөөлөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албанд ажиллуулж байгаад Хүүхдийн хорих ангийн даргаар тавьчхаж байгаа юм. Дараа нь Хүний эрхийн үндэсний комисс ирээд асуудал гараад ирэнгүүт тэр хүнийг ажлаас нь чөлөөлөөд буцаагаад эмэгтэйчүүдийн хорих ангийн дэд дарга болгочхож байна. 

Хүний эрхийн зөрчил, янз бүрийн асуудал гаргасан хэдэн дарга нараа дэвшүүлэн зайлуулдаг арга барилыг нь болиулж өгөөч ээ. Энд тэнд очоод л хүний эрхийн зөрчил гаргаж эрүүдэн шүүгээд яваад байдаг энэ байдал үнэхээр ноцтой зүйл шүү" гэв. 

БИЧЛЭГ: 
https://www.facebook.com/100064382633728/videos/1527038161322510