УЛААНБААТАР - Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас гурав дахь жилдээ “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2016 оны 9-р сарын 24, 25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн зочид хямдралтай үнээр худалдан авалт хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг туршиж үзэх боломжтойгоос гадна хүүхэд багачуудад тусгайлан зориулсан тоглоомын талбай, “Хербалайф Монгол”-ын мэргэжлийн багшийн эрүүл дасгал хөдөлгөөний хичээл, “Дэйл Карнеги Монгол” байгууллагын хувь хүний хөгжлийн үнэгүй сургалт болон Америкийн Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн даргын илтгэл зэрэг олон онцлох арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Мөн үзэсгэлэнд ирсэн зочид Америкийн шилдэг брэндүүдийг Монгол улсад төлөөлдөг нэр бүхий бизнесүүдтэй танилцаж, харилцаа холбоо тогтоох боломжтой. Энэхүү хоёр өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж, худалдаа арилжаа эрхэлдэг Америкийн шилдэг брэндүүдийн төлөөлөл 90 гаруй компаниуд 100 гаруй брэнд үйлчилгээ бүтээгдэхүүнээрээ оролцох болно. АмЧам Монголын гишүүд болох Камминс Монгол, Женерал Электрик Монгол, М-СИ-ЭС Кока Кола компаний FUZE Tea зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол Блүүмбэрг Монгол ТВ болон Монгол ТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!