Наймдугаар сарын 30-нд Киргизистаны нийслэл Бишкек хот дахь БНХАУ-ын элчин сайдын яамны хашаанд тэсрэх бөмбөгтэй машин дайран орж дэлбэрснээр амиа золиослогч алагдан, хамгаалалтын гурван ажилтан шархдсан юм.
Уг хэргийг шалгасан Киргизийн эрх баригчид дэлбэрэлтийг Сирид очсон Уйгарын террористууд үйлдсэн болохыг өчигдөр буюу Мягмар гарагт зарлажээ.
Машины жолооч, амиа золиослогч нь Зоир Халилов нэрээр Тажик паспорт эзэмшигч Уйгар үндэстэн байсан байна.
Халилов нь Зүүн Туркстаны Исламын Хөдөлгөөн (ЗТИХ) байгууллагын гишүүн байжээ. Халдлага хийх даалгаврыг Сирид төвлөрсөн Уйгаруудын бүлэг өгсөн байна. Уг бүлэг Нусра Фронт террорист байгууллагад харьяалагддаг ажээ.
Дэлбэрэлтийг зохион байгуулахад оролцсон өөр хоёр Киргиз иргэнийг олж тогтоосны нэг нь Туркэд амьдардаг бол нөгөөх нь Сирид бэлтгэгдсэн тэсрэх бодисын мэргэжилтэн бөгөөд дэлбэрэлт болохоос хэдхэн цагийн өмнө Истанбул руу ниссэн байна.
Нийтдээ есөн хүнийг сэжиглэж байгаагийн тавыг Киргизээс баривчилсан ба үлдсэн дөрвийг Туркээс хайж байгаа гэжээ. Тэд бүгд Исламын шашны нөлөө ихтэй тус улсын өмнөд Ферган нутгийн иргэд байсан гэнэ.
Киргизтэй хил залгаа БНХАУ-ын Шинжаанд 10 сая Уйгар үндэстэн амьдардаг юм.
Бишкекийн засгийн газар нийт 500 орчим Киргиз хүн Исламын улс бүлэглэлд нэгдэхээр Сири, Иракыг зорьсныг хүлээн зөвшөөрдөг ба тэдний өдүүлж болзошгүй халдлага Киргизистаны эрх баригчдын санааг зовоосоор байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!