Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зуун модны зуны хүнс

Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 18
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигддэг цэцэрлэгжүүлэлтийн ажил өнөө жил үндсэндээ хотын төв хэсгийг онилсон. Ингэхээс ч аргагүй. АСЕМ-д зориулсан гоёл чимэглэлийн гол утгыг өнгийн цэцгээр илэрхийлж аргацаав. 

Статистик мэдээг сөхвөл, ялангуяа 2013 оноос нийслэлийг цэцэрлэгжүүлэхэд зарцуулдаг мөнгөний хэмжээ нэмэх үзүүлэлтээр тогтмол өссөн өөдрөг зураг харагдаж байна. Өнөө жилийн төсөв бага зэрэг буюу 5,8 тэрбум төгрөг болж буурсныг эс тооцвол шүү дээ. Өнгөрсөн онд энэ тоо 6,5 тэрбумаар хэмжигдэж байв.

Дахиад нэг тоо. Хувь хувьсгал, гадаад дотоодын донор байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамжин нийлж байгаад сүүлийн зургаан жилд нийслэлд зургаан сая гаруй мод тарьчихаж, бид.

Хотыг ногооруулах их үйлсийн аянд нэгдэх хүмүүсийн тоо ч жилээс жилд өссөөр. 

Хамрах хүрээ нь өргөжих тусам тарьсан үрсэлгээ, суулгацынх нь тоо ийнхүү жин нэмсээр байна. 

Хамрах хүрээ нь өргөжих тусам тарьсан үрсэлгээ, суулгацынх нь тоо ийнхүү жин нэмсээр байна.

Эндээс харахад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, нийслэлийн ногоон бүсэд хамрагдах талбай дэлхийд дээгүүрт бичигдэхээр байгаа юм. Гэвч тэгсэнгүй. Ургаж төлжиж, амьдарч амилсан нь талаас бага хувийн үнэлгээтэй.

Гэсэн атлаа албаны тайлан, статистик үзүүлэлт нь бодит амьдралаас зөрүүтэй тоог цэцэрлэгжүүлэлт хариуцсан аль ч байгууллага, аж ахуйн нэгжийн цахим хуудаснаас харчихаж болно. Хамгийн гол нь үүний цаана улсын төсвийн, олон улсын байгууллагын тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хотын цэцэрлэгжүүлэлтэд зарцуулсан хөрөнгө хамт хатаж байна. Цаашлаад ганц ч атугай мод ургуулахсан гэсэн олон хүний хөдөлмөр, сэтгэл үхэж байна.

Томоохон хөрөнгө оруулалтыг тоймчилж заримаас нь дурдвал, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд жилд дунджаар 800 сая, 12 бичил цэцэрлэгт 400 сая, арчилгаа усалгаанд 100 гаруй сая төгрөг зарцуулдаг аж.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газрыг хамрах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил 2009 онд эхэлсэн. Эхний ээлжинд 55 га газарт мод суулгасны зэрэгцээ тохижилтын зарим ажил хийгдсэн.

Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломжийг бий болгох, өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах, цэвэр усны нөөцийг хамгаалах нь тус хүрээлэнгийн зорилго. Тэр ч утгаараа хэдхэн жилийн дараа л битүү ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно хэмээн амлацгааж байсан юм.

Гэтэл жилд тарьсан модных нь нэлээд нь хатаж үхдэгээс өдийг хүртэл ногооруулж чадахгүй байгаа таагүй мэдээ дуулдсаар байна. Мэргэжилтнүүд үүнийг “Өнгөрсөн жилүүдэд олон мод тарьсан ч үр ашиг муу, их мөнгө зарж байна. Мод тарьчихаад арчлахгүй байгаад гол учир бий. Арчилгааны мөнгийг тусад нь төсөвлөж, анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Аж ахуйн нэгж ч үүнийг анхаарах хэрэгтэй” гэж тайлбарлав. Тэрчлэн хавар тарьсан мод, бутны дийлэнх нь зун, намрыг үзэлгүй хатаж үхдэг өөр шалтгаан юу вэ? Асуултын хариу ерөнхийдөө тодорхой. 

Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт Улаанбаатарыг цэцэг навч, бут сөөгөөр гоёх тухай мөрөөдөөд хэрэггүй гэх. Малаа хэрхэн хайрладагтай адил ой модоо, ургамлаа хамгаалах сэтгэл хүн бүрийн зүрхэнд хоногшоогүй цагт хэдэн мянган мод тариад нэмэргүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь.

Мод тарьчихаад арчлахгүй байгаад гол учир бий. 

Хөдөө зангаасаа салаагүй Улаанбаатарын иргэн өдгөө нийслэлийн хүн амын талаас илүү хувийг эзэлж байна. Үнэндээ тэдний дийлэнхэд нь зүлэгтэй, цэцэгтэй газрыг тойроод зассан замаар явах ухамсар алга. Дуртай газраа шүлсээ хаяж, хүссэн зүгтээ морь хардаг зуршлаа өөрийн эрх чөлөө хэмээн боддог нь үнэн.

Ийм бүдүүлэг зангаа “гүндүүгүй монгол” гэж нэрлэн бахархдаг сэтгэлгээгээ өөрчлөхөд уг нь тийм ч хэцүү биш баймаар. Тарьж ургуулж чаддаггүй юм аа гэхэд хамгаалдаг, ногоон байгууламжийн ач тусыг яс, махандаа шингэтэл ойлгоход л хангалттай хэмээн дендрологич, биологийн ухааны доктор Б.Чимэд анхааруулсан юм.

Тэрбээр цааш нь:

-Монголчуудын нэг хувь нь мод тарьж, ургуулахын төлөө ажиллаж байна. Бусад нь устгаж, шатааж, бохирдуулж байна шүү дээ. Хамгийн гол нь хүмүүсийн экологийн боловсролыг дээшлүүлж, хотжуулах нь чухал. Ингээгүй нөхцөлд нийслэлийг хөгжилтэй орны түвшинд хүргэж цэцэрлэгжүүлэх боломжгүй юм. 

Хэдэн малаа үхүүлэхгүйн тулд бүхэл бүтэн төгөл, цэцэрлэгийг идүүлэхэд бэлэн хүн захаасаа байна. Жил бүр цэцэрлэгжүүлэлтэд хэдэн сая төгрөг зарцуулаад үр дүн гарахгүй байгаа шалтгаан нь экологийн боловсролтой шууд холбоотой.

Гэхдээ хийснээ бүгдийг үгүйсгэж байгаа хэрэг биш. Сайн тордож, хамгаалсны хүчинд дажгүй сайхан ургаж байгаа бичил цэцэрлэгүүд байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд мод тарих, цэцэрлэгжүүлэх ажил ямар ч зохион байгуулалтгүй, хяналтгүй болчихлоо. Түүнчлэн өнөөдөр аймаг, сумын хэмжээнд ядаж 10 дендрологичтой болох хэрэгтэй. Тавиас дээш хүнтэй аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнг заавал ажиллуулдаг болмоор байна гэсэн. 

Үүнээс гадна хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэх талаар төрөөс барьдаг бодлогод өөрчлөлт оруулах цаг болсныг дендрологич зөвлөв. Эхний ээлжинд бодох ёстой асуудлыг энэ удаа сөхье. 

Цэцэрлэгжүүлэлтэд жилд зарцуулдаг хөрөнгийн бараг 80-90 хувийг тарьж, суулгахад зориулж байгаа аж. Мод барилга биш шүү дээ. Тарьсныхаа дараа хэрхэн арчилж, усалж, тордохоос мөнөөх мод цаашид амьдрах, эсэх нь шийдэгддэг жамтай. Харин бид тарьчихаад мартчихдаг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар залуу мод, бут сөөг, үрслэгээний оршуулгын талбай болж хувираад байна.

Сүүлийн жилүүдийн мэдээллээс харахад нийслэлийн төсвөөс усалгаа, арчилгаанд жилд дунджаар 100 гаруй сая төгрөг төсөвлөдөг юм байна. 

Харьцуулбал, 100 модыг зунжин тэжээ гээд хувин ус өгсөнтэй адил. Үнэндээ хавар тарьсан мод зуны нарыг үзэлгүй “чадарчихаж” байгаа шалтгааны нэг нь устай яах аргагүй холбоотой. Тэгэхээр тарьсан модныхоо тоо ширхгээс хамаарч хүнсийг нь тааруулж өгдөг тогтолцоонд яг одооноос шилжих хэрэгтэй гэдэгтэй мэргэжлийн хүмүүс санал нэг байна. 

Усалгаа, арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэд дахин нэмбэл үр дүн нь мэдэгдэхүйц ахина хэмээн цэцэрлэгчид амлав. Хэдэн мянган ширхгээр нь тарьж, суулгахад зарцуулдаг төсвөөсөө танаж хасаад усалгаанд илүүчилж яагаад болохгүй гэж.

Хэрэв усалгааны хөрөнгийг урьдын жишгээр тогтоосоор байвал энэ хавар суулгасан, магадгүй дараа жил тарих мод, бут сөөгийн ихэнх нь ангаж үхэхээс өөр гарц харагдахгүй байна.

Зураг