Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гитлерийн зохион байгуулсан 1936 оны Олимпийн наадмын тухай 10 сонин баримт

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

1936 оны Олимпийн наадмыг Нацист Герман зохион байгуулснаар Гитлер дэлхий нийтээс өөрийн бохир санааг нуун, хуурамч дүр төрх бий болгож олон үндэстний эв нэгдэлтэй улс болохоо харуулахад ашиглажээ.

Энэ тухай өгүүлсэн түүхийн 10 баримтыг танилцуулж байна.

 

1936 оны Олимпийг бойкотлох шахсан

 

Олон орон Нацистуудын төлөвлөгөө, жүүд тамирчдыг хавчин гадуурхаж байгааг гадарлаж байсан тул Берлинийг бойкотлох тухай яригдаж байжээ.

Ялангуяа АНУ энэ талаар идэвхтэй байв. Энэ боломжийг шүүрэн авч Испаничууд олимпийг Барселонд зохион байгуулах санал тавьсан байна. Тэд 1931 оны сонгон шалгаруулалтаар Берлинд ялагдаад байсан юм.

Гэвч 1936 оны долдугаар сард Испанид иргэний дайн дэгдэж бүх төлөвлөгөө нуран унажээ.

 

Гитлер бойкотыг хүлээн авахад бэлэн байсан ч Геббельс санааг нь эргүүлжээ

 

Үнэндээ Адольф Гитлер Олимпийн наадмыг төдийлөн сонирхохгүй байв. Тэр спортод дургүй. Бас олон алдартай тамирчид нь Ари цустай биш байсан нь түүний дургүйг хүргэж байв. Гэвч Нацист Германы суртал ухуулгын сайд Иозеф Геббельс түүний толгойг эргүүлж, олимп бол Нацистуудын талаар хуурамч ойлголт дэлхий нийтэд төрүүлэх чухал арга хэмжээ гэж итгүүлжээ. Үүнээс гадна аялал жуулчлалаас орлого олох ач тустайг ойлгуулсан байна. Гитлер ч түүний санааг дэмжиж олимп нь Ари үндэстний бусдаас илүүг харуулах боломж гэж харав.

 

Олимпийн өмнө Берлинийг өнгөлөн далдалсан нь

 

1936 оны наймдугаар сард Берлин хот дахин мэндлэв. Жүүдийн эсрэг суртал ухуулга, тэмдэглэгээнүүдийг түр авч хаяад оронд нь хас тэмдэг болон олимпийн далбаагаар бүрхжээ. Жүүдийн эсрэг үзэл сурталчилдаг Der Sturmer сонинг Олимпийн үеэр хэвлэлтийг нь зогсоон, бүх цэгүүдээс хураан авсан байна. Гадны зочид Берлиний гудамж үүнээс өмнө ямар янзтай байсныг төсөөлөхийн аргагүй болгожээ. Бас тэднийг явсны дараа ямар болохыг ч мэдэхгүй байв.

Гэвч энэ үеэр цэвэрлэгээ нууцаар эхэлж 800 орчим цыган иргэдийг баривчлан Берлиний гадна орших хуаранд нүүлгэж байжээ.

 

 Жүүд тамирчнаар жинхэнэ нүүрээ халхалсан нь

 

Гадаадынхан хэдийгээр Германд ямар нэг аймшигтай зүйл болоод байгааг мэдэж байсан ч энэ нь ямар хэмжээний, ямар хор хөнөөлтэй талаар төсөөлөлгүй байв. Тиймээс энэ эргэлзээг арилгахын тулд Гитлер жүүд тамирчныг Германы нэрийн өмнөөс оруулахаар шийджээ. Ингээд Хелен Мейер хэмээх жүүд эмэгтэй туялзуур жадны тэмцээнд оролцсон юм.

 

Нацистуудын Олимп түүхэнд телевизээр шууд дамжуулсан анхны Олимп байлаа

 

Үүнээс өмнө Олимпийг зөвхөн радиогоор дамжуулдаг байлаа. Харин 1936 онд Гитлер үүнийг өөрчилж телевизээр анх Олимпийг дамжуулжээ. Чанарын хувьд тааруу байсан ч Telefunken хэмээх дамжуулах төхөөрөмж тухайн үедээ шилдэг нь байв. Нацистууд дамжуулалтыг тасрахаас сэргийлэн гурван камер зэрэг ажиллуулж байсан ба тэр үед Германд телевизтэй хүн бүр 70 цагийн шууд дамжуулалтыг үзэх боломжтой байжээ.

 

Герман ихэнх медалийг авсан ч Жесси Оуэнс од болж чадсан

 

АНУ-ын гүйлтийн тамирчин Жесси Оуэнс түүхэнд шинэ дээд амжилт тогтоож 1936 оны Олимпоос дөрвөн алтан медаль авчээ. Гитлер Ари үндэстнийг шилдэг нь болохыг харуулахын тулд бүх медалийг хамахаар зүтгэж байсан ч хар арьст тамирчин ийм амжилт үзүүлсэн нь том цохилт байлаа.

 

Олимпийн хотхоныг байгуулсан хүн амиа хорлов

 

Олимпийн дараа Нацистууд жинхэнэ төрхөндөө орох гэж удсангүй. Тэр дороо хэрэгжиж эхлэв. Олимпийн хотхоныг байгуулах ажлыг Вермахтын ахмад Вольфганг Фюрстнер удирдаж байсан бол ердөө наадмын дараа түүнийг жүүд цустайнх нь төлөө албан тушаалаас нь зайлуулжээ.

Ингээд Фюрстнер 1936 оны наймдугаар сарын 19-нд буюу Олимп дууссанаас хэдхэн хоногийн дараа өөрийгөө буудсан юм. Нацистууд түүний гарлыг өмнө нь мэдсэн байсан ч хотхоныг байгуулах их ажлын явцыг сааруулахыг хүсээгүй тул нууцалж байгаад хэрэг нь дуусах үед ийнхүү хэрэгжүүлжээ. Нацистууд түүнийг автомашины ослоор нас барсан гэж зарласан бол удалгүй түүний шарилыг, амиа хорлох болсон шалтгаанаа бичсэн захидлын хамт олсон тухай мэдээлэл Австралид цацагдсан юм.

 

Олимпийн бамбарыг асаах уламжлал анх бий болсон

 

Өнөөг хүртэл хадгалагдаж байгаа Олимпийн бамбар залах ёслолыг 1936 онд анх бий болгожээ. Гитлер эртний Грекчүүдийг биширдэг байсан ба Олимп уулнаас асаасан галыг хүчирхэг Ари тамирчид залж авчрах үзэгдлийг зохион байгуулж бүгдийг гайхшруулахаар шийдсэн гэдэг.

 

Зарим Жүүд тамирчид эсэргүүцлээ илэрхийлсээр байв

 

АНУ-ын баг 312 тамирчнаас бүрдэж тэдэнтэй ижил тэгш харьцаж байсан ч зарим жүүд тамирчид Берлиний олимпийн наадамд оролцохоос татгалзаж байжээ. Эдгээр 312-оос ердөө 19 хар арьстан болон таван жүүд тамирчин Америкаас оролцсон юм. Германы баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 348 тамирчинтай байжээ. Нийт 51 орон оролцсоноос цөөн тооны жүүд тамирчид нь Нацистуудын бодлогыг эсэргүүцэн гэртээ үлдэхийг илүүд үзжээ.

 

Өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа стадионыг Нацистууд байгуулжээ

 

Нацистууд 42 сая Рейхсмарк зарцуулж 325 акр талбай эзэлсэн, 110,00 хүний багтаамжтай аварга том стадион Олимпийн наадамд зориулан байгуулсан юм. Холокостын дараа Берлинчүүд энэ стадионыг нураах талаар хэлэлцэж байсан ч эцэстээ хэвээр үлдээн, зарим шинэчлэлт хийж олон зориулалтаар ашиглах болжээ.

 

Эх сурвалж: Allday.Com