Хятадын хакерууд Вьетнамд хариуг нь өгчээ
Өнгөрсөн долоо хоногт Хятадын зорчигч эмэгтэйн гадаад паспорт дээр Вьетнамын хилийн ажилтан “f*ck you” гэж бичсэн хэрэг дуулиан дэгдээж байв. Энэ тухай та манай ӨМНӨХ МЭДЭЭНЭЭС үзээрэй.
Энэ нь хоёр орны хооронд үүссэн Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан иргэдийн түвшинд хүртэл нөлөөлж байгааг харуулсан юм.
Тэгвэл Хятадын тал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Вьетнамын талд хариуг нь барьсан хэрэг гарчээ.
Вьетнамын Ханой, Хо Ши Мин хотуудын хоёр гол нисэх буудлын мэдээллийн дэлгэцэнд Хятадын хакерууд доромжилсон утгатай мэдээллүүдийг гаргасан байна. Үүний дараа нисэх буудлын захиргаа дэлгэцнүүдийг унтрааж, хэсэг хугацаанд харанхуй байхаас өөр аргагүй болжээ.
Энэ хооронд буюу Баасан гарагийн үдээс хойш Вьетнам Эйрлайнз компанийн вэб хуудас довтолгоонд өртөж нүүрэнд нь Өмнөд Хятадын Тэнгис дэх Хятадын маргаж байгаа арлуудын газрын зургийг оруулаад тус компанийн 400,000 зорчигчийн хувийн мэдээлэл бүхий 100MB эксель файлыг татах холбоос байрлуулсан байв.
Нэлээд хэдэн цагийн дараа сайт хэвийн горимд орсон байна.
Эдгээр халдлагыг Хятадын 1937CN нэртэй хакерын бүлэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч дараах зурагт хуудсыг Хятадын интернэт орчин тараажээ.
Вьетнамын хэвлэлд дурдсанаар тус улсын Тээврийн дэд сайд энэ халдлагаар нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх зүйл болоогүй гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Mashable, Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
