ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэе

ikon.mn
2016 оны 8 сарын 1
Барилга.МН
Зураг зураг

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын материалыг эх орондоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилт дэвшүүлж, цемент, төмөр хийц, дулаалгын материалаар дотоодын үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр энэ он гэхэд Монгол Улс барилгын материалынхаа 70-аас дээш хувийг үндэсний үйлдэрлэлээрээ хангах боломжтой хэмээн Засгийн Газар үзсэн. Харин энэ магадлал бодит байдалтай хэр дүйцсэн бол?


Барилгын материал үйлдвэрлэлийн хөгжил нь барилгажилтаас хоцорч байгаагаас нийт хэрэгцээний 60 гаруй хувийг импортоор авдаг байна. Өнөөдрийн байдлаар барилгын материалын нийт 700 гаруй үйлдвэр байдаг. Үүнээс сүүлийн жилүүдэд цемент, блок, хайрга, элсний үйлдвэрлэл түлхүү нэмэгдэж, илүүдэл үүссэн.

Харин сантехник, цахилгаан хэрэгсэл, дулаан хангамж, шил, эмульсоны будаг гээд барилга угсарсан хойно ашиглагдах материалын үйлдвэрлэл ховор байгаагаас тэдгээр нь 100 хувь гадны хараат хэвээр байна. Одоогоор цонх хаалганы 300, керамик тоосгоны 80, бетон зуурмагийн 144, полистирол хавтангийн 48 үйлдвэр байдаг байна. 
Энд тоо ярихаас гадна чанарыг эрхэмлэх нь чухал.

Барилгын материалын үйлдвэрлэлд чанар, хяналт тогтолцооны шаардлага ихэсч байгаа нь үнэн. Энэ нь одоо ажиллаж буй барилгын материалын сорил шинжилгээний лабораториудын хүчин чадал хүрэлцээгүй, зорилтот зах зээлдээ хүрч чадахгүй байдгаас шууд хамааралтай. Аливаа улсад барилгын материалд иж бүрэн шинжилгээ хийхэд шаардлагатай тусгай төрөлжсөн 14 лаборатори заавал байхаас манайд зургаан лаборатори нь байх жишээтэй. Эдгээр нь шинжилбэл зохих материалын дөнгөж  40 орчим хувийг л шинжилдэг аж.

Энэ салбарт дараагийн хөндөх асуудалд хууль эрхзүйн шинэчлэлтийн бэрхшээл тулгарна. “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-д өөрчлөлт оруулах шаардлагатай. Төсөл боловсруулах нь зөвхөн Геологи уул уурхай эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн эрх бүхий байгууллага аж ахуйн нэгж байх гэсэн өрөөсгөл заалт тусгагдсан.

Мөн барилгын материалын жижиг дунд үйлдвэрт олгож буй зээл хэт бага байгаагаас үйлдвэрлэл бүрэн явагдах боломж хомс. Өөрөөр хэлбэл, аль ч барилгын материалын үйлдвэрлэл жижиг, дунд үйлдвэр гэсэн ангилалд тохирохгүй. Барилгын материал үйлдвэрлэл гэдэг өөрөө энгийн үйлдвэрээс өртөг хэд дахин их. Цахилгаан зарцуулалт, материал, түүхий эд боловсруулах, түүгээр үйлдвэрлэл явуулах, тэдгээрийн жин, овор хэмжээ, түгээлт, тээвэрлэлт, нийлүүлэлт, савалгаа боодол гээд зайлшгүй байх зардал нь өндөр юм. 

Дараагийн асуудал нь үйлдвэрүүдийн жигд ажиллагааг хангуулах явдал. Үүнээс улбаалан барилгын ажил цаг уурын нөхцөл байдлаас үүдэн үйлдвэрлэл зогсонги байдалд ордог. Улмаар их хэмжээний валют гадны улс руу урсах, үнийн өсөлт, хөөрөгдөлт, энд ажиллах хүчний тогтвор суурьшил алдагдан, ажиллах хүчин хомс болох зэрэг нөхцөлүүд үүсэх болсон. Цаашлаад арилжааны зээлийн хүү хэт өндөр, тэр нь богино  хугацаатайгаас үйлдвэрүүд зээлийн өрөнд дарагдах асуудлууд тулгарсаар байна. Зөвхөн цементийн үйлдвэрүүдийн тухайд гэхэд тээвэр, ложистикийн асуудал яригдана. Цементийн бизнес эрхлэгчид тусгай зориулалтын вагон болон задгай цементийг агуулах сав хүрэлцдэггүй гэдгийг байнга учирлаж байгаа юм. 

 

Улаанбаатар хотын тээврийн газар, Замын цагдаагийн газраас 2011 онд гаргасан элс хайрга, барилгын материал тээвэрлэх хүнд даацын өөрөө буулгагч том оврын машинууд мөн бетон зуурмагийн автомиксер зэрэг тээврийн хэрэгслийн даацыг хязгаарласан шийдвэрийг эргэн харж, бодит амьдралд үйлдвэрлэлийн технологийн шаардлага гарч байна. Энэхүү шийдвэр нь зам, хучилтын эвдрэл сүйтгэлээс хамгаалж байгаа гэх боловч нэг салбарын хөгжлөөр хязгаарлагдахгүй нийслэлийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг чөдөрлөсөн үргүй зардлыг тэлсэн бүр аргацаасан шийдвэр юм. Үүнийг шийдэхэд тусгай хучилтат зам тавихын оронд хялбарчилж бултсан шийдвэр болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Том оврын тээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж барилгын түүхий эд, материал болон бэлэн бүтээгдэхүүний тээврийн зардал хоёр дахин нэмэгдэж, улмаар барилгын материалын үнээр дамжин барилгын үнийг хөөрөгддөг. 

Энэ мэтчилэн дурдаад байвал барилгын материал үйлдвэрлэлд тулгарах саад, бэрхшээл олон байгаа бөгөөд энд тэдгээрийг шийдвэрлэж болох зарим арга замыг дурдахыг хичээлээ. Үүнд: 

  • Барилгын материалын үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд, тухайлбал төмрийн хүдрийг түүхийгээр экспортлох асуудлыг хориглож, дотооддоо боловсруулж, шаардлагатай арматур ган хийцийг үйлдвэрлэх, 
  • Нэгэнт хөнгөн бетон, бетон зуурмаг, төмөр бетон эдлэл, хөнгөн дүүргэгчийн үйлдвэрлэл нь дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байгаа тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулахыг хязгаарлах,
  • Үйлдвэрлэгч ААН-үүдийн нийт ажиллагсдын дунджаар 40 гаруй хувьд мэргэжлийн бус хүн байгаад дүгнэлт хийж, салбарын боловсон хүчний бодлогоор үндэсний мэргэжилтэй ажилллагсдыг төрөлжсөн мэргэжил бүрээр бэлтгэх,
  • Зээлийн олгох хэмжээ, төлөх хугацааг оновчтой болгож, барилгын салбарын үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг тооцоолж, зээлийн нөхцөлийг харгалзан үзэж, зээл олгох, 
  • Зээл олгосон аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтыг сайжруулах, хяналт шалгалтын явцад тайлан, мэдээлэл өгөөгүй буюу буруу мэдээлэл өгсөн бол хариуцлага тооцох арга замыг тодорхойлон гаргах,
  • Төслүүдэд зохих экспертиз хийх,
  • Улаанбаатар, Эрдэнэт, Сайншанд, Чойр хотуудад цемент дамжуулах ачих, хадгалах терминал зохион байгуулах,
  • Тодорхой хэдэн байршлуудад замын сүлжээг чанарын шаардлага хангасан хучилттай болгож, хүнд даацын автомашины үйлчилгээ, хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг эргэн харж, оновчтой зөв шийдлээр залруулах гэх мэтчилэн зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудал болж буй хүндрэл бэрхшээлийг олон арга замаар шийдэж, энэ салбарын хөгжлийг хурдасгах шаардлагатай байна.

Импортыг орлох хэмжээний барилгын материалыг дотооддоо хангах, цаашлаад экспортлох боломж, бололцоо бидэнд бий.

 

Сэтгүүлч С.Баярмаа

Зураг