“Даншиг наадамд Монголчууд бол ТУСГААР улс гэдэг санаа нуугддаг”
НЗДТГ болон Гандантэгчэнлин хийдээс “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр Гандэнтэгчэнлин хийдэд боллоо. Хэвлэлийн бага хуралд Да лам Х.Бямбажав, Их Шанзодба Л.Ариунжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй даншиг наадмын цамын талаар Да Лам Х.Бямбажав “Даншиг наадмын хамгийн гол зүйл нь цам байгаа. Ад, зэтгэр, гай хөнөөлийг даран сөнөөх учир агуулгатай зүйл юм. Цам гэдэг олон зуун жил Монголд гарч байсан түүх бий. Ялангуяа Хубилай хааны ордонд цам гарч байсан мэдээ, мэдээллүүд байдаг.
Түүнээс цааш олон хаадуудын ордонд цам гарч байсан түүхтэй. Энэ жил цам наймдугаар сарын 5-наас эхлээд Хүрээ жахар цамын хурал Гандантэгчэнлин хийд дээр хурна” гэв.
ДАНШИГ НААДМЫН ҮҮСЭЛ
Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар(1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур" хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд ба энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот өргөн тахиж их баяр наадам үйлджээ.
Энэ наадам бол Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай холбогдон анх үүссэн баяр наадам юм. Монгол түмний шашин номын дээд эзэнд зориулсан их баяр ёслол билээ.
Халхын дөрвөн аймаг ба Эрдэнэ шанзодбын яамны газруудаас хоорондоо даншиг өргөх наадмын талаар харилцсан бичигт “Манай язгуурын багш ламыг анх хутагт болгон өргөмжилсөн тэр цагаас нааш үргэлжлэн хүндэтгэж үүрд тахихын тул халхын дөрвөн аймаг бүгдээр үг санаа нийлж наадам бэлэглэсээр ирсэн нь он удах тутам халхчуудын журамлан явах хууль болов” гэсэн байна.
Энэ нь монголчууд хэдийгээр өөрсдийн тусгаар байдлаа алдаж, харийн эрхшээлд байсан хэдий ч даншиг наадам нь монголчуудын уламжлалт төрт ёсны баяр наадмын үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээ Манжаас тусгаар төрт ёстой улс гэдгээ ухамсарласан санаа нуугдаж байжээ.
МОНГОЛЫН ИХ ХҮРЭЭ ЦАМЫН ҮҮСЭЛ
XVIII-р зууны эхээр “Цам харайх ёс” дэлгэрсэн ажээ. Анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор Их Хүрээнд 1811 онд дэглэн гаргасан тул түүнээс хойш “Их хүрээний цам” хэмээн ихэд алдаршсан гэдэг.
Их хүрээний цамд Эрлэг Номун Хаан Дамжан Чойжил голлодог байсан бөгөөд энэхүү цамыг коммунист хэлмэгдүүлэлт хүртэл жил бүр гаргахдаа Их хүрээний хамба номун Жидарын аймгийн Агваанлувсанхайдавын зохиосон “Дансран жамцын гарчам” хэмээх ном увидасын дагуу дэглэн гаргаж байв.
Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжиж чадсан юм. Их хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр болон уран хошин, инээдэмт Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардагаараа ихэд онцлогтой.
Цамын ёс нь Их хөлгөний шашин дэлгэрсэн Төвд, Монгол, Бутан, Балба, Ладак буюу Гималайн бүс, Буриад, Тува, Халимаг, Өвөр монгол зэрэг улс орнуудад ихэд дэлгэрсэн байдаг.
Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илрэхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдлөгөөнүүдийг үзүүлнэ. Мөн энэ үед нууц тарнийн хатуу зан үйл болох “линга” эвдэх, “жахар”, “сор” залах зэрэг үйлүүдийг үйлддэг.
ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
