Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг болсныхоо дараа Жэк Ма бие хамгаалагчтай болохоор шийдсэн тухай 2014 оны сүүлээр хэвлэлүүд бичиж байжээ.
Ингээд тэр сүрлэг том биетэй хүн сонгохын оронд давжаа биетэй Хятад залуу сонгосон нь Тайчи тулааны урлагийн мастер Ли Тяньжин болсон байна.
Одоо 36 настай Лигийн биеийн өндөр 167 см, жин 85 кг орчим. Жэк Мад зүтгэхээсээ өмнө Ли Ханьжоу хотын нэгэн хийдэд багшилж байжээ.
14 настайдаа Ли Тайчи урлагийн мастер Ван Шианий шавь болсон ба 19 насандаа үндэсний хэмжээний анхны тэмцээнд аваргалж байсан гэнэ. Түүнээс хойш тэр хэд хэдэн тэмцээнд дараалан түрүүлжээ.
Хятад хэл дээр хэвлэгдсэн Жэк Магийн намтарт (Англиар "Ma Yun in Cloth Shoes") тэрбумтны амьдралд тохиолдсон 27 түүхийг өгүүлдэг гэнэ. Тэдгээрийн нэгэнд Ли хэрхэн Өвөр Монгол бөхийг “нүд ирмэхийн зуур газарт хэвтүүлсэн” тухай өгүүлдэг ажээ.
Энэ явдал Жэк Ма болон Байгаль хамгаалах сангийн гишүүд Өвөр Монголын Хөлөнбуйрын талд ажлаар явж байхад тохиолдсон байна.
Нэгэн Монгол бөх Лиг өөрсдийн дотроос нэгийг сонгон барилдаж хүчээ үзэхийг шалгаажээ. Ингээд Ли урагш гарч “та нарын хэн хамгийн хүчтэй нь вэ? тэр нь надтай барилдаг” гэсэн байна.
Ли тэр бөхийг нүд ирмэхийн зуур унагаж чадсан нь Жэк Маг гайхшруулсан тухай уг номонд гардаг ажээ.
Тайчигийн урлаг Жэк Магийн амьдралын философид гүнзгий нөлөөлсөн байдаг. Үүнд гурван дүрэм байдаг нь: тайван байх, дагуулах, орхих. Өөрөөр хэлбэл юу ч тохиолдсон тайван байж, бусдын хүчийг дагуулан унагаад, орхин одох гэнэ.
Эх сурвалж: NextShark.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!