Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнх цаст Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр /2016.07.22/ болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. 

Тэрбээр "Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байнаа.

Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг

Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын

Байгаа мянган шивдаг нь залрагтун.

Бадархундага, Баянбулаг болон

Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур

Баялаг Буянт болон Ширээ, Чулуут

Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.

Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая.  Сонордогтун, баясагтун.

Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе.  Болгоохтун, таалахтун.

 Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая.  Баясагтун, цэнгэгтүн.

Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.

 Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн.     Хурай  Хурай  Хурай

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.

Тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.

Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид" гэв.

Тахилгын ёслолд ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын Гран При шагналт Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар , МУГЖ Х.Үнэнхүү, УДБЭТ-т гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, МУСТА Л.Баяр-Эрдэнэ, Уртын дууч, хөөмийч МУСТА Э. Сандагжав болон Улсын филармонийн морин хуурын чуулгынхан уран бүтээлээсээ толилууллаа.

Мөн 108 цамын бүжиг бүжиглэж, хүчит 64 бөхийн барилдаан болж байна. Хайрханыг тайх ёслол өнөөдөр орой дуусна.

 

Тахилгын үед:

  • Амьтны амь таслахгүй байх
  • Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй байх
  • Архи огт хэрэглэдэггүй, газар ухах мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг ихэд цээрлэдэг.
  • Тахилгад өл халзан морьтой очдоггүй
  • Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэдэг
  • Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй
  • Муу зүйл хийхгүй байх нь чухал
  • Тахилгын үед цагаан хоол иддэг байна.

Мөн тахилгын  үеэр “Бадархундага” нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг нутгийн зон олон гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх , эс цэвэрлэх асуудал тулгардаг аж.


Мөнх цаст Отгонтэнгэр хайрханы тухай товч

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8-р зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.

Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4,031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай. 

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км зайтай оршдог.