УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон эрчим хүчний үнэ, тариф, эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Нийслэл хотыг газын дулаанаар хангах асуудал яригдаж эхэллээ. Эрчим хүчний яам үүнийг дэмжиж байгаа юу. Эрчим хүчээр хараат амьдарна гэдэг хөлөө тушуулчихсан адуу шиг юм.
Эгийн голын усан цахилгаан станц хэзээ ашиглалтад орох вэ. Бидэнд тэр станцыг барих итгэл найдвар байна уу. Бодит байдал дээр юу болсон бэ" хэмээн асуув.
Түүний хариултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Нийслэлийн айл өрхүүдэд газ нийлүүлэх тооцоолол хийж байгаа. Одоогоор бид хийн төлөвтэй газыг шингэрүүлээд тээвэрлэж авч ирээд ашиглаж байна.
Манай яам 616 мегаваттын газын эх үүсвэрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барихаар нийслэлээс газар авсан. Энэ үйлдвэр нь өвөлд хөлдөлт үүсгэхгүй байх үүднээс хэт ачаалагдсан шугамын төгсгөлд эрчим хүч хуримтлагдах юм. Туршилтын ажил үргэлжилж байгаа.
Эгийн гол нь Сэлэнгэ мөрнөөр дамжаад ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг. ОХУ-аас ЮНЕСКО-д гомдол гаргасан. Манай улс тус байгууллагын гишүүн учраас ОХУ-ын гомдлын дагуу Францын компанийг шалгаруулж байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн.
Урьдчилсан дүгнэлтээр Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт сүртэй нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг ОХУ-ын Түлш эрчим хүчний сайд руу явуулсан.
Гэтэл оросууд найрсаг бус харилцаатай улс орнуудын дүгнэлтийг хүлээн зөвшөөрмөөргүй байна гэсэн. Тиймээс ОХУ-ын Байгаль экологийн яам болон манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эрдэмтэд хамтран дахиж дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэхүү дүгнэлт гарсны дараа Эгийн голын усан цахилгаан станцыг цаашдаа яах тухай ярина" хэмээн мэдээлэл өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!