АН-ын бүлэг хоёр дахь хурлынхаа талаар болон өчигдөр орой Байнгын хороо, УИХ-аар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нар оролцсон юм.
АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ-ын Байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг.
Дэгийн тухай хуулиар Байнгын хорооны дарга нь хуралдааныг даргалдаг. Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдааныг Н.Энхболд гишүүн даргаллаа. Хэн даргал гэсэн нь ойлгомжгүй.
Мөн Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн хугацаа шаардагдахгүй.
Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурь болон бусад асуудлаар хэлэлцэх шаардлагатай байгаа гэсэн ч хууль зөрчсөн байдлаар хугацаатай завсарлага өгсөн.
Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар эрх баригчид олонхоороо түрж хэлэлцлээ. Хууль дээдлэх зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалт байдаг.
Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг.
Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна. Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна.
Энэ нь “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна. Мөн төрийн албыг цалгардуулах, мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны тогтворгүй байдлыг бий болгож байгаа учир Засгийн газрын бүтцийг дэмжихгүй байна гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Болгоомжлох зүйлүүд байгааг сануулмаар байна. Бид эдийн засгийн хүндрэлтэй үед улс орноо яаж авч явах уу гэдгээ өнгөрсөн жилүүдэд тодорхойлсон.
Өнөөдөр орж ирж байгаа Засгийн газрын бүтцийг харахад өмнө нь гарсан ололт амжилтыг байхгүй болгож байгаа эмгэнэлтэй зүйл болоод байна.
Гэтэл одоо оруулж ирж байгаа бүтэц нь 2008 оны Үндэсний цогц бодлогод тулгуурласан байдлаар оруулж ирж байна.
Өөрөөр хэлбэл, 2008 онд баримталж байсан бодлогоо хэрэгжүүлэхээр оруулж ирснийг бид шүүмжилж байна. 2008-2012 оны Засгийн газрын бүтэц ямар байсан та бүхэн хараарай яг одоогийн оруулж ирсэн байгаа шиг бүтэцтэй байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!