Эрүүл шинэхэн хүнс, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх цаг мөч улам бүр ойртсоор.
Хямд үнэ, өргөн сонголтоороо Зүүн өмнөд Азийн орнуудын хэрэглэгчдийг хэдийнэ татаад буй жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр Имарт-Бүрэн Барааны Хайпермаркетын анхны салбар 7 дугаар сарын 28-нд нээлтээ хийхээ зарлаж, хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.
“Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих чиглэлээр олон ажил зохион байгуулж буй Имарт-Бүрэн Барааны Хайпермаркет нь МҮХАҮТ-тай хамтран ажиллаж Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд экспортлох чиглэлээр 60 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан сургалт хийж, бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангасны дүнд хэд хэдэн аж ахуйн нэгж сонгогдон хамтын ажиллагаа, хэлэлцээрийн түвшинд явж байгаа билээ.
Мөн сар гаруйхны өмнө эхний гэрээт хүлэмжтэйгээ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хэрэглэгчдэдээ баталгаат шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнээр үйлчлэхээр ажиллаж байгаагаа мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, фермерүүдийг дэмжих зорилгын үүднээс махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн үхрийг эх орондоо өсгөж үржүүлдэг фермер болох “Хишигтэн Нүүдэлчин” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр мөн “Баяндэлгэр Хүнс” ХХК нь Монголын анхны жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой мах эхлэн боловсруулах үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн юм. Дээрхи компаниудаас нийлүүлэгдсэн малыг ариун цэврийн шаардлага хангасан Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ бэлтгэн шинэхэн, баталгаат махыг Имартын хэрэглэгчдийн гарт хүргэх юм.
Монгол малын махны шимт чанарыг Имарт өөрийн лаборатори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулан хэрэглэгчдэдээ хүргэх юм. БНСУ дахь Имартын 160 гаруй салбар нь махны аж ахуй эрхлэгчидтэй байнга хамтран ажиллаж чанд стандарт, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлж чадсан бөгөөд энэхүү боловсронгуй бодлого нь манайд орж ирсэнээр Монголын бизнес эрхлэгчид дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой болж байгаа юм.
Имартын хэрэглэгчид Монголын малын шинэхэн, баталгаат махыг хямд үнээр худалдан авах цаг айсуй.
Д.Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!