UBS телевизээс ажил амьдралын гараагаа эхэлж тус телевизийн төв мэдээ “City news” мэдээллийн хөтөлбөрийг оюутан ахуй цагаасаа эхлэн хөтөлж найман жилийн турш Нийслэлийн телевизийн нүүр царай болж явсан Б.Саруулын хувьд дэлгэцийн салбараас хөндийрөөд цөөнгүй хугацааг үджээ. Цэнхэр дэлгэцээр гарах даруухан төрх, дөлгөөхөн харц нь түүний имиж болон харагддаг байв. Харин одоо хөшигний өмнө бус ард ажиллах сонголтыг хийсэн тэрээр урлаг, улс төрийн аль алиныг хослуулж явна.
Хамгийн сүүлд л гэхэд аль “Зүрхний нулимс Гоолингоо” номоо гаргаж уншигчдын хүртээл болгон урлагийн томчуудад тоогдох болсон нь сэтгүүлч, хөтлөгч бус судлаач, зохиолчийн түвшинд түүнийг харахад хүргэсэн. Телевизийн хөгжилд өнгө будаг нэмж, өөр өөр өнцгийг эрэлхийлсэн “Гоолингоо”, “Цагаан тэмээ аалз” зэрэг бүтээлүүдийн эзэн ч ийм зүйл хийлээ, тийм бүтээл туурвилаа гээд хийрхээд байдаггүй нэгэн гэж би хардаг юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
- Телевизийн салбараас хөндийрөөд нэлээдгүй удах шиг боллоо. Өөрийн чинь хувьд UBS телевизийн Б.Саруул гэдгээр чинь хүмүүс хүлээж авдаг байх. Одоо дэлгэцийн өмнө тэр бүр харагдахаа больсон нь юутай холбоотой. UBS гэх их айлын үүрнээс яагаад нисчих вэ? Одоо хаана ямар ажил эрхэлж байна.
- Үүрнээсээ нисээд яг дөрвөн жил болж байна. Шалтгаан нь сонгож суралцаж байсан мэргэжилтэй маань холбоотой. Миний хувьд гэр бүлийнхэн дундаа эмээгийнхээ мэргэжлийг өвлөж авсан цорын ганц зээ охин. Эмээтэйгээ хамт телевизийн олон арван томилолтод явах үедээ энэ салбарын онцлог, сониныг мэдэрч өссөн. Тийм ч болохоороо мэргэжил сонголтоо хийх үедээ сэтгүүлч мэргэжлийг сонгосон.
Гэхдээ унаган багийн маань мөрөөдөл өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж олон улсын харилцааны мэргэжилтэн болох байлаа. Сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцаж чамгүй хугацаанд телевизийн салбарт ажиллаж байхдаа сэтгэлийн мухарт байх тэмүүллээ орхихыг хүсээгүй. Тиймдээ ч МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн суралцах болсон.
Яг энэ үед Гадаад харилцааны яамнаас сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах санал ирсэн юм. Сэтгүүлч, олон улсын харилцааны мэргэжилтэн гэсэн хос мэргэжлийн үр дүнгээ гаргах ховорхон завшаан гэж харсан болохоор Л.Балхаа захиралтайгаа болон эмээтэйгээ зөвлөж энэ шийдвэрийг гаргасан даа.
Хэсэг хугацаанд хөөрхөн хүүгийн ээж болох бэлтгэлээ хангах гээд ажил, хичээлээ түр хойш тавьсан. Одоо бол би "Бодь" групп болон Л.Болд гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна.
- Монголын сэтгүүлзүйд чадалтай, чансаатай олон арван бүтээлээрээ домог болон хүндлэгдсэн гавьяат сэтгүүлч Амбасэлмаагийн зээ охин гэдгээр тань хүмүүс хүлээж авах нь олонтаа байдаг байх. Эмээгээсээ зөвлөгөө авсан гэж ярилаа. Ер нь эмээгийнхээ үгийг хэр сонсдог охин нь вэ?
- Эмээ маань хайр нь дотроо хал нь гаднаа хүн. Хүүхдүүдээ нэг их эрхлүүлээд байдаггүй ч амьдралд зөв явах зарчмыг байнга хэлж зөвлөж зааж чиглүүлж явдаг. Мэргэжил нэгт нөхдөөсөө, найз нараасаа байнга л эмээ чинь яаж ингэж биеэ сайхан авч явдаг байна гэсэн үгийг сонсдог. Нээрээ л эмээгийнхээ дэргэдээс эмэгтэй хүн ямар байх үлгэр дуурайлалыг байнга олж авдаг.
Хоол цайгаа тохируулахын ухаан, өмсөж зүүх эдэлж хэрэглэхийн донж маяг, ажлаа төлөвлөж амжуулахын ач тус гээд олон зүйлийг нь харж суралцахыг хичээдэг. UBS телевизэд ажиллаж байхдаа ханиад хүрээд ажилдаа яваагүйг маань сонсоод дулаан хувцаслаж ханиад томуунаас хол байх хүртэл хувийн зохион байгуулалттай чинь холбоотой. Битгий байгууллагын ажлыг алдуулж өвдөж чөлөө аваад бай гэж зэмлүүлж байсан.
Миний амьдралын луужин болсон эмээгээр би үргэлж бахархаж явдаг.
Цалинг нь авч амьдралаа залгуулж байгаа бол тэр байгууллагынхаа ажлыг чин үнэнчээр алдагдуулалгүй гүйцэтгэх хэрэгтэй гэж байнга хэлдэг эмээдээ өөр ажлын санал авснаа хэлэхдээ эмээж байлаа. Харин эмээ маань сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх санааг маань дэмжсэн. Их эрдэмтэн Лувсанвандангийн үр хүүхдүүд боловсрол мэдлэг өндөртэй улс шүү.
Гологдолгүй өөрийгөө боловсруулж ажиллана шүү хэлээ сайн судал, эдийн засаг, харилцааны түүх сайн унш гэж захиж байсан. Ер нь эмээ маань уран бүтээл гаргахад ийм тийм гэж ил цагаан магтаад байдаггүй. Гол төлөв шүүмжлэлтэй талаас нь харж хэлж зөвлөдөг. Харин "Зүрхний нулимс Гоолингоо" номынхоо эхийг уншуулахад бяцхан магтаалын үг сонссон шүү. Миний амьдралын луужин болсон эмээгээр би үргэлж бахархаж явдаг даа.
- Хүн энэ яваа насандаа гурван буяныг үйлдэх ёстой байдаг. Мод тарих, ном бичих, үртэй болох гэсэн. “Зүрхний нулимс Гоолингоо” номын нээлтийн үеэр хөтлөгч залуу таныг нуган үртэй болсон, ногоон ирээдүй төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт мод тарьсан. Номын бүтээлээ ард түмний мөнхийн бүтээл болох “Гоолингоо”-гоор хийсэн болохоор гурван үйлээ даацтайхан шиг хийлээ дээ гэж тодотгож байсан. Нээрээ л тийм юм уу гэж би харсан.
- Баярлалаа. Хамгийн том бүтээл бол хүү маань. Ханьтайгаа танилцаад найман жил үерхэж нөхөрлөж байгаад өрх тусгаарласан.
Мод тарихын хувьд таны хэлснээр Монгол орны өнцөг булан бүрт мод тарьж Монгол орноо ногооруулах үйлсэд хүчин зүтгэсэн. “Ногоон ирээдүй” төсөлд ажиллаж байхдаа Баянзүрх хайрханы хожуулаар дүүрсэн Хар хошуу гэдэг газрын 50 га газарт ойжуулалт хийх ажлыг санаачлан гүйцэтгүүлж байлаа. Сэтгүүлч хүн хүмүүсийн сэтгэлд мод тарихаас гадна хөрсөн дээр ч бодит зүйлийг бий болгох ёстой гэж бодсоны үндсэн дээр шунахай сэдлээс үүдэн хожуул болсон ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн.
Ирээдүй хойч үедээ хандаж зориглон хийсэн ажлыг маань харин Байгаль орчны яамнаас үнэлж Хүндэт өргөмжлөлөө гардуулж өчүүхэн санаачилга, хөдөлмөрийг маань үнэлсэнд талархаж явдаг.
Ойжуулах ажилд оролцсоноос хойш байгаль дэлхий намайг олон зүйлээр шагнасан.
Ойжуулах ажилд оролцсоноос хойш байгаль дэлхий намайг олон зүйлээр шагнасан. Номын бүтээлийн хувьд арван жил араас нь хөөцөлдсөн Гоолингоогоо уншигч түмэндээ хүргэж санаа амарсан. Олон жил сэтгэл гэгэлзүүлж, тархи загатнуулсан бүтээлээ олонд хүргэсэндээ баяртай байгаа.
- “Гоолингоо” дууны талаар олон л яриа байдаг. Зарим нь сүнстэй дуу. Муу ёрын дуу ч гэдэг. Таны хувьд энэ дуунаас айж бэргэх үе байв уу.
- Байсан. Гоолингоо чинь сүнстэй дуу гэсэн заавал орооцолдох хэрэг байна уу гэсэн санал, зөвлөгөө арван жилийн турш намайг дагалдсан. Гэхдээ л гэрэлтэй, сүүдэртэйгээр нь зааглаж ялгаад байвал ард түмнээс төрсөн агуу бүтээлүүдийн тоо хумигдах мэт эмзэглэл төрж байсан. Тиймдээ ч Гоолингоо руу зориглон хандсан. Сүнслэг дуу болохоороо ч тэр үү. Өөртэй нь холбогдсон уран бүтээлчидтэй саадгүй учруулаад байна уу даа гэсэн бодол төрж байсан шүү. Өдрийн цагаар үндсэн ажлаа хийж оройн цагаа номоо бичиж суудаг байлаа.
Гоолингоо чинь сүнстэй дуу гэсэн заавал орооцолдох хэрэг байна уу гэсэн санал, зөвлөгөө арван жилийн турш намайг дагалдсан.
Гоолингоогийн түүхээр аялж байхдаа бүрэнхий болсон үед хааяа айна. Гоолингоотой холбогдсон бүсгүйчүүдийн нулимстай түүхийг судлангаа тэдний хайрын түүхээр хамтдаа аялж уйлж, дуулж хааяа бүүр бурангуй нийгмээс болж хайртай хүнээ алдсаныг нь олж мэдээд халаглаж харамсан байж номоо бичиж дуусгасан. Манжийн дарлал, Богд хааны засаглал, Хэлмэгдүүлэлтийн үетэй холбогдсон Гоолингоогийн түүхийн жимээр аялахад сонирхолтой байсан. Урлагийн агуу бүтээлтэй анх арван жилийн өмнө холбогдож Гоолингоо баримтат уран сайхны нэвтрүүлгээ үзэгч олондоо хүргэж байлаа.
- “Зүрхний нулимс Гоолингоо” номоо бичих болсон учир юу вэ. Миний хувьд эхлээд Гоолингоо нэвтрүүлэг номын бүтээл болоод уншигчдад хүрч байгаа юм байна гэж бодож хүлээж авсан. Гэтэл яг таны зохиол бүтээлийг уншаад Гоолингоо дууны арвин баялаг түүхийн талаар уншихдаа нэвтрүүлгийн хүрээнээс хальсан том бүтээл болжээ гэж бодогдсон.
- Нэг өдөр телевизээр Taxi шоу гэдэг нэвтрүүлгээр Гоолингоо дууг хэн зохиосон бэ гэсэн асуултад хүмүүс хариулж чадахгүй нэвтрүүлгийн зүгээс энэ дууг Ичинхорлоо гуай зохиосон юмаа гэсэн тайлбарыг өгч байсан. Тэр үед юу гэж бодогдож байсан бэ гэхээр Гоолингоог ном болгон уншигчдад хүргэж энэ дууны талаар буруу ташаа мэдээллийг зөвтгөмөөр санагдаж байсан.
Угтаа бол Ичинхорлоо гуай зохиогоогүй бөгөөд эртний үүх түүхтэй дуу шүү дээ. Түүхгүй бол түүхийрнэ. Гэрэлтэй нь ч бай сүүдэртэй нь ч бай ард түмний бүтээлийг хаяж гээж болохгүй гэдэг үүднээс “Зүрхний нулимс Гоолингоо” номоо бичсэн дээ.
- Гоолингоог Hero entertainment-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн байдаг. Сайн уран бүтээлчид сайхан бүтээлийн талаар эрэлхийлж үзэгчдэд хүргэсэн гэж боддог.
- Одоогоос яг арван жилийн өмнө Херо энтертэйнмэнтийн найруулагч Баатар найруулагч дээр очиж Гоолингоо дуугаар нэвтрүүлэг хийх санал тавьж байлаа.
Сайн уран бүтээлчидтэй том сэдвээр бүтээл туурвисан нь олон зүйлийг надад өгсөн.
Оюутны ширээнээс ажлын талбарт гараад удаагүй шинэхэн сэтгүүлч намайг гололгүй хүлээн авч хамтран ажиллах саналыг минь хүлээж авсанд нь одоо хэр нь талархаж явдаг. Херо тэр үед реклам, клипний мангас байсан. Аль л сайн клип, реклам Херогийнх байдаг байлаа. Гэхдээ нэвтрүүлэг лүү тэр бүр хандаж бүтээл туурвиж эхлээгүй байх үе нь байсан.
Сүүлд Баатар найруулагч Гоолингоо “булган сүүлтэй” бүтээл байсан шүү. Ах нь зуун шилдэг дуунуудыг уран бүтээлчдийнх нь үгтэй хамт архивлан үлдэж ирээдүй хойч үедээ өвлүүлэхээр ажиллаж байна гэж хэлж байсан. Сайн уран бүтээлчидтэй том сэдвээр бүтээл туурвисан нь олон зүйлийг надад өгсөн.
- Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ. Таныг цахим ертөнцөд “Таван жилд нэг цэцэглэдэг ховорхон цэцэг” гэж бичсэн байсан. Нээрээ л арван жилийн өмнө Гоолингоог хийгээд түүнээс хойш таван жилийн дараа Цагаан тэмээ аалз бүтээлээ хүргээд дахиад таван жилийн дараа “Зүрхний нулимс Гоолингоо” номоо уншигчдад хүргэлээ. Энэ давтамжийг арай ойртуулъя гэсэн бодол байна уу.
- Байгалийнхаа жамаар цэцэглэж байна даа. /Инээв/ Уул нь урлагийг дэмжигчид усалж ургуулдаг бол жил болгон л цэцэглээд бүтээлээ хүргээд баймаар. Даанч баримтат бүтээлүүд өргөн бүрэлдэхүүн шаарддаг.
Тэр хэрээрээ мөнгө санхүү их шаарддаг жанр л даа. Тиймээс л боломж бололцоондоо тулгуурлаж бүтээлүүдээ гаргахаар зай нь арай холдоод байдаг юм. Аливаа зүйлийг амлалгүй хий гэдэг болохоор бүтээл төрөх тэр мөчид уншигч, үзэгчидтэйгээ уулзах байх. Дараагийн бүтээл дэлхийд танигдсан монгол аялгуу байх болно.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!