Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хувиргасан амьд организм ба эдийн засгийн хамаарал

З.Цэлмэг, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 16
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу “genetic modified food” хэрэглэх, эсэх асуудалд дэлхийн улс орнууд эсрэг, тэсрэг байр суурь баримталдаг. Үүний үр дүнд энгийн иргэд хүнсээ сонгож чадахгүй төөрөлдөж, улс орнуудын хооронд маргаан өрнөж, дэлхийн худалдаа агшиж байна.

Дэлхийн тахианы махны дийлэнх хэсгийг нийлүүлдэг Бразил улсын шувууны аж ахуйнууд тэжээлийн хомсдолд оржээ. Ингэснээр сүүлийн саруудад тахианы махан бүтээгдэхүүний гарц нь арван хувиар багасаад байна.

Генетикийн өөрчлөлттэй үр тарианы тариалалтаар АНУ-ын дараа ордог тус улс тахианы аж ахуйн хоол тэжээлийн дийлэнх хэсгийг GMO үр тариагаар хангадаг.

Дэлхийн тахианы махны дийлэнх хэсгийг нийлүүлдэг Бразил улсын шувууны аж ахуйнууд тэжээлийн хомсдолд оржээ. 

Бразил 13.5 сая га талбайд хувиргасан амьд организм бүхий хүнсний тариалалт хийдэг бөгөөд нийт ургацын 86 хувь нь энэ төрлийнх. Тиймээс генетикийн өөрчлөлттэй үр тарианы импортыг хориглосон цөөн орны нэг.

Харин тус улсын шувууны аж ахуй энэхүү зохицуулалтаас болж хүндхэн байдалд ороод байгааг дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Bloomberg-ийн мэдээлж буйгаар дөрөвдүгээр сард мөн GMO хүнс тариалагч Аргентинаас үр тариа ачиж ирсэн хөлөг онгоц өнөөг хэр нь Бразилын боомтод саатаж буй аж.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Европын холбооны дийлэнх орон, ОХУ болон Дундад Азийн гээд нийтдээ 37 улс GMO бүтээгдэхүүнийг ямар нэг байдлаар тариалах, импортлохыг хориглоод байна. Мөн байгаль хамгаалах байгууллагууд хувиргасан амьд организм бүхий хүнсийг эсэргүүцдэг ч уг үндэслэлийг нотлох барин тавин баримт өнөөг хэр байдаггүй.

Энэ нь маргааныг улам даамжруулсаар. Тэгвэл хувиргасан амьд организм бүхий хүнсний бүтээгдэхүүн гэж чухам юу вэ? Энэ талаар


ШУТИС-ийн ҮТС-ийн Био технологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, Биологийн ухааны доктор Д.Дөлгөөнтэй ярилцлаа.

 

-Хувиргасан амьд организмыг хориглодог шалтгаан нь юу вэ?

-Тухайн улсын газар тариаланд нэгдүгээрт давуу байдал бий болгодоггүй. Хоёрдугаарт, тэрхүү хувиргасан амьд организмууд өөр улсын байгууллага, компаниудын оюуны өмчөөр бүртгэгдсэн байдаг.

Тиймээс хувиргасан амьд организм тариалах юм бол өөр улс, гаднын эдийн засгаас хамааралтай болно гэсэн үг. Энэ бол эдийн засаг, улс төрийн маш том асуудал.

-Хэрэглээтэй холбоотой судалгаа харахад олон хүн хувиргасан амьд организм бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх дургүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь батлагдаагүй хэрэглээг таашаадаггүй нь ямар учиртай вэ?

-Бичил долгионы зуухыг анх гарч ирэхэд олон хүн аюултай гэж үздэг байсан. Гэтэл одоо айл бүрт бий. Аюултай гэдэг үүднээс харвал авто тээврийн хэрэгслийг ч гэсэн хорих хэрэгтэй болно. Үнэндээ дэлхий дээр автын ослоор нас барагсдын тоо үер, байгалийн гамшиг, өвчин, дайн гэх мэт төрөл бүрийн нас баралтаас хамаагүй их байдаг шүү дээ.

-Гэхдээ тухайн хүнсэнд юу агуулагдсаныг мэдэхгүй байж яаж идэх юм бэ?

-Тэгэхээр хүмүүс мэдэхгүй зүйлээсээ айж байна гэсэн үг. Хүмүүсийн байгалийн шинжлэх ухааны талаарх ерөнхий мэдлэгийн түвшин маш сул байна. Химийн бодис, амьд биет хоёрыг ялгахгүй түвшинд байна шүү дээ.

 Аюултай гэдэг үүднээс харвал авто тээврийн хэрэгслийг ч гэсэн хорих хэрэгтэй болно. 

Вирус, бактерийг ч юу гэдгийг нь ялгахгүй мөртлөө ямар ч байсан аюултай гэж ойлгодог. Ген гэж яг юу болохыг хэлж мэдэхгүй байж генийн өөрчлөлттэй учраас аюултай гэж хардаг. Тиймээс аюултай гэж боддог шалтгаан бол мэдэхгүйгээс үүдэлтэй.

-Тийм бол хувиргасан амьд организм гэж юу вэ?

-Хувиргасан амьд организм гэж химийн бодис биш, нэмэлт бордоо биш, ямар нэг хүнсний болон газар тариалангийн нэмэлт бодисуудын аль нь ч биш. Энэ бол шинэ үүлдэр, шинэ сортыг гаргаж авах, бараг 30-40 жилийн өмнө бий болсон технологи.

-Ийм хүнсний бүтээгдэхүүнийг хэзээнээс хэрэглэдэг болсон бэ?

-Америкийн FDA буюу Хүнс, эмийн хяналтын газраас 1994 онд анх генетикийн өөрчлөлттэй улаан лоолийг хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэдэг дүгнэлт гаргаж хэрэглэхийг зөвшөөрсөн түүхтэй. FDA-ын талаар нэг зүйлийг тодотгон хэлмээр байна. 

FDA гэх байгуулга нь ямар ч авлига авдаггүй, хуурамч тамга дардаггүй гэдгээрээ алдартай. Ямар нэг хүнс, эмийн бүтээгдэхүүн аюултай бол ямар ч том үйлдвэрлэгчийг сөрж чаддаг. Үйлдвэрлэгчийн цаана хэн байгаагаас айдаг ч байгууллага биш. Тийм учраас FDA-ын гаргасан дүгнэлт ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөгддөг.

-Байгаль хамгаалагчид тухайн хувиргасан амьд организмыг клонийн аргаар гаргаж авсан бол түүнд агуулагдах бактери нь хөрс, ус гэх мэт тухайн орчныхоо шимт бодисыг устгадаг, сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Энэ бодитой юу?

-Устгаж болох уу, устгах магадлал бий юу, устгасан түүх байгаа юу гэсэн олон асуулт байдаг. Гэвч энэ бүхэнд өнөөг хэр нь хариулт байгүй. Учир нь экологийн аюул бий болгосон түүх байхгүй.

-Генийн өөрчлөлттэй хүнс бол савлагаан дээрээ заавал GMO гэж бичих ёстой гэдэгт том маргаан өрнөдөг. Бичихээр бас л органик бүтээгдэхүүн гэдгийг нь үгүйсгээд байгаа юм биш үү?

-Энэ дээр бас л хүн амын ерөнхий мэдлэгийн түвшин яригдаж байна. Органик бүтээгдэхүүн сайн гээд хэн хэлчихсэн юм бэ? Органик бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байна вэ?

-Цэвэр байгалийн гаралтай л гэж ойлгодог?

-За тэгвэл байгаль дээр тарваган тахал, эбола, өт, бөөс гээд бүгд байгаа. Байгаль дээр маш олон төрлийн өвчин үүсгэгчид байдаг. Хорхойтой алимд дуртай бол органик бүтээгдэхүүн идэж байна гэсэн үг. Тэр хорхой ямар бодис ялгаруулдаг болохыг тодорхой мэдэхгүй.

Органик бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол маркетинг, бизнесийн арга. Органик бүтээгдэхүүн гэдэгт Монгол малын мах орохгүй байж болно. Учир нь антибиотик, вакцин тарьсан. Өвчилсөн малын идэхийг хүсэхгүй биз дээ. Органик бүтээгдэхүүн нийт хүн амын хүнсний хэрэгцээг хэзээ ч хангаж чадахгүй.

Органик бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол маркетинг, бизнесийн арга. 

Органик бүтээгдэхүүний нэгж талбайгаас авах ургацын хэмжээ маш бага. 100 алим тариалахад 99 нь ялзарч, нэг нь л үлдэнэ.

Ялзарсан 99-ийнхээ үнийг нөхөхийн тулд нэг нь маш үнэтэй байна. Тиймээс органик бүтээгдэхүүн бол баячуудын, цөөн хэдэн хүний л хэрэглэдэг зүйл. Их Британи, Уэльсийн хунтайж органик бүтээгдэхүүнийг дэмжиж эхэлснээс хойш дэлхий нийтэд энэ ойлголт хүчтэй тархсан. Органикийг био, эко гэх мэт үгсээр бас орлуулан хэлдэг.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа байгалийг өөрчилж ирсэн. Бид тэжээгээгүй бол монгол хонь, ямаа, морь байгаль дээр амьд үлдэхгүй байх байсан биз. Яагаад гэвэл аль хэдийн чоно бариад идчихсэн байгаа. Хүн эдгээр амьтдын генийг нь өөрчилж бий болгосон. Манай эриний өмнөх 700 жилийн тэртээ маяа индианчууд анх зэрлэг эрдэнэ шишээс одоогийн бидний хэрэглэдэг эрдэнэ шишийн үндэс суурийг гаргаж авсан.

Энэ бол генетикийн өөрчлөлт. Хүмүүс зөвхөн хүнсний зориулалтаар генийг өөрчилдөггүй. Зугаацах гэж генийн өөрчлөлт хүртэл хийж ирсэн. Одоогийн бүх нохой генийн өөрчлөлттэй. Үсгүй муур, халаасны нохой зэргийг генийн өөрчлөлтөөр гаргаж авсан. Эдгээр амьтныг идэхгүй ч зугаацах гэж өөрчлөлтөд оруулсан нь энэ.

-Генийн өөрчлөлтийн уламжлалт болон орчин үеийн аргын ялгаа нь юу вэ?

-Эрт цагт бол хоёр өөр төрлийн эрдэнэ шишийг хооронд нь эвцэлдүүлэхэд 30 гаруй мянган ген холилдоод юу болж байгааг мэдэх аргагүй байсан. Харин орчин үед бол эрдэнэ шишийг генетикийн өөрчлөлтөд оруулахын тулд нэг ширхэг генийг нь авч өөр нэгээр орлуулж байна.

-Тэгэхээр л нөгөө байгалийн бүтээгдэхүүнээсээ ядмаг болоод ирэх биш үү? Хятад алим оросынхыг бодвол амт муутай, шим тэжээл багатай гэх зэрэг түгээмэл ойлголт байдаг?

-Яагаад генийн тоо нэгээр хэмжигдэж байна вэ гэвэл өөрчлөлтийг нь тооцоолж, урьдчилан хэлэх боломжтой юм. Тиймээс аюултай, аюулгүйг нь мэдэж болно гэсэн үг. Харин гуч, дөчин мянган генийн дундаас ямар өөрчлөлт явагдаж, мутаци үүсч, ямар хортой үйл явц явагдаж байгааг мэдэх арга байхгүй.

Харин амт бол тусдаа асуудал. Амтыг яаж ч гаргаад ирж болно. Богино хугацаанд их хэмжээгээр тариалдаг, хөрсөө арчлах боломж нь хязгаарлагдмал гэх мэт асуудал бий. Энэ гэхдээ агрономын асуудалд хамаарна. Мэдээж сортоос хамаарч болно.

Гэхдээ ядмаг болохгүй. Тухайн эрдэнэ шишид 32,540 ген байгаа. Харин царцаа идээд байсан учраас царцаанд идүүлдэггүй ген суулгая гэх зэргээр нэмдэг.

-Тэгвэл хувиргасан амьд биетийг эсэргүүцэж буй шалтгаан нь юу болж таарах вэ?

-Байгаль дээрх бүх сорт генийн өөрчлөлттэй байдаг. Харин хэрэглэж байгаа арга нь молекул биологийн арга биш. Тийм учраас GMO гэдэг нэр өгдөггүй.

Молекул биологийн арга хэрэглэнгүүт л GMO гэдэг ангилалд ордог. Тэгээд энэ үгээ хараад, сонсохоороо аюултай гэж ярьдаг. Энэ чинь байгаль дээр ч явагддаг үйл явц. Тухайн амьд организмын генийн бүтцийг хүн шинийг суулгахдаа огт эвддэггүй.

-Эсэргүүцэл нь ямар үндэслэлтэй гэж?

-Нэгдүгээрт, хүний эрүүл мэндэд аюултай гэдгийг нь батлах гэж эрдэмтэд хэд хэдэн туршилт хийсэн. Үүндээ маш их мөнгө зарсан ч амжилт олоогүй. 

Тухайлбал, хархнуудад генетикийн өөрчлөлттэй төмс идүүлтэл үхсэн тухай туршилт хамгийн алдартай. Хархнууд нь үхэнгүүт ийм хүнс маш аюултай гээд туршсан эрдэмтэд нь зарлажээ. Гэтэл туршилт хийсэн аргыг нь шалгахад төмсөө арилгаагүй, хөрс буюу шороотой нь идүүлсэн. 

Харин хархнуудыг үхэлд хүргэсэн шалтгаан нь генетикийн өөрчлөлт бус хөрс нь байв. Харх байтугай хүний бие ч их хэмжээний цардуулд харшилна. Бид түүхий төмс иддэггүй шүү дээ. Энэ мэт хуурамч шинжлэх ухааны үр дүн их байдаг. Тиймээс эрүүл мэндэд сөрөг гэдэг нь батлагдаагүй.

Бас эсэргүүцэгчид генетикийн өөрчлөлттэй хүнс аюулгүй гэдгийг нь батал гэдэг. Аюулгүй гэдэг нь FDA-ын эрсдэлийн үнэлгээгээр сөрөг хариутай гарсан. Бас генетикийн өөрчлөлттэй хүнс аюултай гэж эсэргүүцдэг доктор, профессорын ихэнх нь хуульчид, шүдний эмч нар байдаг. 

Яг генийн үйл ажиллагааг танин мэд дэг молекул биологичид бараг байдаггүй. Бас Европын холбоо, ОХУ зэрэг оронд генетикийн өөрчлөлттэй хүнсний боловсруулсан хүнсэнд агуулагдах хэмжээг зааж өгсөн байдаг. Үнэхээр аюултай байсан юм бол бүр мөсөн хориглох учиртай шүү дээ.

-Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь алсдаа гарч ирнэ гэж яриад байх юм?

-Тийм хор уршиг гарч ирэхгүй. Яагаад боловсруулсан бүтээгдэхүүний найрлагад тодорхой хэмжээгээр орохыг зөвшөөрсөн бэ гэхээр тэдгээр орон генетикийн өөрчлөлттэй хүнс тариалдаггүй. Тиймээс энэ төрлийнх нь импортын бүтээгдэхүүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, импортыг хязгаарлаж буй арга.

Америкийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувь нь генетикийн өөрчлөлттэй. Гэтэл АНУ-ын бүх бүтээгдэхүүнийг хоригловол хоёр орны харилцааны маш ноцтой асуудал үүснэ. Харин үүнээс зайлсхийхийн тулд GMO-гүй л бүтээгдэхүүн оруулахыг зөвшөөрдөг. Үүний цаана өөрийн зах зээлээ хамгаалж буй эдийн засгийн бодлого яригдаж байна.

-Байгаль орчинд муу нөлөөтэй гэж эсэргүүцдэг асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Генийн өөрчлөлтөөр хэт давуу чанар өгсөн ургамал тариалангийн талбайгаас алдагдвал хэт тархах буюу экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж үздэг. Энэ бол туйлширсан гаргалгаа юм. Яагаад гэвэл хүн төрөлхтөн экологийн тэнцвэрийг хэдийн алдагдуулсан. Хэдэн зуун га-гаар хэмжигдэх талбайд зөвхөн улаанбуудай гэх мэт ганц л ургамал тарьж байна.

Байгалиараа байсан бол тэр талбай дээр маш олон төрлийн ургамал ургана. Тиймээс энэ бол худал гаргалгаа. Дараагийнх нь юу вэ гэвэл, генетикийн хөндлөн хөдөлгөөнөөр бусад амьтан, ургамлын ген тухайн ургамалд очвол аюултай гэж үздэг. Энэ тархалт бол амьдрал дээр ердийн л үзэгдэл.

Зураг
Зураг
14 | 18 | 19 цаг