Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жолооны үнэмлэхээ хаясан иргэд хүсэлт гаргаад ТҮР ҮНЭМЛЭХ авах боломжтой

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жолооны үнэмлэх хэвлэлт ямар шалтгааны улмаас зогссон, хэзээнээс хэвлэгдэж эхлэхийг ЦЕГ-ийн Лицензийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

- Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй хоёр сар орчмын хугацаа өнгөрч байна. Ямар шалтгааны улмаас хэвлэхгүй байгаа вэ?

-Манайх жил бүр жолооны үнэмлэхийн бэлтэцийн тендер зарладаг. Өнгөрсөн жил бид 230 мянган жолоны үнэмлэхийн бэлдэц захиалж авсан. Үүний 170 мянга нь энэ жилийн хэрэгцээнд хүрнэ гэж төлөвлөсөн. 60 мянган бэлдэц нөөцөд байсан гэсэн үг. 

Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлээд дууссан. 

Гэтэл өршөөлийн хууль батлагдаж, 2015 оны долоодугаар сарын 2-ноос өмнө жолооны эрхээ хасуулсан бүх иргэний эрхийг сэргээхээр заасан. Ингээд хуулийн дагуу 81 мянган жолооны эрх сэргэсэн. Үүний 30 орчим мянган үнэмлэх нь манайд байж байсан. Үлдсэн 50 мянган үнэмлэхийг нөөцөөс хэвлэх шаардлагатай болсон. 

Мөн жолоочийн шар үнэмлэхийг зайлшгүй, ойрын хугацаанд солих шаардлагатай гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Шар үнэмлэхийг солих шаардлагатай бөгөөд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байсан ч буруу ташаа мэдээлэл авсан, яарсан 30 мянган иргэний захиалга орж ирсэн. Ингээд нөөцөө шавхаад дууссан. 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлээд дууссан байгаа. Одоогийн байдлаар 30 мянга орчим хүний материал ирсэн, бэлдэц ирэхээр шууд хэвлэхэд бэлэн болоод байна. 

- Энэ жилийн тендер зарлагдсан уу, бэлдэц хэзээ ирэх вэ?

Энэ жилийн тендер төгсгөлийн шатандаа явж байгаа. Ойрын өдрүүдэд шалгаруулалт дуусч, ялсан компанитай гэрээ байгуулах бөгөөд гэрээний дагуу 30 хоногт багтаан бэлдэцийн нийлүүлэлт хийгдэнэ.

Бэлдэц хүлээлттэй байгаагаас үүдэн манайхаас журамд заасны дагуу түр үнэмлэхийг олгож байгаа. Үнэмлэхээ хаясан, гээсэн иргэд жолоо барих шаардлагатай байна гэсэн хүсэлтээ гаргаж өгөөд түр үнэмлэх авах боломжтой.

- Шар үнэмлэхийг хүчингүй болсон, яаралтай солиулах шаардлагатай гэсэн мэдээлэл байгаа энэ тухайд?

- Хууль зүйн сайдын тушаалаар шар үнэмлэхийг хүчингүйд тооцчихсон. Гэхдээ шар үнэмлэх маань анхнаасаа хугацаагүй олгогдсон учраас хүчинтэй.  Бидний зүгээс шар үнэмлэхээ өнөө маргаашгүй солиул гэж шахахгүй, 2016 ондоо багтаад солиулах зөвлөмжийг өгч байгаа. Одоогоор шар үнэмлэхтэй 90 орчим мянган жолооч байгаа.

Энэ жил ахиад 200 мянга орчим бэлдэц авна. Энэ нь ирэх жилийн төлөвлөсөн үнэмлэхээс гадна шар үнэмлэх солиход хүрэлцэнэ.