Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: “Арева Монгол” компанитай байгуулж буй “Орд ашиглах гэрээ”-ий явц 95 хувьтай байгаа

Н.Пунцагболд
2016 оны 5 сарын 17
Монголын мэдээ

Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амарсайхантай “Арева Монгол” компанитай холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Арева” компанитай орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгийг ахалж байгаа билээ. 

-Өнөөдрийг хүртэл нийг­мийн сонирхлыг татсан хэ­вээрээ байгаа сэдэв бол “Арева”. Тэгвэл “Арева” ком­пани Монгол Улсын нутаг дэвсгэрээс Уран буюу шар нунтаг олборлох эсэх асуудал байлаа. Сураг тавих нь ээ ажил ахицтай яваа төдийгүй орд ашиглах гэрээ байгуулах хэмжээнд очсон. Ажлын хэсгийг та ахалж буй мэдээлэл сонсогдлоо?

-Миний хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын дэд даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэж байгаагийн хувьд байгууллагаа төлөөлөн “Арева Монгол” компанитай орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Орд ашиглах гэрээний тухайд илүү технологи талдаа гэрээ гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ болон манай улсын эрхзүйн баримт бичгүүдэд тулгуурлан хийгдэж буй гэрээ юм.

Дулаан-Уулын орд 7,055 тонн шар нунтгийн нөөцтэй бол Зөөвч овоо 67,707 тонн нөөцтэй.

Дээрх ордын хайгуулын ажлын тайлан, үр дүнг хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн болон нөөц бүртгэсэн шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг харгалзан үзэж, өнгөрсөн оны зургадугаар сард Дорноговь аймгийн Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэсэн ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГ-аас өгсөн.

АМГ-аас энэхүү зөвшөөрөл олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 18.8-д заасны дагуу Цөмийн энергийн комисс, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох бүхий л материалыг хүргүүлж, санал авсан. Дулаан-Уулын орд 7,055 тонн шар нунтгийн нөөцтэй бол Зөөвч овоо 67,707 тонн нөөцтэй.

Эдгээр ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүлээн авч улмаар АМГ-ын даргын 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн.

ТЭЗҮ-д зааснаар уг төслийг 2022-2045 он хүртэл 23 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс хойш орд ашиглах гэрээг  дахин байгуулахаар болж гэрээ байгуулах ажил 95 хувьтай явж байна. 

-Тэгэхээр “Арева” ком­пани хайгуул хийх биш ол­бор­лолт явуулж эхэлнэ гэж ойлгож болох нь, тийм үү?

-Ашиглалтын зөвшөөрөл нь гарсан нэр бүхий гурван ордод олборлолт эхэлнэ гэж ойлгож болно. “Арева Монгол” компани Дорноговь аймгийн Улаан­бадрах сумын нутагт хэрэг­жүү­лэх Дулаан-Уул, Зөөвч овоо ордод цацраг идэвхит ашигт малтмал ашиглахтай холбоотой төслийг 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Дулаан-Уул ордод хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнийг АМГ-аас хянаж үзээд, 2002 онд олгож байсан юм билээ. Мөн Зөөвч-Овоо ордод ч хайгуул хийх тусгай зөвшөөрлийг мөн онд олгосон байдаг. Гэхдээ “Арева”-гийн Монгол дахь компани болох “Кожеговь” ХХК 1997 оноос геологийн эрэл хайгуулын судалгааны аж­лыг хийж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. 

-Орд ашиглах гэрээний 95 хувь нь бэлэн болсон юм бол үлдсэн таван хувь нь ямар асуудал байгаа вэ. Юун дээр тохиролцоонд хүрэх шаардлага тулгарсан юм бол?

-Социализмын үед Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөт гэсэн ордууд дээр улсын төсвийн хөрөнгөөр тодорхой ажлыг гүйцэтгэсэн байсан. Хийсэн ажлын зардал гэж байгаа. Тэр зардлыг өнөөдрийн үнэ цэнэд шилжүүлээд үзэхээр 8.5 тэрбум орчим төгрөг болж байгаа юм.

Үндсэндээ дөрвөн сая орчим ам.долларын асуудал. Үүнийг “Арева” компанид бид танилцуулсан.

“Арева”-гийн талаас асуудлыг үгүйсгээ­гүй. Хоёр долоо хоногийн өмнө “Арева” компаний төлөөлөл манайхантай уулзаад, хоёр талаасаа уг асуудлыг шийдэхээр хамтран ажиллахаар болсон. Тэгэхээр үнийн дүнгийн жаахан хэлбэлзэх байх. Ямар ч байсан “Арева” компани энэ мөнгийг манай улсад төлөх ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа.

Хоёрдугаарт, Ашиглал­тын тусгаар зөвшөөрөл эзэм­шигч нь Цөмийн энергийн ту­хай хуулийн 28.9 дэх заал­тын дагуу байгаль орчныг хамгаалах, цацрагийн ослоос сэргийлэхтэй холбогдуулан тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг Монгол Улсын Төрийн санд байршуулсан байх ёстой. Мөнгөн хөрөнгийн хэмжээг МУ-ын Засгийн газар тогтооно гэж хуулинд заасан. Манай ажлын хэсэг саналаа Аревад хүргүүлсэн. 

-Орд ашиглах гэрээний анхдагч нь энэ болж байх шиг байна. Тэгвэл Монголд хэр ашигтай гэрээ хийж чадсан гэж бодож байгаа вэ?

-Орд ашиглах гэрээний хувьд яах аргагүй анхдагч нь. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Орд ашиглах гэрээний зүйл заалт бүрийг хянан хэлэлцэж 95 хувь дээр нь хоёр тал тохиролцоонд хүрч чадсан.

Энэ төсөлд зөвхөн “Арева” компани биш Японы “Мицубиши” корпораци оролцож байгаа учраас үндсэндээ гурван талын уулзалтууд байнга болж байлаа. Тиймээс гэрээ байгуулах явц тийм ч амар байгаагүй.  

-Эдгээр ордыг ашиг­лахад Монголын тал хэдэн хувийг нь эзэмших вэ. Манай­хаас ямар компани орол­цох юм бол?

-Манай улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг батал­сан. Энэ хуулийн V зүйлд цацрагт идэвхит ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хуульчилж өгсөн. Монгол Улсыг төлөөлж "Мон-Атом" төрийн өмчит компани оролцоно.

-Францийн талаас хэр их ач холбогдол өгч байгаа вэ. Хайгуул хийж эхэлснээсээ хойш мэдээж олон сая ам.доллар зарцуулсан байлгүй. Манай эзэмших 34 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Францын талаас энэ төсөлд анхаарал хандуулж ажиллаж байгаа гэж ойлгож болно. Хувь хэмжээний хувьд Мон-Атом компани хувь нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.

-Урантай холбоотойгоор Улаанбадрах сумын иргэд багагүй эсэргүүцэж байгаа. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Ер нь Иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсад шар нунтаг олборлуулахгүй гэдэг асуудлыг байнга гаргаж тавьдаг. Мөн Улаанбадрах сумын малчдын мал үхсэн асуудал гарахад урантай холбогдуулж асуудлыг гаргаж тавьж байсан.

Тухайн үед холбогдох төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан юм билээ.

Мал үхсэн шалтгаан нь урантай холбоогүй гэдэг нь тогтоогдсон. 

Мал үхсэн шалтгаан нь урантай холбоогүй гэдэг нь тогтоогдсон. “Арева” компаний хувьд орон нутагт “Хил хязгааргүй малын эмч” гэдэг төслийг хэрэгжүүлээд ажиллаж буй билээ. Улаанбадрах сумын болон тэр хавиар нутаглаж байгаа малчдын мал өвдөх шинж ажиглагдвал малын эмч дуудлагаар очоод үнэ төлбөргүй үзэж, шинжилгээ хийж байгаа. 

-Ашигт малтмалын газар энэ бүхэнд ямар хяналт тавьж ажиллах вэ. Төрийг төлөөлж байгаа гэж ойлгож болох уу?

-Цөмийн энергийн газар татан буугдаад чиг үүрэг нь манайд ирчихсэн. Орд ашиглах гэрээний дагуу технологийн горим, бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж байна уу гэдэгт бид хяналт тавьж ажиллана. 

-Орд ашиглах гэрээг бай­гуулаад, асуудал ший­дэгдчихвэл ураны үйлдвэр барих нь гэж ойлгож болно биз дээ?

-Үйлдвэр баригдана. Аммо­ний-Диуранат гэх шар нунтгийг гаргаж авна. 

-“Арева” компанийн зүгээс манай талд тавьж байгаа шаардлага бий юу?

-Тийм зүйл байхгүй. 

-Гэрээний төслийг манай­хан боловсруулсан уу. Эсвэл хоёр тал төслөө нэгтгэсэн үү?

-Ерөнхийдөө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордод тусгай зөвшөөрлөөр олгогдсон солбицол бүхий талбайд тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбогдуулан байгуулах “Орд ашиглах гэрээ”-ний төслийг “Кожеговь” ХХК-иас 2015 оны тавдугаар сард Ашигт малт­малын газарт ирүүлсэн.

Уг төсөлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг өн­гөрсөн оны зургадугаар сарын 26-ны өдөр байгуулын ажиллаж байна. Ажлын хэсэг гэрээний төсөлтэй танилцаад, төсөл нь гэрээний ерөнхий нөхцөлд тавигдах шаардлага хангаагүй.

Мөн гэрээний хэлбэр, агуулга нь Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байсан болохоор олон улсын практик, дотоодын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн “Орд ашиглах гэрээ”-ний төслийг шинээр боловсруулсан юм. Ерөнхийдөө тэдэнд бараг тулгах маягтай л ажилласан гэж ойлгож болно. 

Зураг