ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөөгийн иргэдэд өнгөтэй гоё сэтгүүл бус сонин хэрэгтэй байна

Ч.Чулуунцэцэг
2016 оны 5 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Саяхан хөдөөнөөс ирсэн хамаатны хөгшин маань нутаг буцахынхаа өмнөх орой “Миний охин ажлаа тараад ирэхдээ хэрэггүй сонин байвал аваад ирээрэй. Цагаан сараар гишүүдийн тараасан янз янзын сэтгүүл гэрээр нэг байна. Сэтгүүлийн цаас байна шүү дээ, гал түлж болдоггүй, хүнд юухан хээхэн боож өгөх гэхээр урагдчихдаг, янзын хог байгаа юм” гээд ихэд ад үзсэн шинжтэй амандаа бувтнасан.

Орон сууцны бид нар гал түлэх “зовлонг” хэдийнэ мартсан тул авч явахад нь дараа болдоггүй л юм бол...” гэсэн шүү бодоод чихнийхээ хажуугаар тоолгүй өнгөрөв. Орой харихдаа өнөө сониныг нь мартчихаад тууж явснаа гэнэт санан буцаж очоод  ажилчдынхаа уншаад орхисон өдөр тутмын сонинуудыг нь хамаад зогсохгүй ширээний дээр доор гээд гартаа тааралдсан болгоноо авлаа. 

Хөгшин баярлаж байна  гэж жигтэйхэн. Ашгүй минь гэж ирээд л. Адаглаад хот айлынх нь тамхичид тамхиа ороох цаастай болж байгаа юм байх. Аргаа ядсан зарим нь “Эмээ  авдраа уудлаач. Юм боосон сонины өөдөс байж магадгүй” гэдэг гэнэ.

Цагаан идээ боосон сонины цаас гал түлэхэд урамтай байдгийн дээр хүнд боогоод явуулсан ааруул, бяслаг замдаа хөгцөрдөггүй очдог сайн талтай гэхчилэн хөдөөгийнхөн маань сониндоо одоо хэр хайртай, эрэлттэй байсаар байгаа юм байна. Харин үүнийг УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид маань мэддэг болов уу.

Мэддэггүй нь мэдэж авч, анзаараггүй өнгөрсөн нь анхааралдаа аваасай билээ. 

Үнэндээ ч нүд хужирлахаас цаашгүй, шатаачихъя гэхээр шатдаггүй шохойтой цаас бүхий сэтгүүл хэнд ч хэрэгтэй юм билээ. Ядах нь ээ, тээвэрлэхэд овор ихтэйн дээр хүнд шүү дээ. Бас хэвлэлтийн зардал нь бүх нүүр өнгөт энэ тэр гээд нэг бүрийнх нь үнэ яваад өгнө.

Яахав, зах зээлийн жам ёсоор нэг нэр дэвшигч дунджаар 5,000-аас дээш ширхэг хэвлүүлэх болохоор үнийн дүн  ширхэг нь 4,500 орчим руу буух л байх. Харин сонин бол өөр.

Тал бүрийн ашигтайгаас гадна үнийн хувьд ч нэр дэвшигчийн халаасыг тэгтлээ хоослох хэмжээнд очихгүй. Сонгогч олны өдөр тутмын амьдралд ч хэрэгтэй.   

100 гаруй жилийн түүхтэй сонин өмнө нь хэвтэж байх аваас эргүүлж тойруулаад нүүр нүүрээр нь уншиж мэдэх юм.

Бас зай талбай багтаамж нь ч боломжийн. Сонгууль дууссаны дараа хэзээ хойно нь ч өвөртлөж гараад хонио хариулангаа уншчихна, гутлынхаа түрийнд хийж яваад л мордоход тээг болохгүй гээд бүхий л талаар ашиглачихна.

Нөгөөтэйгүүр, төв суурингийнхан эрээн цаасанд тэгтлээ ач холбогдол өгөхөө больсон, дөжирсөн нөхдүүд гэдгийг мартаж болохгүй.

Тэгээд ч өнгө мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авдаг байсан цаг өнгөрсөн. Аягүй бол нүсэр зардал гарган үнэтэй цаасан дээр сурталчилгаагаа хэвлэсэн байх аваас “Ийм их мөнгийг энэ нөхөр хаанаас олсон байх вэ” гээд л хардчихаж мэднэ. Хор шар нь хөдөлсөн зарим нь өнөө гурван үсэгтийн жижүүр рүү улаа нэхэн шалгаж өгөхийг хүсэх ч юм билүү, хэн мэдлээ. Ер нь сонгогчид сэтгүүл гаргаж тараасан нэр дэвшигчдэд саналаа өгөе гэх нь юу л бол. 

Үнэндээ тэд чинь эхлээд тэд улс төрийн аль хүчинд саналаа өгөхөө ярилцана, дараа нь нэр дэвшигчийг дотор хүнтэйгээ ярилцаж шүүнэ. Үүний дараа л тухайн нэр дэвшигчийг  сонгуулийн сурталчилгааны материалтай танилцана шүү дээ.

Харин ч 100 гаруй жилийн түүхтэй сонин өмнө нь хэвтэж байх аваас эргүүлж тойруулаад нүүр нүүрээр нь уншиж мэдэх юм. Хамгийн гол нь сурталчилгаа юун дээр хэвлэгдсэнд бус доторх мөрийн хөтөлбөрт нь ач холбогдол өгдгийг санааныхаа мухарт шидчихэд гэмгүй.  Бодит үнэнийг өгүүлэхэд ийм байна. Нэр дэвшигч танд амжилт хүсье.

Зураг