Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Сайдын цаг” уулзалтад оролцож, цалин хөлс, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аян, “Бичил бизнесийг дэмжих” хөтөлбөр, малчны мэргэжлийн ангийн талаар мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, 240 мянган төгрөг болгосон. Бүрэн тэтгэврийн хэмжээтэй дүйцүүлж, 25 хувиар нэмэгдүүлсэн тус хэмжээг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллэв. Мөн төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх эх үүсвэрт 90 тэрбум төгрөгийг тусгах тооцоолол, холбогдох төслийн саналыг боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна гэлээ. Хөдөлмөрийн сайдын зүгээс цалин хөлсийг аль болох нэмэгдүүлэх байр суурьтай байгаа гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний тухай хуулиудыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд мэдэллэв. Засгийн газраас “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулж, 2016-2018 онд хэрэгжүүлснээр сум, хороо бүрт 500-гаас доошгүй хүний орлого нэмэгдэж, нийт 66 мянган ажлын байр шинээр бий болох, хадгалагдахаар тооцоолсон.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр болох 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр төрөлжсөн сургалттай “Малчны мэргэжлийн анги”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад шинээр нээхээр болсон бөгөөд анхных нь Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид нээгдэж, 25 суралцагчтайгаар хичээлээ эхэлсэн гэв.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.