Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ялалтын баяраар Москвад халдлага төлөвлөж байсан бүлгийг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлийн заавраар Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-нд Москвад халдлага зохион байгуулах гэж байсан Төв Азиас гаралтай бүлэг хүмүүсийг баривчилснаа Холбооны Аюулгүй байдлын Албаныхан өчигдөр мэдээлжээ.

Мэдэгдэлд их хэмжээний буу зэвсэг, тэсрэх бодис илрүүлснийг дурдсан байна. Террористууд гудамжинд зохиогдох Ялалтын баярын арга хэмжээний үеэр цугларсан хүмүүсийн эсрэг зэвсэг хэрэглэх гэж байжээ.

Тэднийг Сири болон Турк дэх Исламын улс бүлэглэлийн удирдагчид захиалсан бөгөөд Москвагийн захын орон сууцанд орогнож байсан гэнэ. Нийтдээ 12 этгээд баривчлагдсаны ес нь Узбекистан, нэг Киргизистан, хоёр Оросын иргэн байсан байна.

Сири болон Турк дэх террористуудтай харилцаж байсан утасны мэдээлэл, шашны ном зохиолууд орогнож байсан газраас нь олджээ.

Холбооны Аюулгүй байдлын Албаны мэдээллээр ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Орос дахь исламын хэт үзэлтнүүдийн тоо, үйл ажиллагаа нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ХАБА Оросын Самара хотод исламын шашны Салафист мөргөлчдийн нууц байгууллагыг илрүүлж их хэмжээний зэвсэг, тэсрэх бодис байрнаас нь илрүүлж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today