Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

И.Балжинням: Дотоодын эмийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 5 сарын 3
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Монос” группийн GMP эмийн үйлдвэрийн цогцолборын төслийн гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр “Монос” хэмээх их айлтай оюутан ахуй цaгaacaa ажил, амьдралаа холбосон байна.

-Ярилцлагаа танай группийн хэрэгжүүлж буй иж бүрэн гэж тодотгож болох эмийн бүтээгдэхүүний цогцолбор үйлдвэрийн төслөөс эхэлье. Төслийн санаа хэзээнээс эхтэй вэ?

-Дэлхийн жишигт нийцсэн томоохон цогцолбор үйлдвэр байгуулах тухай төслийн санаа 2000 онынх. Тэр үеэс үйлдвэр байгуулах судалгааны ажил үндсэндээ эхэлсэн гэж ойлгож болно. Төслийн өмнөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаад, дотоодын эмийн үйлдвэрүүдтэй танилцах, туршлага солилцох, дэвшилт техник, технологи нарийвчлан судлах ажил эрчимжсэн түүхтэй.

Ингэснээр өнөөдрийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл нарийн тодорхой гарч, улмаар бүтээн байгуулалтын ажил руу төслийн багийнхан шуурхайлан орсон юм. Төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл цөөнгүй тулгарч байсан. Тэр болгоныг даван туулж, цогцолборт багтсан үйлдвэрүүд өнөөдөр эхнээсээ ашиглалтад орж байна.

Дэлхийн жишигт нийцсэн томоохон цогцолбор үйлдвэр байгуулах тухай төслийн санаа 2000 онынх. 

Тухайлбал, Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр энэ долоо хоногт нээлтээ хийх гэж байгаа. Энэ нь эмийн үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд төдийгүй нийт монголчуудын хувьд томоохон үйл явдал.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмийн үйлдвэрлэлд “GMP” гэсэн стандартыг мөрдлөг болгодог. Үүнийг хангасан үйлдвэрийг дотооддоо байгуулж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар тал дээр ахиц, дэвшил гаргах, түүнчлэн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлага бидний өмнө ирж байна.

Цаашлаад, дотоодод үйлдвэрлэсэн эм, эмийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ ч үүссэн. Эм хангамжийн салбарт тэргүүлэгч компанийн хувьд уг томоохон төслийг хэрэгжүүлэхээр зориглон орсон. Нэг талаараа бидний хувьд энэхүү төсөл нь хийх ёстой ажил байсан.

Монгол Улсын эмийн үндэсний бодлого гэж бий. Уг бодлогын баримт бичигт ард иргэддээ чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, бэлдмэл, эмийн бүтээгдэхүүнээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангахаар тодорхойлсон байдаг. Бодлогыг хэрэгжүүлэх үүднээс үндэсний үйлдвэрлэгчид идэвх, зүтгэлтэй ажиллаж байгааг энд онцлон хэлье.

-Үйлдвэр байгуулахад газрын асуудал нэлээн хүндрэл бэрхшээлтэй байдаг. Тэр тусмаа цогцолбор үйлдвэрийн хувьд том хэмжээний газар шаардлагатай болсон байх?

-Тийм ээ. Бидний хувьд эхний ээлжинд газрын асуудлаа нэн даруй шийдвэрлэх шаардлагатай болсон. “GMP” стандартын дагуу нэг ам метр ажлын байранд нэг ам метр ногоон байгууламж байх ёстой гэсэн заалт байдаг. Энэ заалтад үндэслэж, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлээ гаргасан. 

Цогцолбор үйлдвэр учраас томоохон хэмжээний газар хэрэгтэй болсон. Бүх тооцооллоо хийж үзээд хамгийн багадаа дөрөв орчим га газрын эрэлд гарсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн Нисэх орчимд үйлдвэрлэлийн бүс байгуулах төсөл Улаанбаатар хотын захиргаан дээр яригдаад, бид ч хамтарч ажиллахаар хүсэлт тавиад ажилласан.

Гэтэл асуудал маань шийдэгдэхийн өмнөхөн уг газрын зориулалт нь өөрчлөгдөж, одоогийн байгаа спорт цогцолбор баригдсан. Ингээд бид Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт одоо байрлаж буй газраа боломжтой хэмээн үзэн, сонгож авсан. Газрын хувьд ямар ч дэд бүтэц бүтээн байгуулалт байхгүй байсан. Бидний зүгээс төсөл хэрэгжих үндсэн нөхцөлөө бүрдүүлэхээр төлөвлөгөө гаргаж, дэд бүтцийн ажлаас төслөө эхлүүлсэн.

-Төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт босгохоос дараа дараагийн шатанд хийгдэх ёстой ажлууд шууд хамаардаг. Хөрөнгө оруулалтаа яаж шийдвэрлэсэн бэ?

-Үйлдвэр барих газар 2010 онд баталгаажсан. Ингэснээр дэд бүтцийнхээ ажлыг эхлүүлэх боломжтой болсон. Хөрөнгө оруулалтын асуудал нэлээд хүнд байв. Бидний зүгээс хөрөнгө оруулагчдаа судалж, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтрахаар болсон.

Төслийн барилгын ажил 2012 оны есдүгээр сард эхэлсэн. 

Газрын тухайд нэмж хэлэхэд, бид аль болох дэд бүтэцдээ ойр байхаар тооцоолсон. 

Газрын тухайд нэмж хэлэхэд, бид аль болох дэд бүтэцдээ ойр байхаар тооцоолсон.

Үүнээс гадна орчны нөлөөлөл бага орсон, цаашдаа ч гэсэн бага орох ийм газрыг сонгох шаардлагатай болсон. Тэр утгаараа төсөл хэрэгжиж байгаа газар маань бидний тавиад буй шаардлагыг хангахад харьцангуй дөхөмтэй байсан. Дэд бүтэц буюу дулаан, зам, цахилгаан, цэвэр бохир ус гээд бүгд одоо шийдэгдсэн.

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжилт нь хэзээ орж ирсэн бэ. Энэ хугацаанд ямар ажлууд хийгдэв?

-Гэрээний дагуу анхны санхүүжилт 2012 онд хийгдсэн. Санхүүжилт орж ирэхээс өмнө өөрсдийн хөрөнгөөс дээр дурдсан дэд бүтэцтэй холбогдох ажлуудыг эхлүүлсэн байсан. Энэ ажил маань 2012 оноос өнгөрсөн оны есдүгээр cap хүртэл үргэлжилсэн. Уурын шугам гэхэд 2.5 км зайнаас татсан. 

Цахилгааны эх үүсвэрийн хувьд хоёр талын эх үүсвэртэй. Тиймээс байнгын найдвартай цахилгаантай гэсэн үг. Үйлдвэрлэл маань өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс барилгын үндсэн ажлаас гадна стандартын дагуу барилга доторх байгууламж, тоног, төхөөрөмж суурилуулах ажил хийгдсэн. Мөн Дуслын шингэний үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэрийг дотоодын таван эмийн компани хамтарч байгуулсан. Одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд гаргаж байна.

-Цогцолборт багтсан үйлдвэрүүд эхнээсээ нээлтээ хийж, ашиглалтад орж байна. Төсөл хэзээ иж бүрэн хэрэгжиж дуусах вэ?

-Төсөл маань 2020 он хүртэл үргэлжлэхээр байгаа. ТЭЗҮ (техник, эдийн засгийн үндэслэл)-д тусгагдсаны дагуу дараа дараагийн үйлдвэрүүдийг барих ёстой. Үйлдвэрийн судалгааны ажлууд одоо хийгдэж байна.

Төслүүд бэлэн болохоор барилгын ажил нь эхэлнэ. Төсөл маань үйлдвэрүүдийн цогцолбор учраас Монголд хамгийн том, анх удаа хийгдэж байгаа гэдгээрээ ялгаатай. Эм хангамжийн салбарт хувийн хэвшлээс хийгдэж буй хамгийн том төсөл болж байгаа.

-Төслийн бүтээн байгуулалтын ажилд өнгөрсөн хугацаанд нийг хэдэн туслан гүйцэтгэгч компани, хэчнээн хүн оролцсон бэ?

-Төслийн хүрээнд дэд бүтэц, барилга, “GMP” стандартын үйлдвэр гэсэн гурван үндсэн бүтээн байгуулалт хийгдэж байна. Урьдчилсан тоогоор бол 200 гаруй хүн уг төсөл дээр ажилласан. Туслан гүйцэтгэгч компанийн хувьд 10 орчим компани ажил гүйцэтгэсэн. 

Тухайлбал, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зургаан компанийн 80 орчим хүн ажилласан байх жишээтэй. Олон улсын шаардлага хангасан үйлдвэр барихад бидэнд туршлага тааруу. Тиймээс үйлдвэрийн зургийг нь олон жилийн туршлагатай, гаднын мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. 

Төслийн гол гүйцэтгэгчээр олон улсад энэ чиглэлийн төсөл өмнө нь амжилттай хэрэгжүүлж ирсэн компанитай гэрээлж ажилласан байгаа. Туслан гүйцэтгэгчээр нь Монгол компаниуд орж ажилласан. Манайхан ч энэ чиглэлд нэлээд туршлага хуримтлуулсан байх. Үйлдвэр болгон өөр өөрийн гэсэн онцлогтой төдийгүй маш нарийн технологийн тохиргоотой.

-Үйлдвэр хэдий хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх боломжтой вэ?

-Эдийн засгийн анхны тооцооллоор төсөл маань 6.5 сая ам.долларын өртөгтэй байсан. Энэ нь 2009 оны тооцоолол. Европын сэргээн босголт хөгжлийн банктай 6.5 сая ам.долларын гэрээ байгуулж, зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт татсан.

Төсөл хэрэгжих явцад олон улсад хэрэглэж буй тоног төхөөрөмжийн үнэ өөрчлөгдсөн тул нэмэлт зардлууд гарч ирсэн.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ тоо 20 орчим хувиар нэмэгдэхээр байгаа.

Стандарт өөрчлөгдсөн, тоног, төхөөрөмж илүү нарийвчлал сайтай болсон гээд анх төлөвлөж байсан тоног, төхөөрөмжийн зардал гурав дахин өссөн.

Бидний хувьд орчин үеийн шинэ тоног, төхөөрөмж суурилуулахаар зорьсон. Ингээд тооцохоор нийт 9.8 сая ам.доллар буюу төгрөгөөр 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл болж, зардал тэлсэн. 

Төсөл хэрэгжих хугацаанд биднээс шалтгаалах, үл шалтгаалах хүчин зүйлийн нөлөө нэлээд байсныг үгүйсгэхгүй. Төрөл бүрийн тусгай зөвшөөрөл авах ажил цаг хугацаандаа амжихгүй, улмаар зарим ажил хойшилж байлаа. Санхүүжилтийн хувьд ч асуудал гарах нь бий. Төсөл маань өртгөө 10 орчим жилийн дараа нөхнө гэсэн тооцоотой байгаа.

-Үйлдвэрүүд ашиглалтад орсноор шинээр хэчнээн ажлын байр бий болгож байгаа вэ?

-“Монос Фарм” компани одоогоор 150 орчим ажилтантай. Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр энэ долоо хоногт ашиглалтад орох гэж байна. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ тоо 20 орчим хувиар нэмэгдэхээр байгаа. Бусад үйлдвэр ашиглалтад ороод ирэхээр ойролцоогоор 100-120 гаруй хүний ажлын байр шинээр бий болно.

-Шаардлагатай боловсон хүчин бэлэн байгаа юу?

-Монголын эмийн аль ч үйлдвэрт боловсон хүчний асуудал хүндрэлтэй хэвээр байна. Мэргэшсэн, ур чадвартай ажилтан ховор. Энэ нь нэг талаар өнөөгийн сургалтын тогтолцоотой ч холбоотой байх. Үүнээс гадна техник, технологи хувьсан өөрчлөгдөж байна.

Энэ хэрээр тухайн тоног, төхөөрөмжтэй харилцах мэргэжилтэнг бэлтгэх, сургах шаардлага үүсдэг. Бидний зүгээс 3-4 шатлал бүхий сургалт зохион байгуулж байна. Бүтээн байгуулалт бол “GMP” стандартыг нэвтрүүлэх ажлыг 100 хувь гэж үзвэл ажлын 50 хувь нь л юм. Үлдсэн 50 хувь нь боловсон хүчин, хүнтэй холбогдсон асуудлууд байдаг.

-Үйлдвэрлэлд нэвтрүүлж буй орчин үеийн тоног, төхөөрөмж улам л ухаалаг болж байна. Ухаалаг болох тусмаа хүний оролцоо багасч, тухайн техникийн хүчин чадал нэмэгдэх болсон. Танай үйлдвэрүүд ч ялгаагүй энэ жишгээр явж байгаа юу?

-Аль болох л эмийн чанар, аюулгүй байдал талаасаа хүний хүчин зүйл, хүний гаргаж болох алдааны эрсдэлийг багасгах чиглэлд анхаарч ирсэн. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн бүтээмж өндөр байснаар үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсөж, өртөг зардал буурна. Хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа тул үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэж байгаа.

-Таны хувьд үйлдвэрийн төсөлтэй хэзээнээс холбогдсон бэ?

-Би “Монос” хэмээх их айлтай оюутан байхаасаа холбогдсон. Тухайн үед буюу 1995 онд гуравдугаар курсийн оюутан байхдаа “Монос”-ын нэрэмжит анхны тэтгэлэгт оюутан болж байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл хамт байна. 2013 оноос үйлдвэрийн цогцолборын төсөл хариуцсан.

-Дотоодын эмийн үйлдвэрүүд жил ирэх тусам улам өргөжин тэлж байгаа. Иргэн хүний хувьд чанар, баталгаа, үнэ өртөг гээд олон зүйлийг харгалзан үзэж үндэсний эмийн бүтээгдэхүүнийг шаардлагатай үед авч хэрэглэдэг. Нэг галаасаа иргэдийн хандлага ч өөрчлөгдөж байна.

-Аливаа улс үндэстэн зайлшгүй шаардлагатай эмийн бүтээгдэхүүнээ болж өгвөл өөрсдөө хийдэг, дотооддоо үйлдвэрлэдэг байх нь чухал. Ийм боломж, бололцоог ч төрөөс олгоход анхаарах учиртай. Дотоодын эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг мэргэжлийн хяналтын байгууллага нь хэзээ ч орж ирээд шалгаж болно. Харин импортын зарим эм, эмийн бүтээгдэхүүнийг тэр болгон шалгаад байх боломж байхгүй.

Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд бол чанар, аюулгүй байдал талаасаа ч тэр илүү найдвартай, баталгаатай Дотоодод үйлдвэрлэж байгаа учраас үнэ, өртөг харьцангуй хямд. Ямар нэгэн өртөг зардал өсөх нөлөөлөл тэр бүр ороод байдаггүй. Итгэл найдвар төрүүлэх хэмжээнд, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үйлдвэрүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нийт хэрэгцээт эмийнхээ 20 орчим хувийг нь дотоодод үйлдвэрлэж байна.

Дэлхийн жишигт хүрсэн үйлдвэрүүд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн материаллаг бааз суурь бэхэжсэнээр энэ хэмжээ нэмэгдэх юм. Манай үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын эмийн үйлдвэрлэлийг бараг л хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болохоос гадна Монголд үйлдвэрлэсэн эм, эмийн бүтээгдэхүүн шууд гадаад зах зээл дээр гарахад том хөшүүрэг болно.

Зураг