Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энгийнээс энгийнд уусахуй буюу МИНИМАЛИЗМ

Х.Цолмон, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 21
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

АНГИЖРАХУЙ

Юу амьдралд нь үнэ цэнэ нэмж буйг хүмүүст ойлгуулахад тусалдаг хэв маяг бол минимализм. Өөрөөр хэлбэл, эмх замбараагүй эд хогшлын бөөгнөрлөөс хэрхэн ангижирч, зөвхөн гарцаагүй чухал зүйлсээр өрөөгөө дүүргэх вэ хэмээх асуултын хариултыг минимализм танд өгдөг”.

Минимализмын тухай тэмдэгт, дуу, дүрсээр илэрсэн үй олон тодорхойлолт байгаагийн зөвхөн ганц нь л энэ. Өдгөө урлагийн бүхий л төрөлд тэр дундаа загвар, хөгжим, дизайн зэрэгт өөрийн онцлогийг шингээж, томоохон урсгал болон өргөжжээ.

Минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж нэрлэдэг.

Минимализмыг амьдрах хэв маягаа болгосон хүнийг минималист гэж нэрлэдэг.

Тэд ийм хэв маягаар амьдрах нь эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, зөв зүйлд анхаарал хандуулж, зорилго, зорилтуудаа илүү тодорхой болгоход тусалдаг гэж үздэг.

Хамгийн наад зах нь нүүж суухад ч тун хялбар болдог байна. Сүүлийн үед олон оронд сошиал ертөнцөд танигдсан зарим залуус энэ хэв маягийг сонгон, өөрийгөө минималист хэмээн тунхаглах болсон билээ.

ЭД ЗҮЙЛСЭД ХҮЛЭГДЭХҮЙГЭЭС ЭРХ ЧӨЛӨӨ РҮҮ

Минималист байхыг үнэхээр хүсэж байгаа хүнд энэ тийм ч хэцүү зүйл биш байх. Гэхдээ та гэнэт уг хэв маягаар амьдрахаар шийдсэн бол эхэн үедээ багагүй тэвдэж магадгүй л юм. Энгийнээр хэлэхэд, танд 100 даашинз, 50 хос гутал, 15 ширхэг кофены аяга байх шаардлагагүй.

Зөвхөн хэрэгцээндээ л нийцүүлж эд хогшлыг өмчилнө гэсэн үг. Ингээд төсөөлөхөд олон ачаанаас хөнгөрөх нь таны санаанд амархан бууж байгаа болов уу. Материаллаг зүйл хөөцөлдөхийн оронд одоо цагт төвлөрч, өөрт буй үнэ цэнэ, утга учрын хэлхээс болсон багахан эд хогшил болоод илүүтэй дотоод ертөнцөөсөө таашаал авах.

Энгийн хэв маягийн тунхаглал шигээ ойлгоход ч энгийн. Минимализмд тогтсон, яг таг тодорхойлолт гэж үгүй. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Тиймээс танд үүнийг өөрийнхөөрөө ойлгох эрх чөлөөг энд үлдээж, онолыг ардаа орхиод цааш үргэлжлүүлье.

Анх Дэлхийн II дайны дараа барууны урлагт үзэгдэж эхэлсэн минимализм нь 1960-1970-аад оны эхэн үеийн Америкийн визуал урлагт бүр ч тод томруун дүрслэгдэх болжээ. Алдартай уран бүтээлчид уран бүтээлээ минимализмтай сүлэн туурвиж байсны дотор Дональд Жадд, Жон Маккракен, Агнес Мартин, Дан Флевин, Роберт Моррис, Энн Трүитт болон Френк Стелла нар багтана.

XVII зууны дунд үеэс англи хэлэнд minimal хэмээх одоогийн нэршлээрээ хэлэгдэж эхэлсэн боловч үүсэл нь латин хэлний minimus буюу хамгийн жижиг гэх утгатай үгээс гаралтай.

Харин бүр хожуу буюу 1950 оноос эхлэн минимализм хэмээх үгийн хэрэглээ эрс нэмэгджээ. Тэгвэл Монголд уг хэв маяг (урсгал)-ийг хүмүүс юу гэж ойлгодгийг сонирхлоо. Болгооно уу.

МИНИМАЛИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?

Г.Наранбаатар: Оролдож, судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байгаа ч ерөнхийдөө график дизайн тал руугаа нэлээн хүчтэй байх. Энгийн байлгах тусам их судалгаа, ухаан ордог ч гэх юмуу.

Б.Индра: Бараг л хий хоосон шинж чанар эсвэл түүнтэй төстэй мэт санагддаг. Ямарваа нэг зүйлээс өөрт хэрэгтэйг ялгаж салган, цагийг зөвхөн өөрийн хэрэгтэй, хүссэн зүйлдээ зарцуулах зарчим гэж боддог. Create more, consume less.

М.Дөлгөөнзаяа: Бага байх тусам сайн. Аль болох энгийн, цөөн тооны зүйл. Минимализм гэдэг үгийг инстаграммаас л анх харж байсан. Түүнээс лавшруулж, судалж байгаагүй юм байна.


Харин дээрх асуултад мэргэжлийн хүмүүс юу гэж хариулсныг уншицгаая.

“Монгол архитектор дизайн” ХХК-ийн архитектор, “Миний урлан-Handmade boutique’’ийн уран бүтээлч, дизайнер Э.Билигт

Энэ нь зөвхөн ямар нэг чиг хандлага бус, буддын болоод зэнгийн философи нэвт шингэсэн үзэл санаа, амьдралын хэв маяг юм. Хүн эргэн тойрны болоод өөртөө хандах хандлагын нэг хэлбэр гэх юмуу даа. 

Хэлбэр хэрэглээгээ дагаж, юмс цөөн тусмаа сайн гэх үзэл санаанд тулгуурлаж үүссэн бөгөөд интерьер болон дэлхийн дизайны түүхэнд хувьсгал хийсэн хэв маяг. Гэхдээ интерьерийн хувьд зөвхөн хэрэглээг голчлоод ямар ч зохицолгүй цөөн хэдэн хэрэгтэй тавилга, эд зүйлсээ байлгана гэсэн үг биш л дээ. 

 Минимализм маш өндөр мэдрэмж шаарддаг. 

Юмс цөөн байх тусам тус бүрийн загвар дизайн илүү тод харагддаг учир минимал болоод модерн хэв маяг нь дэлхийн үйлдвэрлэл, тавилгын түүхэнд хамгийн сонирхолтой эргэлт хийсэн цоо шинэ бүтээлүүд гарах шалтгаан болсон юм. Тиймээс минимализм маш өндөр мэдрэмж шаарддаг. 

Юмс болоод орон зайг хэрэглээнд нийцсэн, илүү дутуу ямар ч гоёл чимэглэлгүй атлаа гоо сайхантайгаар бүтээнэ гэдэг үнэхээр хэцүү. Дашрамд дурдахад, минимализм нь завгүй эсвэл гэр цэвэрлэх дургүй хүмүүс болон жижиг орон зайтай газар нэн тохиромжтой хэв маяг.

Мөн минималист хэв маягаар гэрээ зөв тохижуулж чадвал хамгийн стрессгүй интерьер архитектор Д.Номин-Эрдэнэ Минимализм нь архитектур, уран зураг, дизайны салбарт илүү дэлгэрсэн байдаг болов уу. Миний хувьд минимализмыг 1+1=1 гэсэн утга агуулдаг гэж ойлгодог. 

Өөрөөр хэлбэл, минимализм гэдэг нь хамгийн товч бөгөөд тодорхой өгүүлэгдэхүүнтэй урсгал юм. Өөрийн мэргэжилтэй холбож тайлбарлавал элдэв хээ хуаргүй, хамгийн энгийн шийдэлтэй урсгал. Нэг л зүйл нь дутагдвал утгаа алдах, нэг л зүйл нь илүүдвэл энгийн байдлаа гээх тийм л урсгал юм. Гол ойлголт нь энгийн+тодорхой байдал болов уу. Минимализмд “Энгийн бүхэн агуу” гэдэг үг их зохицох юм шиг санагддаг.

Тэдний хариултаас та асуултын тэмдэгтээ хариу авсан гэж найдаж байна. Эндээс үзэхэд минимализмыг урсгал эсхүл хэв маяг гэх нь тухайн хүний сонголт аж.

ТӨГС БИШ, ХЯЛБАР БИШ. ГЭХДЭЭ ЭНГИЙН

Хэрэв та тодорхой ойлголттой болсон ч минимализмын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Minimalism - A Documentary about important things”-ийг үзээрэй. Өөр хоорондоо ялгаатай олон хүн минималист хэмээн нэрлэгдэж буйгаараа адилсаж, энэ нь ч уг баримтат киноны онцлог болох нь мэдрэгдэнэ.

Хүн бүр өөр байдаг шиг минимализмыг ч тэд өөрийн энэхүү онцлогт тохируулан амьдралын хэв маягаа болгожээ. 

Минимализмын тухай цогц ойлголтыг энгийн байдлаар ойлгуулахыг зорьсон тус баримтат киноны нээлт 2016 оны тавдугаар сарын 24-нд АНУ-д болох бөгөөд тэндхийн өнцөг булан бүр дэх 400 гаруй кино театрт гарах аж.

Үзэгчид тус кинонд гарах архитектор, дизайнер, хөгжимчнөөс эхлээд бизнесмен, зохиолч, минималист гэр бүлүүд хүртэлх олон хүнээс “Амьдралаа илүү төлөвлөн, хяналтдаа авах, хэрхэн утга учиртай байлгах вэ?” гэсэн асуултын хариуг эрэлхийлэх боломжтой юм байна. Tөгс биш, хялбар ч биш. Гэхдээ энгийн амьдрал.

Зураг