Нийслэлчүүдийг хамгийн хямд үнэтэй махаар хангадаг хэмээн өөрийгөө хаацайлдаг ганц газар байдаг нь “Хүчит шонхор”.
Гэхдээ бодит байдал дээр нийслэлчүүдийг бус ченжүүдэд л хямд махаар “бэлэг” барьдаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх хэрэглэгч “Хүчит шонхор” захаас бус хоёр гурван ченжийн гараар дамжсан мах худалдаж авдаг. Тэгвэл бид өчигдөр өглөө 08:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн X хороо буюу Дэнжийн мянгад байрлах тус захыг зорилоо.
Дэнжийн мянгынхны амьдрал энэ захыг тойрч “буцална”. Гэхдээ зах дагасан амьдрал баталгаагүй бөгөөд цаанаа л нэг гунигтай.
“Хүчит шонхор” захыг тойроод “Max машиндана”, “Бүх бараа 999 төгрөг”, “Цайны газар”, Коммисын бараа” гэсэн хаягтай жижигхэн мухлагууд үйл ажиллагаа эрхэлнэ. Гаднах өнгө үзэмж ч гэж тун тааруу.
Тоос шороондоо дарагдсан, урагдаж сэмэрсэн хаяг, хана нь цуурч, шавар нь ховхорсон жижиг амбаарууд л ярайна. Энэ газруудаар үйлчлүүлдэг хүн хэр олон бол гэж бодмоор. Гаднах талбай нь ч хог новшиндоо дарагджээ. Мэдээж энэ “Хүчит шонхор” захыг дагаж бий болсон жижиг бизнес.
Д.Ганзориг: Захуудыг хотоос зайдуу аваачвал замын түгжрэл багасна гээд байгаа. Үнэхээр л тийм бол хотоос нүүлгэх шийдвэрийг дэмжинэ.
Хүчит шонхор захын хаалгаар орлоо. Махны зах болоод ч тэр үү, эхүүн үнэр хамар цоргиж, дотор муухайруулна. Хаа сайгүй л тэргэн дээр мах ачсан хүмүүс, “Хойшоо, урагшаа, наашаа, цаашаа, холдоорой” гэж хашгираад л, сүрдмээр ч юм шиг.
Max авах гэж ирсэн хүмүүс ч үйлээ үздэг бололтой. Нэг хэсэг “Хүчит шонхор” зах хог новшиндоо дарагдаад, хөл гишгэхэд ч хүндхэн болсон байсан.
Харин одоо хог гэхээр юм харагдсангүй. Цэвэрлэгч нар дор бүр нь шүүр, хүрз бариад цэвэрлэж байгаа харагдсан. Гэхдээ баруун хойд буланд овоолсон, хаягдал үнэхээр аймаар. Малын гэдэс дотроос эхлээд, толгой шийр, үс ноос гээд нэлээд юм овоолоод орхижээ. Гэхдээ үүнийг нь хүмүүс ялгаж авдаг бололтой дөрөв таван эмэгтэй зогсч байсан юм. Ингээд бид жижиглэн худалдааны хэсэг рүү орлоо.
Гаднахаасаа ч муухай, хутга барьсан, арчсан, мах огтлосон хүүхнүүдйин дүр зүргийг харж болно. Энэ мэт хэцүүхэн дүр зураг, үйл явц “Хүчит шонхор” захад өрнөнө. Энэ бол хотын төвд байж боломжгүй зураглал байгаа биз. Тийм ч учраас хотын удирдлагууд түм түжигнэж, бум бужигнасан томоохон захуудыг нүүлгэх тухай ам ангайгаад буй. Тэгвэл “Хүчит шонхор” захыг нүүлгэх дараах таван шалтгаан байна.
ШАЛТГААН-1: “Хүчит шонхор” зах нь ихэвчлэн бөөний худалдаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүмүүс махаа авчраад ченжүүдэд бөөндөнө. Харин ченжүүд нь дэлгүүрийнхэнд шахчихна. Ер нь бол хүмүүс ганц, хоёр кг мах авахаар “Хүчит шонхор”-ыг зорих нь тун ховор, бараг л үгүй. Голдуу гулуузаар нь л авдаг. Тиймээс уг захыг хотоос холдуулахад буруу зүйл байхгүй. Хотоос нүүлгэснээр автозамын ачаалал 20 битгий хэл хувиар буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.
ШАЛТГААН-2: Хамгийн хачирхалтай нь энэ зах махных гэхээсээ илүүтэй машиных уу гэж эндүүрмээр. Захын хашаа дүүрэн машин. Булан тохой, нүх бүрт нь машин эгнүүлэн тавьсан байна. Талбайн гол хэсэгт нь мах зарж байгаа зай завсаргүй машин чигжжээ. Дээрээс нь Дэнжийн мянгын зам гэж там. Дэндүү нарийхан, энд тэндээ энхэл, донхолтой. Тиймээс 09:00 цаг гээд л энд битүү түгжрэл үүснэ. Энэ талаар тус зах дээр зогсдог П.Цэрэндорж “Дэнжийн мянгын зам үнэхээр хүндрэлтэй. Хуучин бараан зах байсан газар дахиад зах байгуулагдсан. Тийм болохоор “Шонхор” захын хажуу талын зам өдөр бүр түгжирдэг. Ажлаа амжуулна гэдэг бэрх шүү. Одоо бүр зам засварлах нэрээр байгаа зарим хэсгийг нь хаачихдаг. Энэ нь бүр л тээр болж байна. Амралтын өдрүүдэд бол хэлэх ч юм биш. Автомашины түгжрэл гамшигийн хэмжээнд хүрнэ шүү дээ” гэсэн юм.
ШАЛТГААН-З: “Хүчит шонхор” захад ШӨХТГ-аас шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсэн. Тиймээс захын удирдлагыг 110 сая төгрөгөөр торгохоор болсон удаатай. Ижил хэмжээтэй талбайтай түрээслэгчдээс харилцан адилгүй түрээс авч байсан, энэ дутагддаа арилгахгүй удсан гэх зэрэг олон зөрчил нь ийн торгох үндэслэл болсон гэдэг.
Тэгвэл одоо ч гэсэн дэндүү өндөр түрээс авч байна. Тодруулбал, тус захад махны павильон түрээсэлж буй хүмүүс сард 800 мянган төгрөг төлдөг. Хүнс, барааныхан нь сард 450 мянган төлдөг гэсэн. Харин өглөө машинтай ороод махаа бөөндөөд гарч байгаа хүн 15 мянган төгрөг тушаадаг гэсэн. Ерөнхий нягтлангийнх нь хэлснээр тус захад 600 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг юм байна.
ШАЛТГААН-4: Max бол монголчуудын нэг номерийн хүнс. Тийм ч учраас эрүүл ахуйн шаардлага хангасан байх хэрэгтэй. Хөрсний бохирдолгүй, цэвэр орчинд махыг худалдах учиртай. Гэтэл тус зах задгай талбайд мах худалдаалж буй юм. Дэнжийн мянга орчим нь тэр чигээрээ гэр хорооллоор хүрээлэгдсэн. Мэдээж энд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Шороо тоос, агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Хажууханд бараг залгаа шахам оршуулгын газар байдаг. Тэр ч бүү хэл нийслэлчүүд бид машины утаагаар утсан мах идэж байж мэдэх юм. Учир нь “Хүчит шонхор” машины зах болсон гэдгийг дээр дурьдсан шүү дээ.
ШАЛТГААН-5: Энэ захад Цагдаагийн хэсэг гэж алга. Уг нь томоохон захууд дээр цагдаа нар ажиллах учиртай. Гурван сарын өмнө Цагдаагийн хэсэг нь татан буугдсан гэнэ. Түм түжигнэсэн энэ захын хувьд архидалт, гэмт хэргийн асуудал багагүй бий. Саяхан “Хүчит шонхор” захын гаднах талбайд Баянгол дүүргийн VII хорооны иргэн Э хонины мах худалдаалах гэж байхад нь Чингэлтэй дүүргийн XII хороонд оршин суугч 51 настай М гэгч бусадтай бүлэглэн залилсан хэрэг гарсан байдаг. Иргэн Э-гийн 132 кг хонины махыг жин хэмжүүр дээр буруу жинлэж 90 кг болгож 243 мянган төгрөгийн хохирол учруулж, залилсан аж. Энэ мэт маргаантай болоод залилангийн хэрэг тус захад цөөнгүй гардаг. Бүр осол аваар ч гарах нь бий. Өнгөрсөн тавдугаар сард “Хүчит шонхор” захын хашаан дотор “Prius” маркийн автомашины жолооч явган зорчигчийг мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ бүхэн тус захын эмх цэгцгүй, зохион байгуулалт оновчгүй байдгаас үүдэж гардаг гэдгийг албаныхан хэлдэг.
Дээрх шалтгаанууд “Хучит шонхор” захыг нүүлгэх тодорхой үндэслэл болох биз. Үйл ажиллагаагаа эхлүүлээд 20 гаруй жил болж буй энэ захыг хотоос нүүлгэхэд эсэргүүцэх хүн цөөн байх болов уу. Түрээслэгчид нь хүртэл захыг хотын төвөөс нүүлгэх саналыг дэмжиж байсан.
Тус зах дээр гурил, будаа зардаг Д.Ганзориг “Захуудыг хотоос зайдуу аваачвал замын түгжрэл багасна гээд байгаа. Үнэхээр л тийм бол хотоос нүүлгэх шийдвэрийг дэмжинэ. Дагахаас ч өөр аргагүй гэж бодож байна” хэмээсэн. Тиймээс хотын удирдлагууд захуудыг нүүлгэх ажлаа түргэвчилвэл буруутахгүй биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!