Одоогоос 45 жилийн тэртээ Хүдэрийн тэжээлийн аж ахуй болон байгуулагдаж, хүн ард нь өдгөө мал аж ахуй, газар тариалан эрхлэн амьдарч буй Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дөрөвдүгээр сарын 3-нд галт тэрэгний дуут дохио анх удаа хангинасан.
Энэ нь Монгол Улсын төмөр замын түүхнээ нэгэн цоо шинэ хуудас нээгээд зогсохгүй тус бүс нутгийг хүнд аж үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн бүрэлдэхүүн нутаг болж буйг тунхаглалаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд орших, Монголын стратегийн 16 ордод багтдаг Төмөртэйн ордыг түшиглэн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд барьсан энэхүү 40 гаруй км төмөр замыг ашиглалтад оруулж, төмрийн хүдэр ачсан анхны цуваа Төмөртэй өртөөнөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг чиглэн хөдөлсөн нь энэ юм.
Үүнд, хөрөнгө оруулагчаар “Кью Эс Си”, үндсэн гүйцэтгэгчээр “Монголиан рэйлвэй корпорэйшн”, “Пик девелопмент”, “Хөтөл керамзит”, “Максимал” компани болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ажиллажээ.
Төслийн нээлтийн үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн ерөнхий захирал Д.Батжавхлан, Хандгайт-Төмөртэйн энэхүү төмөр замыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатад шилжүүлэн өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, үндэсний компаниудын хамтран барьсан уг замыг төрийн өмчид шилжүүлснээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Монголын төмөр зам” цаашид хариуцан явуулна.
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Зам тээврийн сайд М.Зоригт болон гүйцэтгэгч компаниудын удирдлагууд оролцсон.
Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд өөрийн эрхлэх ажлын хүрээнд бэлэн болсон уг төслийн талаар гурван зүйлийг онцлон тэмдэглэсэн юм.
Юуны өмнө Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хийгдэж буй хамгийн анхны, тэр дундаа үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө хийж гүйцэтгэсэн хамгийн том бүтээн байгуулалтыг Засгийн газрын 2013 оны тогтоолын дагуу концессоор хийхдээ маш богино буюу нэг жил долоон сарын хугацаанд дуусгасныг онцлов.
Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцийн суурь бүрэн тавигдсан ач холбогдлыг дурдаад “Ийнхүү “Монголын төмөр зам” үндэсний төмөр зам, хөдөлгүүр, үндэсний ажилтантай болох суурь тавигдлаа. Сэлэнгэ, Дарханы бүсэд амьдарч байгаа хүмүүсээс инженер, техникийн ажилтнууд төрөн гарах зам нээгдэж, Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэн мандалт эхэлж байна” хэмээн хэлсэн.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн 1998 оны үед Хүдэр, Ерөө сумдаар явж, тус сумуудыг холбосон төмөр зам, авто зам барина хэмээн нутгийн иргэдэд танилцуулж байх үед үлгэр мэт санагдаж байсан уг яриа өдгөө ийнхүү биеллээ олсонд нутгийн иргэд ч талархаж байгаагаа илэрхийлсэн билээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг.
Ган үйлдвэрлэх гол түүхий эдийг үйлдвэрт нь хүргэх энэхүү төмөр зам ашиглалтад орсноор орон нутгийн иргэд мэргэжлийн сургалтад хамрагдах, ажлын байраар хангагдах, сүү, цагаан идээгээ үйлдвэрт нийлүүлэх зэргээр амьдралаа дээшлүүлэх олон боломж урган гарч ирж байна.
Түүнээс гадна өмнөх шигээ хүнд даацын авто машинууд сүлжилдэхгүй болсноор байгаль орчинд ч таатай нөхцөл бүрдүүллээ.
Энэ талаар “Монголчууд үйлдвэрлэлийн том бүтээн байгуулалтыг цогцоор нь хийж чаддаг гэдгээ харууллаа. Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийг харж байхад автозам, ус, төмөр замын асуудал бүрэн цогцоороо шийдэгдээгүйн улмаас эскпорт, тээвэрлэлт, үйлдвэрлэл бүрэн чадлаараа ажиллах боломж дутаж байна.
Сэлэнгэ, Дарханы нутагт байгаа Төмөртэйн ордын хувьд технологийн бүх шат дамжлагаа бүрэн хийж чадсан.
Харин Сэлэнгэ, Дарханы нутагт байгаа Төмөртэйн ордын хувьд технологийн бүх шат дамжлагаа бүрэн хийж чадсан.
Ингэснээр Монгол Улсын ирээдүйд асар их хувь нэмэр оруулсан хүнд үйлдвэрлэлийн томоохон бүс болон хөгжинө.Түүнээс гадна хүнд үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй, зохистойгоор хөгжүүлэх үлгэр дууриал болно” хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэмдэглэн хэлсэн.
Хандгайт-Төмөртэйн төмөр замыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Улсын комисс хүлээн авч, сайн барьсан хэмээн үнэлснийг нь баталгаажуулж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртээснийг дурдах хэрэгтэй болов уу.
Төмөр замын нийт хүчин чадал нь жилд найман сая тонн төмрийн хүдэр зөөвөрлөх. Гэхдээ одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй гэдгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ерөнхий захирал Д.Батжавхлан хэлсэн. Энэ нь түүхий эдийн үнийн уналт, барилгын салбарын зогсонги байдал, экспорт хумигдсантай холбоотой аж.
Гэсэн ч “Зах зээл үргэлж уналттай байдаггүй. Эргээд сэргэж таарна. Бид сэргэлтийг хүлээлгүй, ирээдүйн өгөөжөө бодож бүтээн байгуулалтаа зориглон урагшлуулж байна. Ингэснээр цаашид ямар нэгэн хямралыг ажралгүй давна. Олон мянган ажлын байр бий болно. Орон нутагт төлөх татварын хэмжээ өсөх зэргээр үр шимийг нь иргэд хүртэнэ.
Түр явуулсан байсан ажилчдаа бид энэ сарын дундаас эргүүлэн дуудаж, тавдугаар сарын 1-нээс ажиллуулахаар төлөвлөсөн” хэмээн өөдрөгөөр төсөөлж буйгаа илэрхийлсэн юм.
Үүнээс 110 сая ам.долларыг нь Хандгайт-Төмөртэйн төмөр зам барихад зарцуулжээ. Эл төмөр замын үйл ажиллагааг хариуцах “Монголын төмөр зам” ТӨХК анхныхаа суурь бүтцийг хүлээн авч байгааг гүйцэтгэх захирал Д.Ганбат дурдаад энэ жил нэг сая тонн төмрийн хүдэр тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.
Тээвэрлэлтийн нэгдсэн тарифаа хараахан тогтоогоогүй байгаа ч эдийн засгийн хүндрэл, түүхий эдийн үнийн уналттай энэ үед үйлдвэрлэгчдэд дарамт болохгүйгээр уян хатан бодлого явуулж, улс орны ирээдүйн ач холбогдлыг чухалчилж байгаа гэдгээ нуугаагүй юм.
Ийнхүү монголчууд хүний гар харах бус, өөрсдийн хүч хөдөлмөрөөр байшин барилгаа барьж, замаа өөрсдөө тавьж, өөрсдийн хүчээр улс орноо хөгжүүлж чадна гэдгээ дахин батлан харууллаа.
Тэр тусмаа аж үйлдвэрийн хөгжлийн суурь дэд бүтэц болох төмөр замыг ч өөрсдөө барьж чадсан бахархам түүхийн гэрч нь та бид болж байна. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Өөр хэн ч биш.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!